Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 08

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, шүүгч Б.Цэрэнханд, шүүгч Б.Баярцогт \илтгэгч шүүгч/ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Ганзориг, Д.Хосбаяр, Б.Батбаатар, Ц.Хүрэлбаатар, О.Батнасан нарын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бусад тооцуулж, тус хуралдаанаас гарсан бүх тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батбаатар, Ц.Хүрэлбаатар, О.Батнасан, тэдгээрийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Ч.Ганзориг, Д.Хосбаяр, Б.Батбаатар, Ц.Хүрэлбаатар, О.Батнасан нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Сүхбаатар аймагт явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын нам 16, Ардчилсан нам 16 төлөөлөгч тус тус сонгогдон маргаантай байсан Дарьганга сумын 3 дугаар тойрогт явагдсан дахин сонгуулийн дүнгээр П.Мөнхжаргал үнэмлэхүй ялалт байгуулж, төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу түр үнэмлэхээ авсан төлөөлөгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, энгэрийн тэмдгийг гардуулж ёсчлох үүрэгтэй. 

Гэвч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагыг хэрэгжүүлж байгаа Монгол Ардын намын бүлэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид дээрхи асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдаж намын бүлгүүдийн хооронд маргаан үүссэн. Үүнтэй холбоотойгоор П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, Дарьганга сумын ард иргэдийн сонголтыг баталгаажуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг тогтворжуулж, гацаанаас гаргах, улмаар аймаг орон нутагт үүсээд байгаа улс төрийн хямралт нөхцөл байдлыг арилгах талаар Ардчилсан намын бүлгээс бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. 

          Хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг, олонхийн зарчмаар асуудлаа шийдвэрлэдэг улс төрийн институт билээ. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар Дарьганга сумын 3 дугаар тойрогт сонгогдсон П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулах талаар зөвшилцөх уулзалт хийх, хүсэлт хүргүүлсэн. Дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, шийдвэрлэхгүй бол Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцохгүй талаарх улс төрийн шийдвэрийг мөн хүргүүлсэн. 

          Ингээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29 дугаар албан бичгээр тус асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй гэсэн албан бичгийн хариуг өгсөн. 

Монгол ардын намын бүлэг 16 төлөөлөгчтэйгээр ээлжит гуравдугаар хуралдааныг ирц бүрдээгүй байхад зохион байгуулж аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсвийн төсөл, 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. 

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон практикаар сонгуулийн үр дүнгээр ард түмний сонголтоор олонх болсон нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтоо дээрх бодлогын баримт бичгүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Гэвч сонгуулийн үр дүнгээр 17 төлөөлөгч сонгогдож олонх болсон манай намын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтуудыг тусгах бүх нөхцөл боломжийг хааж, улмаар хурлын ирц бүрдээгүй байхад хуралдуулж, хүч түрсэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн нь манай намд саналаа өгсөн ард түмэн, сонгогдсон төлөөлөгч нарын бүрэн эрхэд халдаж, эрх ашгийг нь хохироосон хууль бус үйлдэл юм. 

Энэхүү 2017 оны 02 сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэл, сум дүүргийн хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “ энэ хуулийн 24.1, 24.2-т заасан “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг илэрхий зөрчсөн үйлдэл боллоо. Мөн иргэдийн төлөөлөгчдийн Хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж гомдолд дурдагдаж буй бодлогын баримт бичгийг хэлэлцээгүй нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 “төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх,” 17 дугаар зүйлийн 17.1.3 “тэгш хүртээмжтэй байдлыг хангасан эсэх, 19 дүгээр зүйлийн 19.2.1 хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд” гэж заасан зарчим, шаардлагуудыг тус тус зөрчсөн байна. 

Иймд ирц бүрдээгүй байхад хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны ээлжит 3 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцож, тус хурлаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Б.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Гуравдугаар хуралдаанд МАН-аас сонгогдсон 16 төлөөлөгч хуралдаж хэлэлцэх асуудлуудаа шийдсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи нь ирсэн тохиолдолд хурал хүчинтэй гэж заасан байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи болсон нам, эвсэл өөрсдийн мөрийн хөтөлбөр, амласан амлалтаа хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрддэг. Гэвч МАН хүч түрсэн байдлаар хуралдаан хийж асуудлыг шийдээд явж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж сонгогдохдоо тодорхой хэмжээний хөрөнгө санхүүг хувиасаа гаргаж сурталчилгаа материалд зардаг. Гэтэл нэр дэвшиж сонгогдсон бид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг нь бидний эрх ашиг хөндөгдөж байна гэв.

Нэхэмжлэгч О.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Ардчилсан нам 17 суудал буюу олонхийн санал авсан. Гэвч бидэнд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж одоог болтол олдохгүй явж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд олонхоороо хуралдана гэж заасан байдаг ч МАН-аас сонгогдсон төлөөлөгч нар ирц дутуу хуралдаж хууль зөрчсөн учраас тухайн хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төсвийн асуудлыг хэлэлцсэн. Хурлыг хийхдээ 50+1 буюу олонхи ирсэн тохиолдолд тухайн хурал хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл 16 төлөөлөгч буюу 48,4 хувийн ирцтэйгээр хуралдсан нь хууль бус үйлдэл юм. Энэ миний ямар эрхийг зөрчиж байна вэ? гэхээр би Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихдээ тухайн суманд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт оруулж шийдвэрлүүлэх гэж ард түмний итгэлийг авч сонгогдсон. Гэтэл миний мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх Онгон сумын иргэдийн надад итгэсэн итгэлийг ажил болгон хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа нь миний эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Би аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр 6 удаа сонгогдож байсан. Ингэхдээ анх удаа цөөхүүлээ ирц хүрэлгүйгээр хуралдаж байгааг үзлээ. Урьд нь бид цөөнхи, олонхи, ойролцоо ч байсан. Гэхдээ тухайн үедээ хоорондоо ярилцаад, эвлэрээд хуралдаад олонхиороо асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Харин энэ удаагийн үйлдэл бол дэндүү хууль бус үйлдэл учраас нэхэмжлэгчээр оролцож байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У.Болдхүү  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаас гарсан баримт бичгүүд дандаа бодлогын баримт бичгүүд байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэж санал хураалтын зарчмаар олонхийн саналаар батлагдаж гардаг. Тухайн үед бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдсөн 16 төлөөлөгч, түр үнэмлэхээ авсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх үйлдлийг идэвхитэй хийсэн. П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой байсан гэдгийг П.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдсэн. Хоёр тал хоёулаа 16 төлөөлөгчтэй тэнцүү байгаа учраас ирц бүрдэхгүй. Ийм нөхцөл үүссэн болохоор хурлыг бүрэн бүрэлдэхүүнээр  нь хуралдуулах асуудал чухал байсан. Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 тоот албан бичгээр П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. 

П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болж байж өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэх байсан учраас энэ хууль бус хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс 50 хувь нь ирсэн учраас олонхи гэж үзэж хуралдсан гэж хариу тайлбар өгсөн байдаг. Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олонхи гэдгийг яг тоочилж зааж өгөөгүй ч Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд УИХ-ын хуралдаан 39 гишүүн ирсэн тохиолдолд олонхи гэж нарийвчилж заасан байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанд 33 төлөөлөгчийн 16 төлөөлөгч нь ирсэн. Иймээс гуравдугаар хуралдааныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож хурлаас гарсан 5 тогтоолыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Эдгээр тогтоолууд хүчингүй болсноор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи болсон Ардчилсан намын зүгээс ард иргэддээ өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэж тэдний төлөө саналаа өгсөн сонгогчдын эрх ашиг хамгаалагдах эрх зүйн үр дагавар гарах байсан. Мөн хурлаас гарсан бодлогын баримт бичгүүд нь өөрөө Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг зөрчиж гарсан байдаг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тухай хуулиар бодлогын баримт бичигт тавих шаардлагууд байдаг. 5 дугаар зүйлийн 5.1.3-д Төрийн бодлогын залгамж халааг хангасан байна, 7 дугаар зүйлийн 7.1.3-д Тэгш хүртээмжтэй байдлыг хангасан байх ёстой, 19 дүгээр зүйлийн 19.2.1-д эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгийн саналыг авах гэсэн заалтуудыг зөрчсөн. Энэ батлагдсан төсөв, тогтоолуудыг батлахдаа Ардчилсан намын төлөөлөгчдөөс ямар ч санал аваагүй, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл, заалт оруулаагүй.  Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ардчилсан намын нэр бүхий төлөөлөгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  байна. 

2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Монгол улс даяар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болсон. Уг сонгуулиар МАН 17 суудал, АН 16 суудлын санал авсан. Аймгийн хэмжээнд нийтдээ 29000 гаруй хүн саналаа өгсөн байдгаас 17000 хүн МАН-ын төлөө, 12000 хүн АН-ын төлөө саналаа өгсөн байдаг. Ардчилсан намын нэхэмжлэлтэй хэрэг бүтэн 5 сар гаруй хугацаа өнгөрсний эцэст анхдугаар хуралдааныг хуулийн хүчин төгөлдөр байна гэж шүүхээс хүлээн зөвшөөрсөн. 

Аливаа асуудлыг хуралдаан дээрээ сууж өөрийн хувийн эрх ашиг болон нам, сонгосон ард иргэдийнхээ эрх, ашгийн төлөө дуугарч асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн сонгогчдынхоо төлөө хуралд яагаад суухгүй байгааг би ойлгохгүй байна. Тухайлбал хоёрдугаар хуралдаанаар төсөв тодотголын асуудал хэлэлцэхэд ардчилсан намын төлөөлөгчдийн зүгээс нэг ч хүн суугаагүй. Гуравдугаар хуралдааныг хуулийн хүрээнд 15 хоногийн өмнө зарлаж бүх төлөөлөгч нарт хурлын товыг мэдэгдсэн. 16 төлөөлөгч ард түмнээ гэж бодсон бол хуралдаандаа суух л ёстой байсан. 

Гуравдугаар хуралдаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөр баталсан, төсөв хэлэлцсэн, баримтлах үндсэн чиглэлээ баталсан чухал хуралдаан болсон. Ардчилсан нам 8 жил засаг барьсан. Энэ үед МАН цөөнхи байсан ч өөрсдийн санал бодлоо тусгаад л явдаг байсан. Өнөөдөр та нар 16 -лаа орж ирээд төсөв, баримтлах үндсэн чиглэл зэрэгт саналаа хэлээд тусгуулаад хоёр талаасаа батлалцах ёстой байсан. Гэтэл хуралд суухгүй гэсэн бичгийг 1 цаг 20 минутын өмнө та нар өгч байсан. 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 02 сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд эхлэхэд хуралдаанд Ардчилсан намаас 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-т “ хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх” ..-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Харин төлөөлөгч Д.Шижирбаатар, Б.Ганцогт нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт 32 төлөөлөгчөөс 2 нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас оролцох боломжгүй. 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй. 16 төлөөлөгч ирж 50 хувийн ирцтэй олонх бүрдсэн тул хуралдааныг хуралдуулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад нийцсэн.

        Харин Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид хуралдаанд оролцоогүй нь төрийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэх, шударга ёсыг хангаж, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, итгэлийг нь авч сонгогдсон иргэдийг төлөөлөх, төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах иргэдийн эрхийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн нь хууль бус үйлдэл болсон. 

         Аймгийн төсөв, Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж батлах нь аймаг орон нутгийн болон иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн, цаг хугацааны хувьд хойшлуулах ямар ч боломжгүй, зайлшгүй хэлэлцэж баталвал зохих ач холбогдол бүхий асуудал байсан учраас хурлыг хуралдуулж зохих шийдвэрийг гаргасан. 

Өнөөдөр хурлыг хүчингүй болгоно гэж ярьж байна. Төсөв хэлэлцсэн, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж тавьчихсан. Аймагт хийгдэх ажлууд дээр тендер зарлагдаад ажлууд нь эхлээд явж байгаа. Энэ бүхнийг хэн хариуцах вэ? Та нар хариуцах юм уу? Хурлын дарга гэж ярьж байна. Хурлын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүйг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Тэргүүлэгчдийн хурлаараа ярилцаад шийддэг. Өнөөдөр 60000 хүний эрх ашгийн төлөө үүнийг хийхээс өөр аргагүй байсан. Тэр 60000 хүнийг биш юм аа гэхэд өөрсдийн чинь төлөө саналаа өгсөн хүмүүсийн эрх ашгийн төлөө явах ёстой байсан. Тэр 60000 хүнээс МАН-ын төлөө саналаа өгсөн хүмүүс байгаа. Бид тэдний төлөө л энд сууж байгаа. Би хоёр намын удирдлагуудад хоорондоо уулзая, эвлэрэе, тохиролцоё гэж хэлж холбогдож байсан. Гэвч над дээр энэ 16 төлөөлөгчийн хэн нь ч ярилцая, уулзая гэж ирээгүй.

Ийнхүү хуралдсан нь хууль ёсны бөгөөд гаргасан шийдвэрүүд нь аймгийн ард иргэдийн эрх ашигт нийцсэн, аль нэг байгууллага, иргэдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулаагүй, тэр дундаа Ардчилсан намын болон Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн эрх ашгийг хөндөөгүй, хохирол учруулаагүй тул хуралдааныг хууль бусад тооцох, шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар тайлбартаа зардлын асуудал ярьж байна. Сонгуульд нэр дэвшихийн тулд зардал гаргасан гээд энэ зардлаа олж авах гээд байгаа юм шиг юм яриад байна. Мөн өмгөөлөгч нь П.Мөнхжаргалын асуудлын талаар ярьлаа. Өнөөдөр энд өөр маргаан яригдаж байна. Гэтэл П.Мөнхжаргалын асуудлыг эцэслэн шийдэгдсэн юм шиг яриад байх юм. Энд чинь шүүхийн шийдвэрийг цаашаа давах миний эрх хаана явна вэ?. Зардал мөнгө нэхээд байгаа юм бол тэрийгээ иргэний хэргийн журмаар шийдүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан. Өнөөдөр анхдугаар хуралдаан хүчин төгөлдөр болохыг тогтоосон Улсын дээд шүүхийн 444 дүгээр шийдвэр гарсан. Гуравдугаар хуралдааны явцад Ушаандар гэх хүн П.Мөнхжаргалын асуудлыг хэлэлцэхгүй бол Ардчилсан намын гишүүд хуралдаанд оролцохгүй гэсэн албан бичиг барьж ирсэн. Гэтэл тухайн хүн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хэлэлцэх асуудал оруулж ирэх субьект биш байсан. Тиймээс тухайн асуудлыг хэлэлцээгүй.

         Өнөөдөр ардчилсан намаас сонгогдсон 5 төлөөлөгч  бүлэг гэсэн үүднээс нэхэмжлэл гаргасан байна. Бүлэг байгуулсан шийдвэр, тогтоол байна уу?. Бүлгийн асуудлыг анхдугаар хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан. Нийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа бол өнөөдөр та бүхэн хуралдаандаа суугаад хамгаалах ёстой.   Хуулийн 23.8-т “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”. 23.9 “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан. Д.Шижирбаатар, Б.Ганцогт гэдэг хоёр төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсноо албан ёсоор хурлын даргадаа утсаар мэдэгдсэн байна. Ингээд 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, 2 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай, 16 төлөөлөгч оролцсон учраас хууль ёсны гэж үзэж байгаа юм. Хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүд нь хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу батлагдсан. Хэрвээ энэ тогтоол хүчингүй болно гэж үзвэл төрийн албан хаагчдын цалин, аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил зэрэг бүгд зогсох байсан. Энэ бүхнийг нийтийн эрх ашгийн үүднээс бодлогын баримт бичгээр хийгдсэн гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Батбаатар, О.Батнасан, Ц.Хүрэлбаатар нарын нэхэмжлэлтэй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуралд оролцлоо. Хэргийн материалтай танилцаад хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        

           Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бусад тооцуулах , уг хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,      нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирээгүй байхад буюу 16 төлөөлөгч оролцуулан ирц дутуу хуралдуулан хууль зөрчсөн гэж тодорхойлжээ.

           Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг батлан,  аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/46 тоот албан бичгээр Хурлын төлөөлөгч бүрт мөн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/45 тоот албан бичгээр Сүхбаатар аймгийн Ардчилсан намд аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цагт болох гуравдугаар хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж, хуралдааны хөтөлбөр болон хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хүргүүлсэн байна.

          Аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрт хурлын тов мэдэгдэж, хэлэлцэх асуудалтай холбоотой материал тараасан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд ээлжит гуравдугаар хуралдааны товыг мэдэгдсэн , хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн талаар маргаагүй болно. 

          Сүхбаатар аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолоор 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн  зөвшөөрсөн бөгөөд ээлжит гуравдугаар хуралдааныг хуралдах үед бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгч  байснаас хуралдаанд  Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгч хүрэлцэн ирж,  Ардчилсан Намаас нэр дэвшин сонгогдсон 16 төлөөлөгчөөс Д.Шижирбаатар, Б.Ганцогт нарын 2 төлөөлөгч  хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй, 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь гуравдугаар хуралдааны тэмдэглэл, хуралдаанд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн ирцийг бүртгэсэн баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон бөгөөд ирвэл зохих 30 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч буюу олонхи нь хүрэлцэн ирсэн байх тул шүүх уг хуралдааныг хууль бусад тооцох үндэслэлгүй гэж үзлээ.   

         Тодруулвал: Хурлын төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирж оролцоогүйгээс үүссэн үр дагаварыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-т тусгайлан зохицуулснаас дүгнэхэд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд зориудаар оролцоогүй тохиолдолд хуралдаанд оролцсонд тооцохоор буюу хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаас нь хамаарч үр дагаврыг нь тооцохоор зохицуулжээ.  

         Улмаар хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд ээлжит 3 дугаар хуралдаанд  Ардчилсан намаас 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй бөгөөд  төлөөлөгч Д.Шижирбаатар, Б.Ганцогт нар хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухайгаа надад утсаар албан ёсоор мэдэгдсэн гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал  үгүйсгээгүй тул бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгчөөс 2 нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хуралд оролцох боломжгүй, 14 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй, хүрэлцэн ирсэн 16 төлөөлөгчийг олонхи бүрдсэн гэж хуралдааныг хуралдуулсныг буруутгах боломжгүй байна.

           Уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар “Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хурлын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” 01, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах тухай” 02, “Үндсэн чиглэл батлах тухай” 03, “Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 04, “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 05 тоот тогтоолуудыг хэлэлцэн баталсан байна.  

           Ээлжит гуравдугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг  мэдсээр байж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан Намаас  Дарьганга сумын сонгогчдын олонхийн саналыг авсан төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхгүй тул оролцохгүй гэж мэдэгдэж 14 төлөөлөгч  тухайн хуралдаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”  гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

          Нэхэмжлэгч нар нь Ардчилсан Намаас  нэр дэвшин сонгуульд оролцсон боловч иргэдийн саналаар  аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байтал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан / асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах/ бүрэн эрхээ хэрэгжүүлэхээсээ татгалзан тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн чухал асуудал болох  “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай”, “Үндсэн чиглэл батлах тухай”, “Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаанд оролцоогүй нь тэдэнд итгэл өгч сонгосон иргэдийг төлөөлөх, төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах иргэдийн эрхийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

          Мөн шүүх ээлжит гуравдугаар хуралдааны ирцийг бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 32 төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаантай 2 төлөөлөгчийг хасаж, 30 төлөөлөгч үүнээс хуралдаанд хүрэлцэн ирсэн 16 төлөөлөгч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй 14 төлөөлөгч гэж тооцон, ирвэл зохих 30 төлөөлөгчөөс хүрэлцэн ирсэн 16 төлөөлөгч буюу олонхи ирсэн гэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй 14 төлөөлөгчийг  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23. 9-т заасны дагуу хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулсан гэж үзэж, ээлжит гуравдугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг  тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 16 төлөөлөгчийн саналаар баталсан нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

           Иймд ээлжит гуравдугаар хуралдаан хууль ёсны болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8, 23.9, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Ганзориг, Д.Хосбаяр, Б.Батбаатар, Ц.Хүрэлбаатар, О.Батнасан нарын гаргасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааныг хууль бусад тооцуулах,  уг хуралдаанаас гарсан бүх тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭТУЯА

 

               ШҮҮГЧИД                       Б.ЦЭРЭНХАНД

 

                                                    Б.БАЯРЦОГТ