| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0039/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч И.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овогт Цагаанхүүгийн От холбогдох 1929000000018 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Цагдаагийн хэлтсийн байранд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...Жижүүрийн байранд эвдсэн зүйлүүдээ төлж барагдуулсан. Намайг “согтуу байгаа юм биш үү” гээд “үлээ” гэсэн, би амьдралдаа архи огт уудаггүй хүн. Намайг бие засъя гэхэд гаргахгүй байсан, мөн намайг “шоронгийн хадаас” гэж хэлэхэд нь би уурлахгүй байх аргагүй байсан. Би эвдэрсэн зүйлүүдийг нь төлөөд өгье гээд үнийг нь төлсөн. Бууг харин манай гэрт очоод эхнэрт хэлээд хурааж авчхаад бичиг баримтыг нь хүртэл өгөхгүй байсан. Би 2 хоног прокурорт хэлж байж бичиг баримтыг нь гаргуулж ирсэн. Энэ буу миний эзэмшилд 20-оод жил болж байгаа буу, харин би “ална” гэж хэлсний төлөө намайг шанаадаад унагасан. Намайг шоронгийн хадаас гээд байхаар нь би “заавал явах ёстой юм уу? тэгвэл би хэрэг хийсэн байж явдаг юм байгаа биз дээ. Би та нарыг ална” гэж л хэлсэн. Тэгээд компьютерийг нь 2-3 удаа хүчтэй хаасан. Би зүрхний өвчтэй, их зүйл ярихаараа салганадаг, бас амнаас хөөс гардаг. Түүнийг нь согтуу байна гэж үзсэн юм шиг байна лээ. Миний хувцасыг урсан, эмнэлэг дүгнэлт бичиж өгснийг нь ураад хаядаг юм байна лээ. Хохирол төлбөрт 3,310,000 төгрөгийг төлж барагдуулсан. Ийм үйлдэл гаргасан нь миний буруу.” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-12-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-н 18-33-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Жавхлангийн: “...Ц.О нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрч цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын өрөөний албанд ашиглагдаж байсан ширээ, драгер багаж, ус буцалгагч, нөүтбүүк зэргийг эвдэж гэмтээсэн, “...би ээлжнээс бууж амрахдаа жижүүрийн ширээн дээр нөүтбүүкээ үлдээгээд явсан. Уг нөүтбүкээр албаны ажлыг хийдэг байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 98-39-р хуудас/,
Гэрч Д.Батпүрэвийн: “...Ц.О гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан болохоор согтуурал шалгадаг драгер багажаа гаргаад “та энэ багажруу үлээгээд согтуурлаа шалгуулна уу” гэхэд эсэргүүцэж, согтуурал шалгадаг драгер багажийг миний гарнаас булааж аваад шалруу шидчихсэн. Багажаа аваад үзэхэд дэлгэц нь харлаад эвдэрчихсэн байсан. Ц.О нь улмаар танхайрах үйлдлээ зогсоохгүйгээр ... ширээг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж, тийрэхэд ширээний тавцан салаад дээр нь байсан нөүтбүүк, суурин компьютерын дэлгэц, ус буцалгагч зэрэг эд зүйлс доошоо унаж эвдэрсэн” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,
Гэрч А.Баттулгын: “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Lexus 470 маркийн 98-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2 согтуу хүн ангийн хашааруу орж ирсэн ... цагдаагийн албан хаагч нар ирээд хуулийн дагуу шаардлага тавьж байсан. Тэгтэл Ц.О гэх хүн цагдаагийн дэслэгч Батпүрэвийн мөрдөсийг хуу татаж газарт шидсэн. Мөн нүүрлүү нь салаавч гарган хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд машинд суулгаж хэлтэсрүү авч явах гэтэл өмнөөс нь нүүр, биеийн хэсэгрүү өшиглөж байсан. Сүүлд харсан чинь дэслэгч Батпүрэвийн хамраас бага зэрэг цус гарсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/,
Гэрч С.Нарантуяагийн: “...Ц.О нь Батпүрэвийн гарнаас согтуурал шалгадаг драгер багажийг булааж аваад шалруу шидсэн, ...жижүүрийн өрөөний ширээрүү өшиглөж тавцанг нурааж, ширээн дээр байсан нөүтбүүк газар унахад гутлын өсгийгөөрөө дэвссэн. Ширээн дээр байсан ус буцалгагчийн суурь газар унаж эвдэрсэн. Ц.О “эвдэх юмыг бүгдийг нь эвдчихээд, өнөө шөнө та нарыг буудаж ална. Миний машинд буу байгаа” гэх зэргээр заналхийлээд байсан” гэх мэдүүлэг /хх-н 50-52-р хуудас/,
Гэрч Б.Ууганбаярын: “...Ц.О хэлтэс дээр ирэхдээ илт согтуу харагдаж байсан. Ойртох үед амнаас нь архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 53-55-р хуудас/,
Гэрч Б.Төгөлдөрийн: “...цагдаагийн дэслэгч Батпүрэв, Жамъяангарав, дэд ахлагч Нарантуяа нарын тавьсан төлөв томоотой байх, тавьсан шаардлагыг биелүүлэх, согтуурал шалгуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримтыг үзүүлэх зэрэг шаардлагыг Ц.О огт биелүүлээгүй, занаад, агсараад байсан. Мөн цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөний ширээ, ус буцалгагчийн суурь, согтуурал шалгах драгер багаж, нөүтбүүк зэргийг эвдэж хэмхэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 56-58-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1187 дугаартай дүгнэлт,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/30 дугаартай дүгнэлт /хх-н 87-р хуудас/,
Ц.Оын гэрчээр өгсөн “...би 2 мөрдөсийг нь хуулж шидсэн, тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй ...Драгер багажаар намайг үлээлгэх гэсэн. Тэр үед нь “Чи эхлээд үлээчих” гэсэн чинь “чам шиг юм хүн үлээлгэдэггүй юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “энэ хүн шалгадаггүй юм бол энүүгээр яадаг юм” гэж хэлээд шалруу авч шидсэн, ...би өөрөө өөрийнхөө гараар эвдсэн зүйлээ төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-н 132-133-р хуудас/,
Ц.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 145-р хуудас/,
Ц.Оын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 135-144, 147-175-р хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-н 179-181-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Цагдаагийн хэлтсийн байранд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-12 дугаар хуудас/,
- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/49 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тухайн үеийн үйлд явдлыг харуулсан бичлэг бүхий СД 1 ширхэг /хх-н 26 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Жавхлангийн мэдүүлэг /хх-н 98-39-р хуудас/,
- Гэрч Д.Батпүрэвийн мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,
- Гэрч А.Баттулгын мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/,
- Гэрч С.Нарантуяагийн мэдүүлэг /хх-н 50-52-р хуудас/,
- Гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-н 53-55-р хуудас/,
- Гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-н 56-58-р хуудас/,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Оыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцэж улмаар хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагтаагийн хэлтсийн байрны эд хөрөнгөд хохирол учирсан болох нь
- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/30 дугаартай дүгнэлт /хх-н 87-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-12-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-н 18-33-р хуудас/
- Иргэний нэхэмжлэгч Г.Жавхлангийн: “...Ц.О нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрч цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын өрөөний албанд ашиглагдаж байсан ширээ, драгер багаж, ус буцалгагч, нөүтбүүк зэргийг эвдэж гэмтээсэн, “...би ээлжнээс бууж амрахдаа жижүүрийн ширээн дээр нөүтбүүкээ үлдээгээд явсан. Уг нөүтбүкээр албаны ажлыг хийдэг байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 98-39-р хуудас/,
- Гэрч Д.Батпүрэвийн: “...Ц.О согтуурал шалгадаг драгер багажийг миний гарнаас булааж аваад шалруу шидчихсэн. Багажаа аваад үзэхэд дэлгэц нь харлаад эвдэрчихсэн байсан. Ц.О нь улмаар танхайрах үйлдлээ зогсоохгүйгээр ... ширээг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж, тийрэхэд ширээний тавцан салаад дээр нь байсан нөүтбүүк, суурин компьютерын дэлгэц, ус буцалгагч зэрэг эд зүйлс доошоо унаж эвдэрсэн” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,
- Гэрч С.Нарантуяагийн: “...Ц.О нь Батпүрэвийн гарнаас согтуурал шалгадаг драгер багажийг булааж аваад шалруу шидсэн, ...жижүүрийн өрөөний ширээрүү өшиглөж тавцанг нурааж, ширээн дээр байсан нөүтбүүк газар унахад гутлын өсгийгөөрөө дэвссэн. Ширээн дээр байсан ус буцалгагчийн суурь газар унаж эвдэрсэн. Ц.О “эвдэх юмыг бүгдийг нь эвдчихээд, өнөө шөнө та нарыг буудаж ална. Миний машинд буу байгаа” гэх зэргээр заналхийлээд байсан” гэх мэдүүлэг /хх-н 50-52-р хуудас/,
- Гэрч Б.Төгөлдөрийн: “...Мөн цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөөний ширээ, ус буцалгагчийн суурь, согтуурал шалгах драгер багаж, нөүтбүүк зэргийг эвдэж хэмхэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 56-58-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийн улмаас учруулсан 3,310,000 /гурван сая гурван зуун арван мянган/ төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан /хх-н 179, 180, 181-р хуудас/, мөн иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-н 40, 44-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэсэн нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хянаад шүүгдэгч Ц.От 8,000 /найман мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/49 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж авсан цагдаагийн дүрэмт хувцас болох энгэр дээрээ D.BATPUREV, 18775 B/׀׀׀/ гэсэн бичигтэй хээрийн хүрэм 1 ширхэг, Alcotest 6820 Drager гэсэн бичигтэй согтуурал шалгах багаж 1 ширхэг, Samsung 275Е4V маркийн i3 нөүтбүүк 1 ширхэг, Apple.plus гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн ус буцалгагч 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохоор, бичлэг агуулсан CD 2 ширхэг, 8GB багтаамж бүхий флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээхээр тус тус шийдвэрлэв.
2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/08 дугаартай Прокурорын тогтоолоор хураан авсан Ц.Оын эзэмшлийн “Наган” маркийн буу 1 ширхэг, бууны ширэн хуй, сүмбэ 1 ширхэг, хуйны гэрэнд өрж хийсэн 38/59 сум 15 ширхэг зэрэг зүйлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт хамаарах эд мөрийн баримт болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Ц.О нь тухайн галт зэвсгийг харьяалах Цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй гэх үндэслэлээр хураан авах, бусад этгээдэд шилжүүлэхтэй холбогдох асуудлыг тухайн хэрэгтэй холбогдуулж шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Галт зэвсгийн тухай хуульд зааснаар тухайн асуудлыг холбогдох иргэн, Цагдаагийн байгууллага шийдвэрлэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жинчин овогт Цагаанхүүгийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Цагаанхүүгийн От 8,000 /найман мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан 8,000 /найман мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 5/49 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж авсан цагдаагийн дүрэмт хувцас болох энгэр дээрээ D.BATPUREV, 18775 B/׀׀׀/ гэсэн бичигтэй хээрийн хүрэм 1 ширхэг, Alcotest 6820 Drager гэсэн бичигтэй согтуурал шалгах багаж 1 ширхэг, Samsung 275Е4V маркийн i3 нөүтбүүк 1 ширхэг, Apple.plus гэсэн бичиглэл бүхий цайвар өнгийн ус буцалгагч 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхланд буцаан олгохоор, бичлэг агуулсан CD 2 ширхэг, 8GB багтаамж бүхий флаш 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээхээр тус тус шийдвэрлэсүгэй.
6. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/08 дугаартай Прокурорын тогтоолоор хураан авсан “Наган” маркийн буу 1 ширхэг, бууны ширэн хуй, сүмбэ 1 ширхэг, хуйны гэрэнд өрж хийсэн 38/59 сум 15 ширхэг, Галт зэвсгийн гэрчилгээг тус тус эзэмшигч Ц.От буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.От урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН