Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00029

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 607 дугаар шийдвэртэй,

*******н нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1974-06-01-нээс Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчин, 1980-06-10-наас тус сумын Худалдаа бэлгэлийн ангид манаач ачигчаар ажиллаж, байгаад 1982 оны 10 сард ажлаасаа гарсан юм. Гэтэл ажилд орсон гарсан тушаал архивт байхгүй байх тул улсад ажилласан жилийг маань тогтоож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зуйлиийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь 1974 оны 06 дугаар сарын 01-нээс 1980 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 10 наас 1982 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ******* миний бие шүүхэд 1974 оны 06 сарын 01-нээс малчнаар, 1980 оны 06 сарын 10-наас 1982 оны 10 сарын 30-ныг хүртэл Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, ачигчаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэрч , , нар намайг 1974-1977 онд малчнаар ажиллаж байсан талаар мэдүүлэг өгсөөр байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй, миний 1977-1980 онд цэрэгт явсан хугацааг, шүүх хуралдаан дээр асуулгүйгээр шууд малчнаар ажилласнаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 21-ний өдрийн 607 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлын талаар шийдсэн гэж гомдож байгаа. Нэхэмжлэгч ******* 1977-1978 онд цэргийн алба хаасан байдаг. Гэрч нар 1974-1977 онд малчин байсан талаар гэрчилсээр байтал, мөн нотлох баримт байхгүй байхад цэрэгт байсан хугацааг асууж тодруулалгүйгээр ажилласан жилд оруулан тооцсон нь нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарах гэхэд зөрчил болоод байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад цэрэгт байсан хугацааг ажилласан жил болгоод тооцчихсон. Гэтэл цэрэгт байсан талаар лавлагаа гараад ирсэн тул нийгмийн даатгалын байгууллага дээр зөрчилтэй нөхцөл байдал үүсээд байгаа учраас ажилласан жил дотроосоо 3 жилээ салгаж авах зорилгоор гомдол гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж байгаа хэрэгт шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Гэтэл шүүхээс уг асуудлыг тодруулж асуулгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс сум дундын шүүхийн 2007 оны 12 сарын 21-ний өдрийн 607 тоот шийдвэртэй *******ийн *******д холбогдох ажилласан байдал тогтоолгох хүсэлт бүхий хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан үзэв.

Анхан шатны шүүх 2007 оны хэргийн шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хугацаа алдсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэн гомдол гаргах хугацааг сэргээж, давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Иргэний зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг хүндэтгэн, давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1974 оны 06 сарын 01-нээс 1986 оны 06 сарын 10-н хүртэл малчин, тууварчин, 1980 оны 06 сарын 10-наас 1982 оны 10 сарыг дуустал Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, ачигчаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагаа гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэсэн байна.

******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 1977-1980 онд цэрэгт явсан хугацааг малчнаар ажилласнаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг 2007 оны 09 сарын 28-ны өдөр хүлээж авч, 2007 оны 10 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан атлаа уг захирамж, болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжууд нь дугааргүй, гэрч , , , нараас 2007 оны 09 сарын 21-ний өдөр авсан мэдүүлэг нь хууль зөрчиж авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасан. Гэтэл шүүх дээрх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа нэхэмжлэлийг шүүхэд хүлээн авахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж гэрчээр асууж, мэдүүлэг авсан байна. Ийнхүү нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх журам зөрчиж авагдсан нотлох баримт шийдвэрийн үндэслэл болсноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

Гэрч гийн мэдүүлэгт *******тай Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 06 сарын 01-нээс 1982 оны 10 сарын 25-н хүртэл хамт ажиллаж байсан. Тэр үед ******* нь манаач хийдэг байсан. Би тэр үед Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогч хийж байсан гэжээ. нь 1962 онд төрсөн бөгөөд 18 настай байсан, гэрч *******г манаач биш нярав хийж байсан талаар гэрчилсэн зэргээр гэрчүүдийн мэдүүлэгт зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлууд тусгагджээ.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо би 1977-1980 онд цэрэгт явсан байхад малчнаар ажилласан болгож тогтоосон нь үндэслэлгүй гэсэн байх бөгөөд 1977-1980 онд ажил эрхэлж байсан талаар гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг нь хуурамч нотлох баримт байжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д зааснаар хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 607 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ