| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0043/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч Ц.Урангуа, нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Иргэдийн төлөөлөгч: Н.Гомбожав,
Б.Бын хууль ёсны төлөөлөгч О.Мөнгөнчимэг,
Хохирогч, шүүгдэгч: Б.Б, У.Г,
Хохирогч, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Хохирогч, шүүгдэгч У.Ггийн өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есүхэй овогт Батмөнгөний Б, Хан хөгшин овогт Уртнасангийн Г нарт холбогдох 1829002520153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабад иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У.Г нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабын гадна иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, У.Г нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Эд баримтаар “...ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см 3мм урттай ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, бариул хэсэг нь 1 см 4 мм цагаан төмөр металл бүхий мэс заслын хутга 1 ширхэг, толгойн хэсгийн хар өнгийн үс....” /хх-ийн 14-р хуудас/
У.Ггийн хохирогчоор өгсөн:”...Би 2018 оны 10 дугаар сарын 14-нд найз нартайгаа хамт “ЖИ ЖИ” пабад сууж байхад гаднаас 4 хүн орж ирээд суусан. Манай найз охин Оогий зөөгчид “энэ хүмүүс насанд хүрээгүй хүмүүс байна шүү дээ, үйлчилж болдог юм уу” гэж хэлсэн чинь тэр зөөгч “хамаагүй ээ” гэхээр нь бид нар тоогоогүй сууж байсан чинь хар малгай, хар цамц өмссөн охин нь миний өөдөөс дунд хуруу гаргаад байсан. Тэгснээ манай ширээний хажууд хар цамцтай охин нь ирээд “хоёулаа гарчих уу “гээд байхаар нь би “эгчийн дүү ширээндээ очоод суу чамтай би юм ярихгүй” гэсэн миний цамцнаас барьж аваад дугтраад байсан. Тэгсэн тэнд байсан нэг танихгүй эгч босож ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд ширээн дээр сууж байсан тэр хар малгайтай охин муухай хараад салаавч гаргаад бүжиглээд байсан. Тэгээд би найзууд болох Баагий, Одноо эгч нөхөртэйгөө, Оогий бид нар гараад явсан тэгсэн Одноо эгч нөхрийгөө аваад яваад өгсөн. Би тэр үед ганцаараа байж байсан чинь араас гарч ирээд нөгөө охинтой зууралдаж аваад бид хоёр нэг нэгнийгээ үстсэн. Тэгсэн тэр намайг ЖИ ЖИ пабын арын гэрэлгүй газар оруулж нэг цагаан малгайтай залуу нь газар ташиж унагаасан. Тэгсэн Б нь миний нүүр чихнээс самардсан. Би босох гээд Бын үснээс зулгааж байгаад босоод ирсэн чинь миний гэдэс рүү цохих шиг болсон. Тэгсэн миний гэдсийг нэг зүйлээр хатгаж орхиод Б залуу хоёр зугтаасан. ...тэгээд би тухайн үед босож чадахгүй сууж байсан. Миний цамцыг Оогий сөхөж үзээд намайг хутгалуулсан байна шүү дээ гэсэн. ...би хар малгайтай охин нь миний гэдэс рүү хоёр удаа цохих шиг болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Бын өгсөн: ”...Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Баярхүү, Үүрийнтуяа, Гэрэлт-Од гэж гурван найзтайгаа хамт “ЖИ ЖИ” орж дуулсан. Тэгсэн хажуу талын ширээний эгч над руу муухай хараад байсан. Би тухайн үед согтуу хүн байна гэж бодсон. Тэгсэн нөгөө эгч манай ширээн дээр ирээд “асуудал байна уу” гэхээр нь би “байна” гэсэн тэгсэн хоёулаа гарах уу гэхээр нь би гаръя гэсэн. Тэгсэн манай найзууд болио яах гээд байгаа юм согтуу хүн байна гэсэн. Тэгсэн Г намайг үстэж аваад бид хоёр зодолдоод үсдэлцэж зулгаасан. Тэгээд бид хоёр салаад гараад явсан. Тэгсэн Г нэг шар үстэй хүүхэнтэйгээ араас ирээд намайг үстэж чирсэн. Тэгсэн Г өөрөө газар унаад миний үснээс зулгаагаад байсан. Тэгээд Үүрийнтуяа, Гэрэлт-Од хоёр харих гээд явсан. Би тухайн үед Баярхүүтэй хамт гэр рүүгээ явж байсан. “ЖИ ЖИ” пабын хойд талд нөгөө Гтай таарсан. Тэгсэн би Баярхүүгээс “энэ миний үснээс зулгаасан эгч мөн үү” гээд асуусан чинь Г хөндлөнгөөс сонсоод “мөн байна” гээд над руу хүрж ирээд “чи өнөөдөр Цэцийд миний өөдөөс томрох болоогүй шүү” гээд бас л намайг үстээд байхаар нь би биеэ хамгаалах гээд халаасанд байсан жижиг иртэй төмрөөр гэдэс хэсэгт нь хатгасан. Тэгээд Баярхүү бид хоёр зугтаасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р дугаар хуудас/,
У.Ггийн гэрчээр өгсөн:”...Миний гэдэсний зүүн талын хэвлий хэсэгт “ЖИ ЖИ” пабад байсан хар малгайтай цамцтай охин гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Бын өгсөн:”...Тэр эгч /Г/ дийлдэхгүй байхаар нь би цамцны баруун халаасанд байсан иртэй жижиг төмрийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр эгчийн гэдэс хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр эгч миний толгойтой үснээс гараараа зуураад чирсэн. Тэгэхэд миний толгойн оройн хэсгийн нэлээд их үс зулгарч унасан ... “гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Баярхүүгийн өгсөн:”...Тэр эгч согтуу байсан. Дахиад Б руу дайраад байхаар нь би тэр эгчийг хориод байсан. Өөдөөс дайраад байсан. Тэгсэн Б миний урдуур ороод нөгөө эгчийн гэдэс рүү цохих шиг болсон. ...Бид хоёр тэг чигээрээ зугтаад Мөөгий гэж найзындаа очсон. Тэгсэн Гэрэлт-Од, Үүрийнтуяа хоёр “нөгөө маргалдаад байсан эгч хутгалуулсан байна” гэж хэлсэн. Б надад “чи хараагүй байхаа, хараагүй байхад чинь гэдэс рүү нь хатгасан” гэж хэлсэн. ...Г гэх хүн Бын үснээс туг тугаар нь унагааж, цохиж зодоод байсан. Тэрнээс болж Б хатгасан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Үүрийнтуяагийн өгсөн:”...Б “ЖИ ЖИ” паб дотор нэг танихгүй охинтой муудалцсан. Сүүлд Г гэж хүн гэдгийг мэдсэн. Г гэх хүн “ЖИ ЖИ” паб дотор Бын хажууд ирээд “асуудал байна уу” гэснээс болж муудалцсан. Б нь жижиг хурц иртэй мэс заслын хутгаар Ггийн биед гэмтэл учруулсан. Мөн Бын биед гэмтэл учирсан. Толгой хэсгийн үсийг нь зулгааж хэсэг газар халцарсан байсан. Уг гэмтлийг Г учруулсан... ”гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Гэрч Ш.Цогжаргалын өгсөн:”...“ЖИ ЖИ” пабын цаад талд эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь бид нар гүйгээд очтол Г газар хэвтэж байсан. Г өөрөө “намайг нэг охин хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь таксинд суулгаад эмнэлэгт хүргүүлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч М.Гэрэлт-Одын өгсөн: “ ...Г, Б хоёр паб дотор муудалцаад байсан. Тэгсэн гарч ирээд бас зодолдсон. ...Тэр хоёр цохилцсон зүйл байхгүй, нэг нэгнээ үсдэлцээд байсан. Г, Б нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч М.Түмэнцэцэгийн өгсөн: “ ...Бааранд байсан саравчтай хар малгайтай охин, ягаан цамцтай охин хоёр “насанд хүрээгүй” гэх шалтгаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Гэрч И.Одонцэцэгийн өгсөн: “...Г гэх охин пабад байсан охинтой муудалцсан. Бүжгийн талбай дээр бөөнөөрөө муудалцаж байгаад салсан. ...ЖИ ЖИ пабын хойд талд эмэгтэй хүн орилоод байхаар нь бид нар яваад очтол Г газар суусан байдалтай уйлаад “намайг хүн хутгалчихлаа” гэсэн. Тэнд байсан шар үстэй нэг охин түргэн дуудсан”... ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №514 дугаартай шинжээчийн “...
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №513 дугаартай шинжээчийн “...
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн “...У.Ггийн биед хүйсний зүүн дээд хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар дээрх гэмтэл нь урагт нөлөөлсөн гэх зүйл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 203-204-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн зүсэгдэлт гарсан байсан. Зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн ир, мөртэй төмрөөр гарсан байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/,
Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Г намайг удаа дараа үстэж аваад зодоод байхаар нь би айсандаа болоод халаасанд байсан төмрөөр гэмтэл учруулсан. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80-р хуудас/,
У.Ггийн яллагдагчаар өгсөн: “...Б намайг үснээс зулгааж чирээд байсан. Би зөрүүлээд үснээс нь “тавь” гээд зулгаасан. Тэгсэн Б миний гэдэс хэсэгт хоёр удаа цохих шиг болсон. Би хашхираад суусан. Тэгэхэд Б зугтаагаад явсан. Удалгүй манай найз нар ирэхэд паб дотор муудалцаж байсан охин ийм болгочихлоо” гэж хэлэн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б, У.Г нарын хувийн байдлыг нотлох:
Шүүгдэгч Б.Б, У.Г нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 86-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ээж О.Мөнгөнчимэгийн тодорхойлолт гэрэл зургууд /хх-ийн 96-99, 230-238 -р хуудас/,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт, Б.Бын сурагчийн хувийн хэргийн хуулбар, /хх-ийн 100-107-р хуудас/,
Шүүгдэгч У.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 110-112-р хуудас/,
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, хохирлын баримтууд /хх-ийн 113-130 хуудас/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 139-140-р хуудас/
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн тодорхойлолт, “Юнисервис Солюшн” ХХК-ийн хүний нөөцийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 180-181-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабад иргэн У.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар тус пабын гадна хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч У.Ггийн өгсөн:”...Тэгсэн миний гэдсийг нэг зүйлээр хатгаж орхиод Б залуу хоёр зугтаасан. ...тэгээд би тухайн үед босож чадахгүй сууж байсан. Миний цамцыг Оогий сөхөж үзээд намайг хутгалуулсан байна шүү дээ гэсэн. ...би хар малгайтай охин нь миний гэдэс рүү хоёр удаа цохих шиг болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бын өгсөн: ”...намайг үстээд байхаар нь би биеэ хамгаалах гээд халаасанд байсан жижиг иртэй төмрөөр гэдэс хэсэгт нь хатгасан. Тэгээд Баярхүү бид хоёр зугтаасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р дугаар хуудас/,
- У.Ггийн гэрчээр өгсөн:”...Миний гэдэсний зүүн талын хэвлий хэсэгт “ЖИ ЖИ” пабад байсан хар малгайтай цамцтай охин гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Бын өгсөн:”...Тэр эгч /Г/ дийлдэхгүй байхаар нь би цамцны баруун халаасанд байсан иртэй жижиг төмрийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр эгчийн гэдэс хэсэгт нэг удаа хатгасан. ...Тэр эгч миний толгойтой үснээс гараараа зуураад чирсэн. Тэгэхэд миний толгойн оройн хэсгийн нэлээд их үс зулгарч унасан ... “гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Баярхүүгийн өгсөн:”... Б надад “чи хараагүй байхаа, хараагүй байхад чинь гэдэс рүү нь хатгасан” гэж хэлсэн. ...Г гэх хүн Бын үснээс туг тугаар нь унагааж, цохиж зодоод байсан. Тэрнээс болж Б хатгасан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч М.Үүрийнтуяагийн өгсөн:”...Б нь жижиг хурц иртэй мэс заслын хутгаар Ггийн биед гэмтэл учруулсан. Мөн Бын биед гэмтэл учирсан. Толгой хэсгийн үсийг нь зулгааж хэсэг газар халцарсан байсан. Уг гэмтлийг Г учруулсан... ”гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
- Гэрч Ш.Цогжаргалын өгсөн:”...“ЖИ ЖИ” пабын цаад талд эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь бид нар гүйгээд очтол Г газар хэвтэж байсан. Г өөрөө “намайг нэг охин хутгалчихлаа” гэсэн. Тэгэхээр нь таксинд суулгаад эмнэлэгт хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
- Гэрч И.Одонцэцэгийн өгсөн: “...Г гэх охин пабад байсан охинтой муудалцсан. Бүжгийн талбай дээр бөөнөөрөө муудалцаж байгаад салсан. ...ЖИ ЖИ пабын хойд талд эмэгтэй хүн орилоод байхаар нь бид нар яваад очтол Г газар суусан байдалтай уйлаад “намайг хүн хутгалчихлаа” гэсэн. Тэнд байсан шар үстэй нэг охин түргэн дуудсан”... ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 203-204-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №514 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нологдож байна.
Мөн шүүгдэгч У.Г нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Жи Жи” пабын гадна иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бын өгсөн: ”...Тэгсэн Г нэг шар үстэй хүүхэнтэйгээ араас ирээд намайг үстэж чирсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Бын өгсөн:”...Тэр эгч миний толгойтой үснээс гараараа зуураад чирсэн. Тэгэхэд миний толгойн оройн хэсгийн нэлээд их үс зулгарч унасан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Баярхүүгийн өгсөн:”...Тэр эгч согтуу байсан. Дахиад Б руу дайраад байхаар нь би тэр эгчийг хориод байсан. Өөдөөс дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч М.Үүрийнтуяагийн өгсөн:”...Г гэх хүн “ЖИ ЖИ” паб дотор Бын хажууд ирээд “асуудал байна уу” гэснээс болж муудалцсан. ...Мөн Бын биед гэмтэл учирсан. Толгой хэсгийн үсийг нь зулгааж хэсэг газар халцарсан байсан. Уг гэмтлийг Г учруулсан... ”гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
- Гэрч М.Гэрэлт-Одын өгсөн: “...Г, Б хоёр паб дотор муудалцаад байсан. Тэгсэн гарч ирээд бас зодолдсон. ...Тэр хоёр цохилцсон зүйл байхгүй, нэг нэгнээ үсдэлцээд байсан. Г, Б нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №513 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгч болон яллагдагчаар өгсөн мэдүүл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч У.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хэргийг шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Б.Баас хохирол төлбөрт У.Гд 2,328,000 төгрөг төлсөн, Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч У.Г, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, У.Г нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан тус тус ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бад 2 жил 6 -н сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэл оногдууллаа.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, У.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см 3мм урттай ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, бариул хэсэг нь 1 см 4 мм цагаан төмөр металл бүхий мэс заслын хутга 1 ширхэг, толгойн хэсгийн хар өнгийн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл У.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Бад өөрчлөн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Есүхэй овогт Батмөнхийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ханхөгшин овогт Уртнасангийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бад 2 /хоёр/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гг 450 / дөрвөн зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/-н сарын хугацаатай хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.Б, У.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Баас хохирол төлбөрт У.Гд 2,328,000 төгрөг төлсөн, Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч У.Г, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б, У.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн цамц 1 ширхэг, 5 см 3мм урттай ажлын хэсэг нь 3 см 7 мм урттай, бариул хэсэг нь 1 см 4 мм цагаан төмөр металл бүхий мэс заслын хутга 1 ширхэг, толгойн хэсгийн хар өнгийн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Бад авсан цагдан хорих, У.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА
ШҮҮГЧИД С.ӨЛЗИЙ-ОТГОН
Ц.УРАНГУА