Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 942

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр                      Дугаар 151/ШШ2016/00942                                                   Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Төв гэгээн гудамж 230 тоотод  суух, Боржигин овгийн Дамбадаржаагийн Эрдэнэцэцэг /НО64102868/ -ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ...Миний бие нь Завхан аймгийн техник туслалцааны барилга трестэд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 сарын 30 хүртэл шавар будагчнаар, Төв аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 05 сарын 15-наас 1990 оны 12 сарын 20 хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Дамбадаржаагийн Эрдэнэцэцэг нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл нормчноор,

Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 05 сарын 15-наас 1990 оны 12 сарын 20 хүртэл барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестрийн даргын 1982 оны 08 сарын 21-ний өдрийн 177 тоот “Ажилд томилох тухай” 1988 оны 04 сарын 30-ны өдрийн 93 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн 150 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч А.Цогзолмаа, Б.Сумъяа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дамбадаржаагийн Эрдэнэцэцэгийн Завхан аймаг дахь Техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд 1982 оны 07 сарын 17-ны өдрөөс 1988 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл нормчноор, Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 05 сарын 15-наас 1990 оны 12 сарын 20 хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.ЦОЛМОН