Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох 1829001190039 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Х.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 7-4 тоотод 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Энхтөр, Б.Бат-Учрал нарыг модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Х.Энхтөрийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Бат-Учралын мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Одонцацралын мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 31-18-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Зандангийн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 11-ний өдрийн №274 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 сарын 18-ны өдрийн №124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

  - Шүүгдэгч Х.Мын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 60-63р хуудас/,

- Хохирогч Г.Бат-Учрал, Х.Энхтөр нарын “Х.Мтай эвлэрсэн, санал гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 100-101-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Х.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч Х.М нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 7-4 тоотод 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Энхтөр, Б.Бат-Учрал нарыг модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч Х.Энхтөрийн: “...удалгүй М гаднаас орж ирээд намайг гэрээс гаргаж байгаад гэрийн зүүн урд талд хаалганы харуулдсан мод байсан. Тэрүүгээр намайг зодсон. Нэг мэдэхэд миний толгойноос цус маш ихээр гарч байх үед би хальт харахад Халтар овогтой М намайг дээрээс дэвсээд өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- хохирогч Г.Бат-Учралын: “...Энхтөр бид хоёр үлдсэн пиво уугаад согтоод унтсан байсан. Нэг мэдэхэд М нөгөө хамт ирсэн залуутайгаа мод бариад ороод ирсэн. Тухайн үед юу болсныг мэдэхгүй гэрт хэвтэж байгаад гараад ирэхэд Энхтөр цусандаа холилдсон байдалтай хэвтэж байсан. М миний биед халдаж гэмтэл учруулсан. Намайг гэрт байхад мод бариад ороод ирж байгаа харагдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

- гэрч Г.Одонцацралын: “...Танай хажууд хүмүүс зодолдоод байна. Нэг залуу нь үхчих шиг боллоо гэсэн. Модоор цохиж зодож байгаад.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

-гэрч А.Отгонжаргалын: “...Би энэ өдөр Өмнөговь аймагт байсан. Би шөнө 23 цагийн үед  нөхөр Энхтөрийн 91115461 гэсэн дугаарлуу нь залгахад өөр хүн авсан. Тэгсэн манай нөхөр хүнд зодуулаад цус алдсан байна та хурдан ирсэн нь дээр гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь нөхрөөсөө асуухад Халтарын М байсан, тэр л намайг зодчихдог юм байхдаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

-гэрч Б.Зандангийн: “...Би тэр өдөр гэрт сууж байхад хажуу айлд хүмүүс шуугиад байхаар нь хашааны завсраар очоод харсан чинь шар өнгийн подвалктай махлагдуу залуу цусандаа холилдсон байдалтай хашаан дотроо явж байсан. Тэгсэн гэрийн ардаас дахиад нэг залуу гараад ирсэн чинь бараан өнгийн хувцастай өндөр залуу гарч ирээд тэр хоёр залууг модоор цохиод авсан. Тэгэхэд махлаг өндөрдүү шар залуу нь газарт унахад нөгөө өндөр залуу дээрээс нь толгой хэсэг болоод биеийг хамаагүй дэвслээд байсан. Тэгэхэд доор унасан гэх залуу хөдлөхөө байхаар нь би эргэж найз дээрээ ирээд хажуу хамар хашааны айлд чинь хүмүүс зодолдоод нэг нь нэгийгээ алчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 11-ний өдрийн №274 дугаартай шинжээчийн: “...Х.Энхтөрийн биед тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун чамархай, чихний дэлбээний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Х.Энхтөрийн биед КТГ шинжилгээгээр зүүн ухархайн хажуу хананы эмтойд хөндийрүү цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал зэрэг хуучин хугарал гэмтлүүд тогтоогджээ. Энэ нь тухайн хэрэгт холбоогүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 18-ны өдрийн №124 дугаартай шинжээчийн: “...Г.Бат-Учралын биед бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Х.Энхтөр, Г.Бат-Учрал нарын “санал, гомдол байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 100-101-р хуудас/, шүүгдэгч Х.М нь хохирогч Х.Энхтөрд 1 500 000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Х.Мын хохирлоо төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, түүнд 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

  Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон монгол овогт Халтарын Мыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 2 000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА