Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: З.М, Э.Н /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М, Э.Н нарт холбогдох 1929000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч З.М, Э.Н нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Уужим-Од” ХХК-ийн ажилчдын кемпийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

- хохирогч З.Мн мэдүүлэг /хх-ийн 13-16-р хуудас/,

- хохирогч Э.Нгийн мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,

- гэрч С.Уранбатын мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- гэрч У.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

- гэрч Э.Амарсайханы мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

  - Шүүгдэгч З.Мн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,

- Шүүгдэгч Э.Нгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,

- Хохирогч З.Мн “Э.Нгаас 200 000 төгрөг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй.” гэх хүсэлт /хх-ийн 81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч З.М, Э.Н нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Уужим-Од” ХХК-ийн ажилчдын кемпийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 - хохирогч З.Мн: “...Н намайг орон дээрээ сууж байхад миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун гарын дотор, ар тал, тохой  хэсэгт маажсан, гар хөл хөх няц болгож зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р хуудас/,

-хохирогч Э.Нгийн: “...би гарна гээд миний зүүн хацар руу алгадаад авахаар нь би уурандаа арагш нь түлхтэл намайг үсдэхээр нь гарыг нь тавиулах гээд нүүр лүү нь түлхтэл миний баруун гарын чигчий хурууг хазаад тавихгүй болохоор нь нүүр рүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,

- гэрч С.Уранбатын: “...М Нг алгадаад авсан. Тэгээд М Н хоёр барилцаж аваад нэг нэгийгээ үсдээд байсан. Н нэг гараараа үсдээд нөгөө гараараа нүүр бие рүү нь цохиод самардаад байсан. М мөн мөчөөгөө өгөхгүй Нг цохиод байсан. Тэгээд М Нг хоёр гараараа хүзүүнээс нь бариад боогоод цааш нь түлхээд орон дээр унагасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

- гэрч У.Ундармаагийн: “...Тэгээд тэр хоёр нэг нэгийгээ алгадаж хашхиралдах чимээнээр сэрээд өрөөний гэрэл асаахад М Нг үсдээд дагзаар нь хана мөргүүлээд байхаар нь би очиж Мг болиочээ гэхэд чи муу цаашаа бай, чи миний тал юм уу, Нгийн тал юм уу гээд өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-гэрч Э.Амарсайханы: “...Мн хоёр нүд нь хөхөрчихсөн харагдсан. Нтай гадаа таарахад уйлаад яаснаа хэлэхгүй ямар гэмтэл учирсан нь харагдаагүй. Тэр хоёр хоорондоо зодолдоод нэгийгээ гэмтээсэн гэж Ундармаа надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №203 дугаартай шинжээчийн: “...З.Мн биед баруун нүдний доод зовхи, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, бүсэлхий, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №208 дугаартай шинжээчийн: “...Э.Нгийн биед баруун чихний дэлбэн, дух, цээж, баруун дал, бугалганд зулгаралт, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун гарын 5-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

  Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч З.Мн “санал, гомдол байхгүй” гэх хүсэлт /81-р хуудас/, шүүгдэгч Э.Н хохиролд 200 000 төгрөг төлсөн, одоо түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд, харин хохирогч Э.Н нь хохирлын талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч З.Мг бусдад төлөх хохирол төлбөргүйд тус тус тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч З.М, Э.Н нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч З.М, Э.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Золзаяагийн М, Их Өлзийт овогт Эрхэмбатын Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М, Э.Н нарыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч З.М, Э.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА