Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 770

 

 

 

 

 

            2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2016/00770

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 хороолол 6 хороо А-40 дүгээр байр 33 тоотод оршин суух, Их туг овгийн Баатарсүхийн Хишигдолгор /НЭ61063066/.

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хишигдолгор шүүхэд гаргасан хүсэлтдээ...Миний бие нь 1982 оны 04 сард ЗХУ-ын сургуулийг бүртгэлийн оператор мэргэжлээр төгсөж ирээд Төв аймаг дахь Монгол банкны конторт хуваарилагдан ирээд оператор нягтлан бодогчоор 1991 оны 08 сарыг дуустал хугацаанд ажилласан.

1991 онд Төв аймагт арилжааны банкууд үүсгэн байгуулагдаж 1991 оны 08 сарын 31-нд Хөдөө аж ахуйн банкинд шилжин орж оператор нягтлан бодогчоос, орлогч ня бо, ерөнхий ня бо, мөнгөн эргэлтийн эдийн засагч зэрэг ажил үүргийг 1995 оны 02 сарыг дуустал хийж гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдсэн учир шүүхэд хандаж байгаа юм. Иймд архивын лавлагаа, банкын конторын даргын тушаал, баярын бичиг, гэрэл зураг, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Б.Хишигдолгор нь Улсын банкны Төв аймаг дахь конторын даргын тушаалаар 1982 оны 04 сарын 20-ны өдрөөс оператор нягтлан бодогчоор ажид ороод 1991 оны 08 сарыг дуустал, Хөдөө аж ахуйн хоршоолол Банк буюу одоогийн Хаан банкинд 1991 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан.

Хаан банк 1991 оноос хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул Б.Хишигдолгорын энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгээс таталзаж, шаардлагаа багасгаж байна.

Архивын лавлагаагаар Улсын банкны Төв аймаг дахь конторын даргын 1982,  1984, 1986, 1990 оны тушаал болон баярын бичиг зэргийг үндэслэн Б.Хишигдолгорын 1982 оноос 1990 оныг дуустал хугацаанд оператор нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хишигдолгор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Хишигдолгор нэхэмжлэгчийн бүрэн эрхийг Ц.Оюунд олгосон байх бөгөөд тухай итгэмжлэл нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Хишигдолгорын Хаан банкинд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байна.

 

Баатарсүхийн Хишигдолгор нь Улсын Банкны Төв аймаг дахь конторт 1982 оны 04 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оператор нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Улсын Банкны Төв аймаг дахь конторын даргын 1982 оны 04 сарын 20-ны өдрийн 45/69 тоот “Ажиллуулах тухай” тушаалын 1 дүгээрт Б.Хишигдолгорыг 20-ны өдрөөс эхлэн оператор нягтлан бодогчоор ажиллуулсугай”, 1982 оны 05 сарын 15-ны өдрийн 45/100 тоот “Аттестатчилах тухай” тушаалын 18 дугаарт, Улсын Банкны Төв аймаг дахь конторын тамга бүхий 1984 оны 05 сарын 26-ны өдөр олгосон Баярын бичиг, 1986 оны 01 сарын 18-ны өдрийн 45/09 тоот Амралтын хуваарь батлах тухай тушаалын 19 дүгээрт 07 сарын 01-нээс 15 хоног,

1990 оны 12 сарын 01-ний өдөр болсон хурлын ажилчдын зөвлөгөөний хуралд оролцсон тэмдэглэл болон хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Оюун, Д.Минж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Баатарсүхийн Хишигдолгорын  Улсын Банкны Төв аймаг дахь конторт 1982 оны 04 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд оператор нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН