Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01586

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02059 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр Б.С намайг Сүхбаатар дүүрэг, **-р хороо, **-р хороолол, U хотхон, **-*** тоот 79.8 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Н-ын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдэл гаргасан. Мэдэгдлийг 2 хоногийн өмнө гаргаж намайг болон манай гэр бүлийг тулгамдсан байдалд орууллаа. Г ХХК нь уг байртай холбоотой төлбөрийн үлдэгдэл болон бусад зардалд 542,468,345 төгрөгийг шаардаж, миний зүгээс 100,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг байрны төлбөрийн үлдэгдлийг Г ХХК надаас нэхэмжлээд иргэний хэрэг үүсэж, хянан шийдвэрлэж байхад ажиллагааг үргэлжлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг хангаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн орон сууц чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү. Эхний мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөөгүй, өөр хүнд гардуулсан байна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 23420571 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Б.С-д 2023 оны 08 сарын 21-ний өдрийн 4-152/15417 дугаар, 2023 оны 08 сарын 31-ний өдөр сайн дураар султган чөлөөлөх мэдэгдлийг биечлэн гардуулахад заасан хугацаанд чөлөөлөөгүй. Иймд 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 дугаар сайн дураар чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг дахин биечлэн гардуулахад одоог хүртэл чөлөөлөөгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, мөн сайн дураар чөлөөлөх боломжит хугацааг удаа дараа өгсөн нь хууль зөрчөөгүй тул Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэж цагдаад гомдол гаргасан гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК тайлбартаа: Тус шүүхэд гаргасан 542,000,000 төгрөг гаргуулах маргаан нэхэмжлэлийг буцааснаар дууссан. Манайх дахиж хандаагүй. Тэр гэрээний үнэ биш гэрээнээс учирсан хохирол шаардсан байсан. Нэхэмжлэгчид төлбөрөө төлөх боломжийг удаа дараа олгож байсан тул одоо байраа авах хүсэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н-т холбогдуулан гаргасан 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Н-ын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152\17755 дугаартай мэдэгдлийг 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 10 цагт суллаж өгөхөөр гаргасан.

5.2. Уг мэдэгдлийг 2 хоногийн өмнө гаргасан нь намайг болон гэр бүлийг маань хүнд байдалд оруулж, боломжит хугацаа олгоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2023 оны 06 сарын 07-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. 2023 оны 06 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 2023 оны 08 сарын 21-ний өдөр 4-152/15417 дугаартай мэдэгдлээр 2023 оны 08 сарын 31-ний өдөр сайн дураар султган чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Уг хугацаанд тухайн орон сууцыг сайн дураараа чөлөөлж өгөөгүй учраас 2023 оны 09 сарын 20-ны өдөр 2 хоногийн дотор чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг 2 удаа 3 сарын хугацаатай хүргүүлсэн тул хууль зөрчөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н-т холбогдуулан, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/00713 дугаар шийдвэрээр Б.С-ийн эзэмшлээс Г ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн **-р хороо, **-р хороолол, U хотхон, **-р байрны *** тоот хаягт байршилтай, 79.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж шийдвэрлэжээ.

4. Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2023 оны 06 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2023 оны 08 сарын 21-ний өдөр 4-152/15417 тоот мэдэгдлээр орон сууцыг 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 10 цагт сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдэж, 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлээр орон сууцыг 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 10 цагт сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдэж, 2023 оны 09 сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Б.С-г эрэн сурвалжилсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 44.2.10, 100 дугаар зүйлийн 100.4-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны 06 сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар 2023 оны 08 сарын 21-ний өдөр ...орон сууцыг 10 хоногийн дотор сайн дураар султган чөлөөлөх... мэдэгдлийг өгсөн байх тул ...мэдэгдлийг хоёрхон хоногийн өмнө өгч тулгамдсан байдалд орууллаа... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар ...-аа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн ...-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу хариуцагч байгууллага дээрх мэдэгдлийг төлбөр төлөгчийн нөхөр Ц.Б-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан байх тул уг мэдэгдлийг хүргүүлсэнд тооцно.

5.3.  Төлбөр төлөгч Б.С нь өмнө дурдсан шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 сарын 21-ний өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу гомдол гаргаагүй байна.

5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 4-152/17755 тоот мэдэгдлээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг төлбөр төлөгч Б.С-д дахин олгосон байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02059 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...100 дугаар зүйлийн 100.4, 122 дугаар зүйлийн 122.5-д... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4-т... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.С-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР