| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0046/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Д.Баттулга, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Иргэдийн төлөөлөгч: В.Чимгээ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мт холбогдох 1929000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 3 сарын 18-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хармагтай гэх газарт согтуугаар иргэн С.Энхбаатарын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч С.Энхбаатарын мэдүүлэг /20-22-р хуудас/
Гэрч Л.Отгон –Эрдэнийн мэдүүлэг /28-29-р хуудас/
Гэрч М.Нямхүүгийн мэдүүлэг /30-31-р хуудас/
Гэрч Б.Амаржаргалын мэдүүлэг /32-33-р хуудас/
Гэрч Б.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /40-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /49-р хуудас/
Шүүх сэтгэцийн 2019 оны 3 сарын 26-ны өдрийн дүгнэлт /77-79-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 3 сарын сарын 18-ны орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хармагтай гэх газарт согтуугаар иргэн С.Энхбаатарын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч С.Энхбаатарын “ Миний биед М хутгаар хутгалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Л.Отгон-Эрдэний “Би Мыг салгаад гадаа гаргачхаад эргээд ороод иртэл Энхбаатар намайг М хутгалчихлаа гээд бөөлжөөд байсан Энхбаатарын гэдэс хэсэгт нь хутгалагдсан шарх байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Нямхүүгийн “М Энхбаатартай хэрүүл маргаан хийгээд тэр хойр хоорондоо барьцалдаж аваад ноцолдож байхад Отгон-Эрдэнэ дундуур нь орж салгах гээд зогсож байсан. Тэгсэн Мын баруун гарт нь нэг хутга шиг зүйл байсан. Энхбаатар намайг М хутгалчихлаа гээд гэдсээ дараад суусан. Амаржаргал бид хоёр даавуугаар дарж байсан эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Амаржаргалын “...Тэгтэл Нямхүү ах дундуур нь ортол Энхбаатар гэдсээ дараад намайг хутгалчихлаа гээд гэрийн хойд талд өнхрөөд ойчсон Энхбаатар улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бөөлжөөд байсан Энхбаатарын биед М цагаан өнгийн төмөр иштэй хутгаар хутгалж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг зэрэг гинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар хангалтай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч С.Энхбаатар хохирол төлбөр, эмчилгээний зардлаа авсан. Гомдолгүй тул Ж.Мын ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн /125-р хуудас/ байх тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ж.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогчид хохирлыг төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл түүний үйлдсэн гэмт хэргийн эрүүгийн хариуцлага 5-12 жилийн хорих ялтай бөгөөд хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах буюу улсын яллагчийн гаргасан саналын дагуу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин хорих байгууллагын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3-т тус тус заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр иштэй 20 см хэмжээтэй, ажлын хэсгийн урт нь 9.5 см 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Толгой нүцгэн овогт Жаргалын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Ж.М нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ж.Мын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр иштэй, ажлын хэсгийн урт нь 9.5 см, нийт 20 см хэмжээтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.УРАНГУА
ШҮҮГЧИД Д.БАТТУЛГА
С.ӨЛЗИЙ-ОТГОН