Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

           2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00629

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж,

           

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр баг Алтат багт оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин 37-16а тоотод оршин суух, Шархүү овгийн Ганчимэгийн Цогзолмаа /НЗ79102264/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр баг Алтат гэх газар оршин суух, Шавь овгийн Баасанжавын Үрхүү /УЗ79112711/ -д холбогдох,

 

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогзолмаа, хариуцагч Б.Үрхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 1999 онд Б.Үрхүүтэй гэрлэлтээ бүртгүүлж, 2000 онд охин Ү.Нандин-Эрдэнэ, 2004 онд охин Ү.Лхам-Очир нарыг төрүүлсэн.

Б.Үрхүү нь 2010 оноос эхлэн ар гэртээ анхаарал тавихаа больж, өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болсноор бид 2011 оны 05 сараас тус тусдаа амьдарч байна.

Одоо бидний хэн хэн өөр гэр бүлтэй болж үр хүүхэд төрүүлсэн тул эвлэрэн амьдрах хүсэлгүй байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Ү.Нандин-Эрдэнэ, Ү.Лхам-Очир нарыг миний асрамжид үлдээж, Б.Үрхүүгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Б.Үрхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 1999 онд Г.Цогзолмаа гэр бүл болж 2 охин төрүүлсэн. 2012 онд Г.Цогзолмаа нь 2 охиноо надтай үлдээж яваад 2014 оны 08 сараас том охин Ү.Нандин-Эрдэнэ, 2015 оны 05 сараас бага охин Ү.Лхам-Очир нар нь ээжтэйгээ амьдарч байгаа. Хүүхдүүд надтай байх хугацаанд Г.Цогзолмаа нь ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Харин 2 хүүхдийг ээжтэйгээ амьдрах болсон үеэс би сар бүр 150000 төгрөг дансаар шилжүүлж, зуны амралтаар мөнгө төгрөг өгдөг. Цаашдаа энэ байдлаар мөнгөн тэтгэмж өгөх хүсэлтэй бөгөөд учир би бага насны ххүүхэдтэй.

Г.Цогзолмаагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй, эхийн асрамжид үлдээнэ. Тэтгэлгийг миний төлж байсан хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Цогзолмаа хариуцагч Б.Үрхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Ганчимэгийн Цогзолмаа, Баасанжавын Үрхүү нар нь 1999 оны 08 сарын 16-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Төв аймгийн Баянцагаан сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2005 оны 09 сарын 26-ны өдрийн 25 дугаарт   бүртгүүлж, 2000 оны 07 сарын 17-ны өдөр Үрхүүгийн Нандин-Эрдэнэ, 2004 оны 04 сарын 04-ний өдөр Үрхүүгийн Лхам-Очир нарыг төрүүлж өсгөн, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0042063/28, 0042062/11 тоот төрсний гэрчилгээнүүд мөн зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас 2011 оноос  эхлэн тус тусдаа амьдарч, хэн аль нь өөр гэр бүлтэй болж хүүхэд төрүүлсэн бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн тэдгээрт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д...” гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн хэний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож болно” , мөн хуулийн 14.7-д ...”Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан байна.

 

Ү.Нандин-Эрдэнэ, Ү.Лхам-Очир нарыг эх Г.Цогзомаагийн асрамжид үлдээхээр гэрлэгчид тохиролцсон мөн хүүхдүүд эхийн асрамжид үлдэнэ гэсэн саналыг харгалзаж, эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг удаа, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тшвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгохоор заасан тул хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоох үндэслэлгүй байна.

 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Цогзолмаагийн  төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.  

 

Ү.Нандин-Эрдэнэ /15 нас 10 сартай/, Ү.Лхам-Очир /12 нас 2 сартай / нар эсэн мэнд бойжиж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургуульд суралцаж байгаа болох нь тус сургуулийн захирлын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүүхдийн оршин сууж байгаа газрын амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Үрхүүгээс нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Улаанбаатар хотын амьжирггааны баталгаажих доод түвшин нэг сард 183700 төгрөгөөр тогтоосон/ буюу 11-16 настай 2 хүүхдийн тэмдэгтийн хураамж 85491 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шархүү овгийн Ганчимэгийн Цогзолмаа /НЗ79102264/, Шавь овгийн Баасанжавын Үрхүү /УЗ79112711/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2000 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн Үрхүүгийн Нандин-Эрдэнэ, 2004 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн Үрхүүгийн Лхам-Очир нарыг эх Г.Цогзолмаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар Ү.Нандин-Эрдэнэн, Ү.Лхам-Очир нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Үрхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

7. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай. 

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Цогзолмаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж,

хариуцагч Б.Үрхүүгээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цогзолмаад, 85491 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОН