Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01584

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/01600 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 14,807,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Н-тай 2023 оны 01 сарын 23-ны өдөр 7/А/23 дугаартай "Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани сургуульд e-School сургуулийн удирдлагын цогц системийг нэвтрүүлэх, ашиглуулах, нөгөө талаас үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2023 оны 01 сарын 27-ны өдөр холбогдох дэлгэц, хэвлэгч, карт уншигч бүхий киоск төхөөрөмжийг суурилуулан, акт үйлдэн хүлээлгэн өгч, сар бүр системийн үйлчилгээг хэвийн үзүүлсээр ирсэн. Гэтэл хариуцагч программ хангамжийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд ашигласан программ хангамжийн төлбөр 7,000,000 төгрөг, 2023 оны 9-11 сарын төлбөр 7,164,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 4.4, хавсралт 3-т заасны дагуу 667,800 төгрөгийн алданги тооцсон. Иймд нийт 14,807,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар энэ программыг ашиглах гээд чадаагүй. Одоо энэ программ руу нэвтрэх боломжгүй байгаад байгаа. Бид нийт сургуулиараа ашиглах байсан ч хэсэг бүлэг нь ашиглаад, хэсэг бүлэг нь ашиглаагүй буюу программ доголдолтой байсан гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас 11,230,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,577,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас 194,643 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1.  Уг программыг сургуулийн нийт 750 гаруй сурагч бүрэн хэмжээгээр ашигладаггүй. Гэрээ байгуулсан цагаас хойш туршилтын журмаар ашиглаж байгаад бүрэн ашиглаагүй талаар дурдаж, үзлэг хийлгэх хүсэлтдээ тус сургуулийн менежерийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн ч 2024 оны 04 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийг дуудаж оролцуулаагүй.

4.2. Мөн 2024 оны 03 сарын 28-ны өдөр Н ХХК-д очиж үзлэг хийхэд e-School программ болон киоск машины үйл ажиллагаанд хийсэн үзлэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг танилцаж, санал хүсэлтээ гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Сургалт мэдээллийн цогц программыг ашиглаагүй, ашиглах боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэг болон Д ХХК-ийн гаргасан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгддэг. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн программыг ашиглах боломжгүй эвдрэл, гэмтэл ихтэй байсан учраас манай сургуулийн сурагчид ашиглаагүй гэж тайлбарладаг. Тухайн программыг Н ХХК-ийн сурагчид ашигласан эсэхээс үл хамаарч программ ашиглалтын төлбөрийг төлөх ёстой. Гэрээний хугацааны турш тухайн сургалтын программыг чөлөөтэй ашиглах боломжтой байлгахаар тохиролцсон. Мөн Н ХХК-ийн сурагчид, багш, ажилтнаар ашиглуулах эсэх нь тухайн байгууллагын дотоод асуудалд хамаарна. Анхан шатны шүүхийн шүүгч гэрч асуулгах хүсэлтэд илт хууль бус захирамж гаргасан. Миний бие тухайн захирамжийн талаар 2024 оны 04 сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж, хүчингүй болгуулсан. Гэрч оролцуулах захирамжид н.Э-ийн овог, регистрийн дугаар тодорхойгүй, талуудын хооронд үүссэн маргаантай асуудлын талаар ямар ач холбогдол бүхий үйл баримтыг мэдэж байгаа нь тодорхойгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагад гэрч ажилладаг учраас шүүх хуралдаанд дагуулж ирнэ гэж хэлсэн учраас тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Мөн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн 15 цагт Н ХХК-ийн ажлын байранд хийсэн үзлэгт сургуулийн захирал н.Ц оролцсон. Мөн үзлэг хийгдсэний дараа сургуулийн сургалтын систем ажиллаж байгааг мэдсэн тул гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэвч Д ХХК-ийн гаргасан программ хангамжийг түр хугацаанд ашиглуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон техникийн алдаа зассан өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан программ хангамж ашигласны 2023 оны 2, 3, 4, 5, 6 сарын төлбөр 7,000,000 төгрөг, 2024 оны 9, 10, 11 сарын төлбөр 7,164,000 төгрөг, алданги 667,800 төгрөг, нийт 14,831,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...программыг бүрэн ашиглаагүй, программ доголдолтой байсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 67-арын нүүр-68/

Нэхэмжлэгч нь нийт үнийн дүнг нэхэмжлэлдээ ...14,807,800... төгрөг гэж бичсэнийг техникийн алдаа гэж үзэв.

3. Талууд 2023 оны 01 сарын 23-ны өдөр 71/А123 дугаартай Программ хангамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Д ХХК нь e-School сургуулийн удирдлагын цогц программ хангамжийг ашиглуулах, Н ХХК нь программ хангамж ашигласны төлбөрт сар бүр 1,400,000 төгрөг төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 8-17/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, нэхэмжлэгч нь программ хангамжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээгээгүй, харин хариуцагч нь программ хангамжийг ашиглах, ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь программ хангамжийн үйлчилгээг үзүүлж, хариуцагч нь уг ашигласан хугацааны төлбөрийг төлж байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

5. Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Н ХХК-аас үзүүлсэн үйлчилгээний төлбөр, гэрээнд заасан алдангийг шаардах эрхтэй. 

6. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сарын 05-ны өдөр программ хангамжийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгч, 2023 оны 01 сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний өдрүүдэд оролцогчдын бүртгэлийг хийсэн байна. /хх 25-26, 29-34/

7.  Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн e-School программ хангамжийн ашиглалтын тайлан, шүүхээс программ хангамжид хийсэн үзлэг зэргээр программ хангамж хэвийн ажиллагаатай болох нь тогтоогдсон тул ...программыг бүрэн ашиглаагүй, программ доголдолтой байсан... гэх хариуцагчийн татгалзал няцаагдсан гэж үзнэ. /хх 52-55, 61, 72-77/

8. Иймд хариуцагчаас 2023 оны 2, 3, 4, 5, 6 сарын төлбөр 7,000,000 төгрөг /1,400,000 х 5 сар/, 2024 оны 9, 10, 11 сарын төлбөр 4,200,000 /1,400,000 х 3 сар/ төгрөг, алданги 667,800 төгрөг, нийт 11,887,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүх хариуцагчаас 11,230,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдоогүй тул уг шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь программ хангамж ашигласны 2023 оны 2, 3, 4, 5, 6 сарын төлбөрт 7,000,000 төгрөгийг шаардсан байхад 9,800,000 төгрөг гаргуулж, мөн алданги 667,800 төгрөг шаардсан байхад 1,430,800 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзнэ.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нэмж тооцохдоо техникийн алдаа гаргаж, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүн буруу болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

10. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийг баримтаар тогтоогдсонгүй.

10.1. Хариуцагч нь гэрчээр тус сургуульд менежерээр ажилладаг гэх н.Э-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /хх 69/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заажээ.

Хариуцагч нь н.Э-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч тухайн этгээдийн овог нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй буюу шүүх дуудаж мэдүүлэг авах боломжгүй байх тул анхан шатны шүүх н.Э-ийг гэрчээр асуухаар захирамжилсан заалтыг хожим хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. /хх 82-83/

Иймд, ...шүүх н.Э-ийг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн боловч дуудаж асуугаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

10.2. Анхан шатны шүүхээс 2024 оны 03 сарын 28-ны өдөр программ хангамжид хийсэн үзлэгт хариуцагч талаас сургуулийн захирал З.Ц оролцож, гарын үсгээ зурсан байна. /хх 72-77/

Иймд, ...үзлэгтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж санал хүсэлт гаргаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн... гэх гомдол үндэслэлгүй.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/01600 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...343 дугаар зүйлийн 343.1... гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1... гэж, ...3,577,000... гэснийг ...3,601,000... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 231,989 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР