Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0753

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Г Э  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906024790916 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Э, 19 оны 02 дугаар  сарын 03-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт  дүгээр хороо   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Э  нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Ургах наран хороололын  дугаар байрны гадна байсан Д.Д өмчлөлийн улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

         Шүүгдэгч  Г.Э    мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Усан сангийн задгай тоотод амьдардаг юм. Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 10.00 цагийн орчимд найзтайгаа уулзахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Халдвартын эмнэлэгийн ойролцоо байх нэрийг нь сайн мэдэхгүй пабад орсон. Манай найзууд ирээгүй тул би ганцаараа 3 шил 0.5 литрийн пиво авч уусан. Тэндээсээ гараад кино үйлдвэрт байх нэг бааранд орсон. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа юм. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ургах наран хороололд байдаг Супермаркет орж нэг лааз пиво авсан.  Дэлгүүрээс гарч ирээд сууж ирсэн машинаа хайтал алга байсан. Тэгэхээр нь тэнд байсан нэг машинд ортол түлхүүр нь байхаар нь унаад гэртээ очсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор юу хийснээ мэдэхгүй байгаа юм. Би уг машиныг хулгай хийгээгүй зүгээр л согтуудаа аваад явчихсан байсан гэжээ. /хх-ийн 14/

         Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Наран Амгалан хотхоны гадна талаас  улсын дугаартай өөрийн эзэмшлийн автомашинаа унаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран  хорооллын 12 дугаар байр 38 тоот түрээсийн гэртээ очоод машинаа орцныхоо үүдэнд тавьсан. Машины урд талын радиотар эвдэрчихсэн тосоол гоожоод байхаар нь машинаа үлдээгээд 20.00 цагийн орчимд Ургах нарангаас гараад автобусаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалангийн гэртээ ирсэн. Машинаа Ургах наран хорооллын байрны гадна үлдээсэн. 4 дүгээр сарын 17-ны өдөр 10.00 цагийн орчимд машин дээрээ очиход байсан, буцаад 16.00 цагийн орчимд Ургах нарангаас гараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Наран Амгалангийн байранд гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын гэртээ иртэл байрны гадна байсан машин алга болсон байсан. Миний машины жолооч талын хаалга цоожлогддоггүй бусад хаалга нь цоожтой байсан. Миний машин 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёота үйлдвэрийн Раб 4 маркийн улсын дугаартай ягаан хүрэн өнгийн автомашин байсан гэжээ. / хх-н 9-12/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/

          Эд мөрийн баримтаа тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15-21/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/

          2019.4.25-ны өдрийн 2312 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. 1,2,3,4,5,7,9,10 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн  1,2,3,4,5,7,9,10  дугаартай гарын мөр Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ. /хх-н 24-26/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/

          Тод үнэлгээ ХХК-ны үнэлгээ /хх-н 28/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-30/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: /хх-н 31-32/

          Г.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-н 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32/,

          Г.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол / хх-н 42/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/

          Г.Э  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 46-47/ зэрэг болно.

          Г.Э  нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороололын 12 дугаар байрын гадна байсан Д.Д өмчлөлийн  УНЦ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … өдөр 11.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын гэртээ иртэл байрны гадна байсан машин алга болсон байсан. Миний машины жолооч талын хаалга цоожлогддоггүй бусад хаалга нь цоожтой байсан. Миний машин 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёота үйлдвэрийн Раб 4 маркийн 61-90 УБЦ улсын дугаартай ягаан хүрэн өнгийн автомашин байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 9-12/ Шүүгдэгч  Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дэлгүүрээс гарч ирээд сууж ирсэн машинаа хайтал алга байсан. Тэгэхээр нь тэнд байсан нэг машинд ортол түлхүүр нь байхаар нь унаад гэртээ очсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор юу хийснээ мэдэхгүй байгаа юм. Би уг машиныг хулгай хийгээгүй зүгээр л согтуудаа аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Г.Э нь согтуурсан үедээ бусдын тээврийн хэрэгсэлийг авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь   тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

         Г.Э нь машиныг унаад гэртээ харьсан бөгөөд уг машиныг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

         Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт Г Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг   тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН