Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 430

 

                        

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00444/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжингийн 48б–гийн 15 тоотод оршин суух,  Оточ овогт Жамсрангийн Цолмонд (РД:СТ 72062221) (утас: 98727272) холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 05 дугаар баг, Байшин хорооллын 03-01 тоотод оршин суух, Баяд овогт Лувсанцэндийн Эрдэнэбаярын (РД:СР 76040111) (утас: 8305050512) нэхэмжлэлтэй, " худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 1 450 000  төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2015 оны 10 сарын 20-ны өдөр Ж.Цолмонд 152 тооны хонь зарсан юм. Ж.Цолмон нь сум руу явж мөнгө авчирна гэж яваад ирэхдээ дансанд мөнгө ороогүй байна. Улаанбаатар хот ороод мөнгийг чинь дансанд чинь хийе гэж хэлээд явсан. Тухайн үед 1 кг махыг 3000 төгрөгөөр тохирч 2 тонн 800 кг махыг 8 400 000 төгрөгөөр, нэхийг нь 228 000 төгрөг, цувдайг нь 30 000 төгрөг, нийт 8 658 000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Улаанбаатар хотод очоод 7 хоногийн дараа мөнгөө өгөхдөө бага багаар тасалж өгсөн бөгөөд одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Ж.Цолмонгоос үлдэгдэл 1 450 000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)

 Хариуцагч Ж.Цолмон нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмнө нь Л.Эрдэнэбаяртай мал махны наймаа хийж, 4 000 000 төгрөгөөр шатаж байсан. Гэхдээ тухайн үед үнэн учраа хэлээд тооцоог нь бүрэн хийж байсан юм. Би Л.Эрдэнэбаяраас мах аваад хот ороход махны ханш муу болсон байсан. Тэгээд би Л.Эрдэнэбаярын эхнэртэй ярьж махны ханш муу болсон байна. Улаанбаатар хотод хүрээд ир гэж хэлэхэд эхнэр нь тийм байна сая хүнээс дуулсан гэж надад хэлж байсан. Тэгээд би 7 хоног махаа зарж сүүлдээ махны өнгө зүс муудаж үнээ барихгүй болсон. Л.Эрдэнэбаяраас 152 хонь авахад мах нь 2 тонн 800 кг болж нэхий нь 228 000 төгрөг, цувдай нь 30 000 төгрөг, бүгд 8 856 000 төгрөг болсон. Үүнээс 7 хоног махаа зарж 7 208 000 төгрөгийг 3 хувааж Л.Эрдэнэбаярт өгсөн. Л.Эрдэнэбаярын нэхэмжилсэн 1 450 000 төгрөгийг барагдуулж чадахгүй.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 13 тал)
 
Нэхэмжлэгч Л.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Л.Эрдэнэбаяр миний бие, Ж.Цолмонтой эвлэрэн хэлэлцэж  1 450 000 (нэг сая дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 200 000 ( хоёр зуун мянган) төгрөгөөс татгалзаж, 1 
250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг Ж.Цолмонгоос гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 13 тал)

Хариуцагч Ж.Цолмон нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ж.Цолмон миний бие би, Л.Эрдэнэбаяртай эвлэрэн хэлэлцэж 1 250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Одоо бэлнээр 250 000 төгрөгийг өгье. Үлдсэн 1 000 000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг өгөөд бүрэн төлж барагдуулна. 
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 15 тал)

 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбаяр нь, хариуцагч Ж.Цолмонгоос "худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 1 450 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч  Л.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 1 450 000 төгрөгийг тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 200 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 1 250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ж.Цолмон нь 250 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 1 000 000 (нэг сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ж.Цолмонд холбогдох, Л.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй " худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 1 450 000  төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт зохигчид 1 250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38 150 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 19 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19 075 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбаярт, хариуцагч Ж.Цолмонгоос 19 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Л.Эрдэнэбаярт тус тус  олгосугай.

3. Хариуцагч Ж.Цолмон нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ