Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/01587

 

Р.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/02550 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК, М.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 05 сарын 28-ны өдөр иргэн М.Б-тай нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. Үүний дагуу Б ХХК-ийн эзэмшлийн ******** тоот Г банкны дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж, 8,000,000 төгрөгийг дээрх компанийн санхүүд бэлнээр өгсөн. Энэ зээлийн хүүнд Чингэлтэй дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоотод нэг жилийн хугацаатай амьдрахаар тохирсон. Зээлийн гэрээний хугацаа дуусаж, байрыг хугацаанд нь суллаж өгсөн. М.Б нь гэрээний үүргээ зөрчин зээлээ буцааж төлөхгүй болохоор нь хөөцөлдөж байж 2023 оны 06 сарын 16-ны өдөр нотариатаар орж зээлийн гэрээгээ баталгаажуулсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

2.  Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б ХХК, М.Б нараас зээлийн төлбөр 28,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б ХХК, М.Б нараас 297,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Э-т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Миний бие 2023 оны 11 сард хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, оршин байх газрыг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, зугтаж алга болж би сэтгэл санаа, санхүүгийн хувьд зохих хэмжээгээр хохирсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй юм.

4.2. Шүүх шийдвэр гаргахдаа хариуцагч шүүхийг үл хүндэтгэн хариу тайлбар ирүүлэхгүй болон гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж, зугтаж байгаа ёс зүйгүй үйлдэлд санхүүгийн хариуцлага тооцож, алданги гаргуулж өгөх ёстой.

4.3. Түүнчлэн хариуцагч нар хариу тайлбар өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн эс үйлдэхүй мөн гэж үзнэ.

4.4. Шүүхийн шийдвэр нь хуульд үндэслэхээс гадна иргэн хүн баримтлах ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг удирдлага болгох эрхтэй байхад энэ эрхээ зөвхөн хуульд заагаагүй байна гэх байдлаар хандсанд миний бие гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Б ХХК, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал 2024 оны 05 сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3. Талууд 2022 оны 05 сарын 28-ны өдөр 20220529 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Р.Э нь 28,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, М.Б нь Чингэлтэй дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-р байрны ** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг зээлийн хүүнд тооцон Р.Э-ийг эзэмшил, ашиглалтад 12 сарын хугацаатай шилжүүлэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.  

4. Зээлдүүлэгч Р.Э нь 2022 оны 05 сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-ийн Г банк дахь дансанд шилжүүлж, мөн өдөр 8,000,000 төгрөгийг Б ХХК-ийн захирал М.Б-д бэлнээр өгсөн болох нь холбогдох дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдсон.  

5. Улмаар Р.Э, М.Б нар 2023 оны 06 сарын 16-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Б нь 2022 оны 05 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт ...үндсэн зээл 28,000,000 төгрөг, алданги 0.1, нийт 29,200,000 төгрөгийг төлөх... нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

6. Зээлийн гэрээ болон Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г Р.Э , М.Б нар байгуулсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, мөн Б ХХК нь 28,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай албан бичгийг үйлдэж Р.Э-т өгсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаар Б ХХК болон М.Б-г тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

7. Иймд хариуцагч Б ХХК, М.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Э-т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

8.   Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан алданги 14,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Р.Э, М.Б нарын хооронд 2023 оны 06 сарын 16-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1-д ...алдангийн хэмжээ 0.1, нийт төлбөрийн хэмжээ 29,200,000 төгрөг... гэж заасныг анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг 1,200,000 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан ...хариуцагч нарыг эрэн сурвалжилсан, хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй, шүүх ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг удирдлага болгоогүй... гэх үндэслэлүүд нь зээлийн гэрээгээр харилцан тохиролцоогүй алдангийг хариуцагч нараас гаргуулах үндэслэл болохгүй юм.  

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/02550 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...28,000,000... гэснийг ...29,200,000... гэж, ...14,000,000... гэснийг ...12,800,000... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...297,950... гэснийг ...303,950... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР