Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01619

 

М.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/01924 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох,

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01273 дугаар магадлалаар М.Ц-аас 408,719,256 төгрөгийг гаргуулан Д.Н-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Н иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нар миний дүү М.Ц болон М.С бидний хамтран эзэмшдэг Х банкны ************ тоот дансыг битүүмжилж, уг дансанд байсан 80,079,500 төгрөгийг бүхэлд нь төлбөр авагчид шилжүүлсэн. Уг дансанд байсан 80,079,500 төгрөг нь бидний дундын хөрөнгө юм. Хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад Х банкны ************ тоот данс дахь миний хөрөнгө болох 40,039,750 төгрөгийг суутган авсан. Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөх үүрэггүй, гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч гэж заагаагүй миний хөрөнгөөс М.Ц-гийн төлбөл зохих төлбөрийг суутган авч, төлбөр авагчид шилжүүлсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах нийтлэг журмыг ноцтой зөрчсөн. Иймд М.С миний мөнгөн хөрөнгөөс 65,752,634 төгрөгийг суутган авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 04 сарын 11-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч заасан хугацаанд төлбөрийн үүрэг биелэгдээгүй. Төлбөр төлөгчийн арилжааны банк дахь дансыг 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 23380667/159 дугаар тогтоолоор төлбөрийн үнийн дүнгээр битүүмжилж, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлэхэд Х банкнаас төлбөр төлөгч М.Ц-г ************, *************, ************ тоот данстай, данснаас 100,406 төгрөг, 29,125 төгрөг, 47,632 төгрөгийг татан шилжүүлж зарлагын гүйлгээг хязгаарласан хариуг 2023 оны 05 сарын 10-ны өдөр ирүүлсэн. 2023 оны 08 сарын 28-ны өдөр 80,079,500 төгрөг, 2023 оны 12 сарын 05-ны өдөр 4,999,500 төгрөг, 2024 оны 05 сарын 10-ны өдөр 47,632 төгрөг, 2024 оны 01 сарын 03-ны өдөр 1,345,268 төгрөг, 2024 оны 03 сарын 06-ны өдөр 104,337 төгрөг, нийт 86,576,238 төгрөг төлбөр төлөгчийн Х банкны ************ тоот данснаас төлөгдсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Д.Н миний бие нэхэмжлэгч М.С-ын төрсөн дүү М.Ц-д холбогдуулан 2014 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. М.Ц-гийн хамтын үйл ажиллагаанаас олсон орлогын гүйлгээ хийгдэж байсан Х банкны дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан. Нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэлд дурдсан Х банкны ************ тоот дансыг М.Ц дангаараа эзэмшдэг болохыг Х банкны 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 29/8149 тоот Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн тодорхойлолтоор нотлогддог. М.С-ын нэхэмжилж буй данс хамтран эзэмшиж байсан, уг данс дахь мөнгө дундын хөрөнгө байсан эсэх нь урьд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тул шүүх дахин хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр М.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

4. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа М.С, М.Ц нарын хамтран эзэмшдэг Х банк ХК дахь ************ тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 86,528,642 төгрөгийг суутган авсан ба үүнээс нийт 65,752,634 төгрөг нь нэхэмжлэгч М.С-ын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахдаа зөвхөн төлбөр төлөгчийн өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс төлбөр барагдуулах журмыг хуульчилсан байдаг ба ямар ч тохиолдолд төлбөр төлөгч бус, бусад этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөөс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангуулах хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Анхан шатны шүүх М.С, М.Ц нарын хамтран эзэмшдэг Х банк ХК дахь ************ тоот данс нь хадгаламжийн данс болох нь тодорхой нотлогдож байхад харилцах данс гэж үзэж, тус хадгаламжийн дансны хамтран эзэмшигч болох нэхэмжлэгч М.С-ыг дэд эзэмшигч гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Х банк ХК дахь ************ тоот хугацаагүй хадгаламж нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасны дагуу М.С, М.Ц нарын дундаа хэсгээр өмчлөх буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.7-д заасны дагуу Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг баримтлах ёстой.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг баримтлах ёстой боловч Н нь бүртгэлийн ****** дугаартай гүйцэтгэх баримт бичиг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах хуульд заасан журмыг биелүүлээгүйн улмаас төлбөр төлөгч бус М.С-ын өмчлөлийн эд хөрөнгийг М.Ц-гийн төлбөл зохих төлбөрт суутган авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хууль зөрчсөн үйл баримт болно.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хамтран эзэмшлийн дансыг М.С дэд эзэмшигчээр сүүлд нэмж бүртгүүлсэн. Мөн үндсэн эзэмшигчээс зөвшөөрөл авч гүйлгээ гаргадаг гэж анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4-т зааснаар дэд эзэмшигчээс үндсэн эзэмшигч зөвшөөрөл авахгүйгээр гүйлгээ хийж болно гэх зохицуулалттай. Хамтран эзэмшлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотолж чадаагүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.С нь өөрийн эд хөрөнгө болохыг нотолж чадаагүй. Мөн анхан шатны шүүхэд удаа дараа хуурамч нотлох баримт бүрдүүлж, нэхэмжлэл гаргаж байсан. Уг бизнесийг эхлүүлснээс хойш 14 жилийн турш М.С тухайн бизнест нэг төгрөг ч зарцуулаагүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв үнэлж, шударгаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Н-т холбогдуулан Х банк дахь ************ тоот данснаас нийт 86,576,238 төгрөг суутгасан ажиллагаанаас 65,752,634 төгрөгт холбогдох хэсгийг нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Н нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 210/МА2022/01273 дугаар магадлалаар хариуцагч М.Ц-аас 408,719,256 төгрөг болон 2,201,546 төгрөг, нийт 410,920,802 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ. 

4. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Н 2023 оны 04 сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2023 оны 05 сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн арилжааны банк дахь данс битүүмжилж, төлбөр төлөгч М.Ц-гийн эзэмшлийн Х банк ХК дахь ************ тоот данснаас 2023 оны 08 сарын 28-ны өдрөөс 2024 оны 03 сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 86,576,238 төгрөгийн хасалт хийжээ.

5. Дээрх данс нь хугацаагүй хадгаламжийн данс байх ба М.Ц-гийн нэр дээр 2005 оны 05 сарын 21-ний өдөр нээгдэж, М.С нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь Х банк ХК-ийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 29/2727 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Д.Н-н тайлбарт дурдагдсан Х банк ХК-ийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 29/8149 дугаартай албан бичигт ...М.Ц ... ************ тоот төгрөгийн хадгаламжийн данс эзэмшдэг... гэж бичсэн нь М.Ц дангаараа уг дансыг эзэмшдэг, өөр хамтран эзэмшигчгүй гэх агуулгыг илэрхийлээгүй байна.

Иймд гуравдагч этгээд Д.Н-н гаргасан ...Х банкны ************ тоот дансыг М.Ц дангаараа эзэмшдэг болохыг Х банкны 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 29/8149 тоот Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн тодорхойлолтоор нотлогддог... гэх тайлбар үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4-т тус тус заасан харилцах данс-ны зохицуулалтыг хадгаламжийн данс-тай холбоотой маргаанд тайлбарлан хэрэглэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

7. Н нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар үүрэг хүлээлгээгүй буюу төлбөр төлөгч биш этгээдийн хамтран эзэмшдэг дансанд орсон бүх орлогын гүйлгээнээс төлбөр төлөгч М.Ц-гийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгт бүхэлд нь тооцож хасалт хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д ...гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа ... хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасантай нийцэхгүй байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д заасан төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандах зохицуулалт нь төлбөр авагчид хамааралтай зохицуулалт тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

8. Хаан банк ХК дахь ************ тоот данс дахь мөнгөн хөрөнгийг төлбөр төлөгч М.Ц, нэхэмжлэгч М.С нар тодорхой хэсгээр өмчилдөг талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тэдгээрийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар хамтран өмчлөгч гэж үзэж уг дансанд орсон 86,576,238 төгрөгийн орлогын 50 хувь буюу 43,288,119 төгрөг нь М.С-т ногдох хувь, хэмжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Н-ын явуулсан ажиллагаанаас төлбөр төлөгч М.Ц-д ногдох хувь, хэмжээ буюу 43,288,119 төгрөгт холбогдох хэсэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д заасантай нийцсэн гэж үзэв.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/01924 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар төлбөр төлөгч М.Ц-гийн төлбөрт Х банк ХК дахь ************ тоот данснаас хасалт хийсэн 86,576,238 төгрөгийн 43,288,119 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР