Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 66

 

Н.Б-т холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Батсүх, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, Н.Б-т холбогдох 1916002790127 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, Имбээ овогт Н.Б,

2019 оны 06 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 торгох ял,

2021 оны 09 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,

Н.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 24,508,810 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-д, 7,260,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.М-т тус тус олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,287,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгаж, 7 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байхаас гадна шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд амь хохирогч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 20 минутанд 91-71 ГАҮ улсын дугаартай Приус-20 маркийн цэнхэр өнгийн автомашинтай аймгийн төвөөс гарч байгаагаар камерт бичигджээ. Улмаар 12 цаг 25 минутанд 88999766 дугаартай М.П-тай “нөхөртөө түлш өгөх гээд явж байна...” /1-234хх/, 13 цаг 30 минутанд О.Э-той “түлш өгөх гээд явж байна” /248хх/, 14 цагт Г.М болон М.Ц нар дээр ирээд 30 минут болоод явсан талаар Г.М, М.Ц нарын мэдүүлэг авагдсан байна. Мөн 17-18 цагийн үед “нартай” байхад утаа гарч байсан талаар гэрч Б.Н, 20 цагийн үед “нар ташиж байсан” утаа гарсаар байсан талаар гэрч Б.Ө нарын мэдүүлгээс харахад хэрэг учрал 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 14 цаг 30 минутаас 17 цагийн хооронд буюу 2 цаг 30 минутын хугацаанд болжээ. Галын шинжээчийн дүгнэлтээр автомашин бүрэн шатахад 5-6 цаг болно гэсэн нь 17 цагаас 20 цагийн үед утаа гарч байсантай нийцэж байна. Гэтэл хэрэг учрал болсон байж болох 14 цаг 30 минутаас 17 цагийн хооронд Н.Б нь гэрч Ж.М, З.Н, н.Ч нартай хамт байсан нь гэрч Ж.М, З.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэг хүн 2 газар зэрэг байх боломжгүй байхаас гадна гэрч З.Нгийн өмнө өгсөн мэдүүлэг яагаад хэргийн материалд байхгүй байгаа нь эргэлзээг үүсгэж байна. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хөдөөний хүмүүс цаг хугацааны баримжаа муутай, тодорхой хугацаа өнгөрсөн тул тэдгээрийн мэдүүлгийг таамаглалд үндэслэн үнэлсэн ноцтой зөрчил гаргасан байна. Мөн урьд хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар гэрч З.Н, Ж.М нар шүүгдэгчтэй хамт байсан цаг хугацааг тодорхой мэдүүлсэн, сүүлийн хуралдаа өмнөх мэдүүлэг үнэн зөв гэдгээ илэрхийлсэн байхад хоёр шатны шүүх эдгээр мэдүүлгийг үгүйсгээгүй атлаа бусад баримтаар /өөрийн мэдүүлэг болон хамт хоносон гэх 3 гэрчийн мэдүүлэг/ нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийг чулуугаар цохиж алсан эсэхийг, архи хаанаас авсныг, хэнтэй уусныг тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтын үед Г.М, М.Ц нар замдаа архи уугаагүй, архи байгаагүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.М-ын/1-242хх/ мэдүүлэгт үндэслэн асуухад мэдүүлгээ өөрчлөөд архи уугаад, машины цонхоор шидсэн гэдэг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг хохирогчтой архи хувааж уугаад явсан нь амь хохирогчийн цусанд байгаа спиртийн агууламжаар тогтоогдож байна, зөвхөн зам асуугаад явсан гэдэг нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн атлаа Г.М, М.Ц нарын хохирогч архи уугаагүй ирсэн, машинд нь архи согтууруулах ундааны зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нарт архи байх боломжгүй байдалд, мөн таамаглалд үндэслэн хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Н.Б-ын өмнөх мэдүүлгээр хохирогч 1 шил архи хувааж уугаад явсан гэсэн боловч Г.М, М.Ц нарын мэдүүлгээр хохирогч машиндаа архи авч яваагүй, архи уугаагүй байсан нь тогтоогддогоос гадна Н.Б-т тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл байгаагүй байна. Иймд хохирогчийн Говь-Алтай аймгаас архи авсан уу? эсхүл Г.М, М.Ц нар Бигэр сумаас хэдэн шил архи авсан, Н.Б архи авч явсан уу гэдгийг тогтоох шаардлагатай, тогтоох боломжтой. Учир нь амь хохирогч тухайн үед бусадтай нийлэн архидан согтуурахаар хувийн байдал тогтоогдоогүй, ажилладаг газраасаа түр чөлөө авсан, хүүхдээ сургуулиас авах байсан, түлшний мөнгийг бусдаас авсан зэргээс харахад бусадтай нийлж архи уухын тулд 2 шил архи авч нөхөр лүүгээ явах нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гэтэл хоёр шатны шүүхээс Н.Б-ын өөрийнх нь өгсөн худал мэдүүлэг, түүнийг нь дамжуулж сонссон гэх гэрч нарын мэдүүлэгт үндэслэн гэм буруутай нь нотлогдож байна гэсэн нь дээрх хэрэгт авагдсан бодит нөхцөлтэй нийцэхгүй байхаас гадна “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” заасантай нийцэхгүй байна.

Тухайлбал өмнөх анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон Б.Н нь урьд өгсөн мэдүүлгийг нь асуухад чих муу, тэгсэн шиг санагдаж байна гэх мэтээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байснаас гадна Н.Б-г ягаан дээлтэй байсан гэх мэтээр илт зөрүүтэй мэдүүлсэн нь гэрч нарын мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ үүсгэж байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс Н.Б-ын хэргээ хүлээсэн гэх мэдүүлгийг бусад баримттай нийцэж байна гэж дүгнэхдээ зөвхөн яллах талын мэдүүлгийг үндэслэж бусад зайлшгүй тогтоох шаардлагатай мэдүүлгийг үнэлээгүй, түүнд дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ. Шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээн мэдүүлэхдээ гэрч нартай машин шатсан талаараа анхнаасаа мэдүүлээгүй байхад мөн өөрийн өгсөн мэдүүлгийг нь нотолж байна гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн сүүлд мэдүүлэг өгсөн н.Н, н.М нараас бусад бүх гэрч эхний асуултад хариулахдаа Н.Б ямар нэг зүйл хэлсэн талаар мэдүүлээгүй атлаа хэрэгт авагдсан мэдүүлгийг уншихад мэдүүлэг өгсөнөө зөвшөөрч байгаа нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх гэрч нарын өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан нөхцөл байдалтай харьцуулахгүйгээр зөвхөн яллах талыг баримталж, гэрч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгахын оронд өгсөн мэдүүлгээс нь хэрэгтэй “холбоо үгийг” таслан авч гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь буруу юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа албадсан, эрүү шүүлт тулгасан, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй байгааг харуулж байна. Н.Б-г Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 3-4 албан хаагч “яагаад худал яриад байна, бид нараар тоглоод байгаа юм уу, хэргээ хүлээ” гэсэн шалтгаанаар элэг, гэдэс рүү нь өшиглөж, гараараа цохиж, дал, нуруугаар нь бороохойгоор зодож, толгойд нь буу тулган цэнэглэж гэмтэл учруулсны улмаас 2019 оны 03 дугаар сард хагалгаанд орсон эвэрхий задарч, дахин 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хагалгаанд ороод байна.

Энэ талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн бөгөөд хууль зөрчиж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа Н.Б-ын биед ямар шалтгааны улмаас халдсан, гэмтэл учруулсан үйлдлийг нь шалгаж, эрүү шүүлт тулгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан боловч прокурор болон мөрдөгчийн зүгээс хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан. Холбогдох гомдлыг хаасан гэдэг нь хууль бус үйл явдал болоогүй гэсэн үг биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаас Н.Б-тай хүнлэг бус харьцсан байдал тогтоогдож байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд зааснаар эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй. Н.Б-г цагдаагийн алба хаагчид зодсон болох нь гэрч Д.Батдэлгэрийн “...шөнө цагийг нь сайн санахгүй байна, дэд дарга Н.Эрдэнэ-Очир намайг дуудаад хүн үзээдэх гэхээр нь би уг хүнийг нь дагуулж яваад үзлэг хийсэн. ... Бумбаяр нь хий ханиалгаад хүчээр огилт өгөөд өөрт нь зовиуртай байгаад байх шиг байхаар нь анилгин, демодрол тариагаар судсаар хийсэн”, гэрч С.Отгонбатын “... 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тухайн өдрийн ээлжийг ахалж ажиллаж байх үед манай цагдан хорих байранд Н.Б 19 цагийн үед хүргэгдэж ирсэн. Н.Б-г миний бие болон цагдан хорих байрны дарга Г.Ганбат, бага эмч ахмад З.Эрдэнэцэцэг, хүний тоо бүртгэлийн байцаагч ахлах дэслэгч Л.Дагиймаа нар хүлээн авч Н.Б-ынбиед үзлэг хийж тэмдэглэл хөтлөн, тоо бүртгэлд оруулж хүлээн авсан. ... нүцгэн биеийг үзэхэд зүүн далны доод хэсэгт хөхрөлттэй байсан ба хэмжээг нь хэлж мэдэхгүй байна. Далны хэсэгт үүссэн шарх сорвийн талаар асуухад цагдаагийн газар мэдүүлэг өгч байхад бороохойдуулсан гэсэн”, гэрч Г.Ганбатын “...юу олсон талаар асуухад миний нуруу руу резенин бороохойгоор 4 удаа бороохойдож цохьсон гэж хэлсэн” шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 01 дугаартай хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, Н.Б-ынтодорхой, үйл баримтыг дурдаж өгүүлсэн мэдүүлэг зэргээр эрүү шүүлт тулгасан, гэмтэл учруулсан нь тогтоогдсоор байхад хэрэгт холбогдогч цагдаагийн алба хаагч нарын эрс үгүйсгэсэн мэдүүлгийг үндэслэж хэргийг хаасан нь илт үндэслэл муутай байхаас гадна хэргийн бодит байдлаас зөрүүтэй байгааг шүүх анхаарч чадаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийн жинхэнэ байдал тогтоогдоогүй байхад шүүхүүд таамаглалд үндэслэж, “Замын хүрэн” гэх газар эзгүй хээр газар тул өөр хүн байхгүй гэсэн байдлаар шүүгдэгч Н.Б-ынөөрийнх нь өгсөн худал мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсоноос өөр бусад баримтыг нэрлэн зааж чадаагүй байна. Иймд шүүх Н.Б-т холбогдох хэргийн жинхэнэ байдлыг тогтоож чадаагүй байх тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн саналдааАнхан болон давж заалдах шатны шүүх энэ хэргийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай шинжлэн судалсны үндсэн дээр үнэн зөв бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүдэн шүүж авсан баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Шийтгэх тогтоол, магадлалд маш тодорхой дурдсан. Н.Б-аас хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд 09 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлгийг эрүүдэн шүүсэн гэдэг асуудлыг ярьдаг. Гэвч уг мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, харин хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн буюу яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэл болгож, хэргийг шийдвэрлэсэн. Н.Б-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаан дээр түүний өмгөөлөгч Н.Б гэм буруугийн талаар маргахгүй байгаа, энэ талаар тогтвортой мэдүүлэг өгч байгаа гэсэн саналыг гаргаж байсан. Шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд нь тухайн шүүгдэгчтэй хамт хоносон, мөн очиж гэрийг нь барилцсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч өөрөө “би хувцсаа цус болчихоор нь угаасан юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Баяржаргал, Мөнхчимэг, Алтанбагана нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хохирогчийн хувьд ч гэсэн хэргийн бодит байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй гэдэг дээр гомдолтой байгаа. Учир нь яг ямар байдлаар амь насыг нь хохироосон, шатаасны улмаас амь нас нь хохирсон юм уу, чулуугаар цохисны улмаас амь нас нь хохирсон юм уу гэдгийг ялгаж зааглах боломжгүй нөхцөлд байгаа учир шүүх хэрэгт тодорхой байгаа баримтад нь үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэрчүүд хэрэг болсон гэх цаг хугацааг багцаагаар хэлдэг. Хөдөө орон нутгийн малчид цагийг дандаа баримжаагаар хэлдэг. Тодорхой цаг хугацаанд ингээд байж байсан юмаа гэдгийг тогтоосон баримт байхгүй. Гэрчийн мэдүүлэгт дурдсан хугацааг Н.Б-ынмэдүүлэг үгүйсгэсэн. Хэрэг хаана гарсан гэдгийг тогтоосон, хэн үйлдсэн бэ гэдгийг шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг бусад гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон гэж үзэж байна. Шөнө хамт хоносон гэрч нар болох Одгэрэл, Янжмаа, Давааням нарын мэдүүлгээр “тэр шөнө хамт хонохдоо манай найзын приус машин шатсан байна, манай найз машинаа шатаасан байна” гэсэн хэний ч мэдэх боломжгүй зүйлүүдийг Н.Б тухайн үйл явдал болсоны шөнө нь хэлсэн байдаг. Хохирогчийн цуснаас согтууруулах ундааны зүйл илэрсэн гэдэг боловч Н.Б-ынмэдүүлж байгаа шиг хоёр шил архи уусан, тийм хэмжээний зүйл илрээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Б хохирогчийн амь насыг хохироосон болох нь тогтоогдсон гэж үзэх хангалттай үндэслэл байгаа. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгаж өгнө үү гэсэн байр сууринаас оролцсон. Харин хяналтын шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийх боломж байхгүй. Гэрчийн мэдүүлэг дээр шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн гэх асуудал яригдсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь тогтоогдоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдааАнхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хэлсэн саналдаа2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг Замын хүрэн гэх газар Б автомашинтайгаа шатсан үйл баримт болсон. Тухайн үедээ улс орон даяар цочроосон үйл явдал болж, 7 хоногийн дараагаас холбогдогч этгээдийг тогтоож, нөхцөл байдал шалгагдаж эхэлсэн. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар мөрдөн байцаалтад тогтоогдоогүй зүйлүүд илэрч байсан. Эрүү, шүүлт тулгасан гэх асуудал яригддаг, энэ бол Н.Б-ын мэдүүлэгт эх сурвалж болсон үйл ажиллагаанууд шалгагдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ярихдаа цагдан хорих байранд ирэхдээ хөхрөлттэй ирсэн, Н.Б цагдаа нарт зодуулсан гэх асуудлыг ярьсан гэдэг. Цагдаа нар зодсон, зодоогүй гэх асуудал тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Амь хохирогчийн хувьд тэмцэлдсэн нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Тэр хөхрөлтийг цагдаа нарт тохож байхыг үгүйсгэхгүй юм. Мөн эвэрхий задарсан гэдэг боловч цохиулж, зодуулснаас бус хүнд юм өргөснөөр эвэрхий задрах илүү магадлалтай байдаг юм билээ. Амь хохирогчийг 1 км шахуу газар өргөж, чирч явсан байдаг. Тэгэхээр үүнээс болж эвэрхий задрах боломжтой. Н.Б-ын хувьд өмнө нь болсон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд надад буу тулгаад явж байсан гэх асуудлыг ярьдаг. Гэтэл тус ажиллагаанд аймгийн прокурор, хяналтын прокурор, цагдаагийн газрын дэд дарга, мөн цагдаагийн ерөнхий газраас ирсэн мөрдөгч нар оролцсон байдаг. Уг ажиллагаа тогтоогдоод ирэхээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд ийм зүйл болоогүй, надаас мэдүүлэг авахдаа буу тулгасан юмаа гэж өөрчлөөд ярьж байсан. Н.Б өөртөө ашигтай байдлаар мэдүүлгээсээ буцаж эхэлсэн гэж хардаг. Мөн шинжээчийн дүгнэлтүүд танилцуулагдаж эхэлсэн үеэс мэдүүлгээсээ буцаж эхэлсэн нь ажиглагддаг. Өмгөөлөгчтэйгээ хоёр удаа мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйл баримтыг маш тодорхой ярьсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон гэж үзэж байгаа учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Н.Б-т холбогдох хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах боломжит бүхий л ажиллагааг хийсэн ба хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нь хохирогч болон түүний нөхрийн талаар, мөн автомашин шатсан талаар гэрч нарт ярьсан бөгөөд уг мэдүүлэгт өөрөө зохиож, хийсвэрлэж ярих боломжгүй мэдээллүүд байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан билээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлага хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт адуугаа хайж явахдаа Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа явсан хохирогч 45 настай, эмэгтэй М.Б-тэй тааралдаж, улмаар түүнийг боож унаган чулуугаар цохиж алснаас гадна үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 11 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 жил 11 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу тухайн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хууль зөрчин бэхжүүлэх, эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй хэдий ч тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгч А.Зүмбэрэлийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... адуу дурандаад сууж байтал аймаг талаас цэнхэр өнгийн Приус маркийн машинтай нэг эмэгтэй хүн ирсэн. ...Тэр эгч урагшаагаа хөдөлж яваад буцаад ухарч ирээд сэтгэл санаа тавгүй байна, архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дуугаралгүй байж байтал машинаасаа 0.75л архи гаргаж ирээд задалсан. ...Тэгээд тэр эгч надад архи авч өгсөн, чи одоо надад архи авч өг гээд маргалдсан. Тэгээд маргалдаж байснаа тэр эгч миний толгой руу нэг юмаар цохиод авсан, би уур хүрээд тэр хүнийг боогоод унагачихсан. Тэгээд би толгойны шанаа хавьцаа чулуугаар цохисон, тэр эгчийн толгой, хамар орчмоос цус гарч байсан. ...би өргөсөн чинь даахгүй байсан эхлээд, өргөж явж байгаад худаг шиг юмны цаад талд очоод тэрнээс цааш чирээд явсан. ...Тэгээд тухайн юүлж авсан 250 гр орчим дизелийн түлш байхаар нь машины суудал дээр асгаад шүдэнз зураад асаачихсан юм. Тэгээд айхдаа тухайн газарт байсан хүнийг машины урд талын копутан дээр нь тавьсан юм” /2хх-99-102/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн нь түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /3хх-68/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Б /2хх-50/, гэрч Ж.М /2хх-59/, гэрч Ц.О /2хх-129/, гэрч З.Н /2хх-133/, гэрч Б.Я /2хх-137/, гэрч Д.Б /2хх-139/ нарын өгсөн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Түүнчлэн мөрдөгч нар Н.Б-г хэрэг хүлээлгэх зорилгоор зодож, эрүүдэн шүүсэн талаар өмгөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлын дагуу зохих мөрдөн шалгаж ажиллагаа хийгдэж, хэргийг шалгасан мөрдөгч нарын зүгээс Н.Б-т эрүү шүүлт тулгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тогтоолоор /6хх-62/ холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлд тулгуурлан үнэлэх замаар тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах талаар түүний өмгөөлөгч А.Зүмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН       

                ШҮҮГЧИД                                                          Б.БАТЦЭРЭН 

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН