Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 273

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж ын Э ,  

Нэхэмжлэгч: Г ын У , 

Нэхэмжлэгч: Г ын Г , 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал, 

Гуравдагч этгээд:  И.О , Ш.Т , А.Н , Д.Г нар, 

Гуравдагч этгээд: Т.У , 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э , Г.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , гуравдагч этгээд Т.У , гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд И.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н , гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т , гэрч А.Ж , Х.Д , Л.С , Н.О ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э , Г.У , Г.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэд бид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эдэлж чадалгүй хууль зөрчсөн хүмүүсийн үйл ажиллагаанаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй иргэн бүрийн оролцоог хангаж өөрсдийн хорооныхоо үйл ажиллагаанд бүрэн эрхтэйгээр оролцож хуульд заасан шийдвэрүүдийг гаргахад хэнээс ч хараат бусаар санал өгөн оролцох эрхтэй билээ. 

Гэтэл 2016 оны .. дугаар сарын 24-ний өдөр хуралдсан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан нь уг хуралдааныг хэрхэн зарлаж явуулах, тэргүүлэгчдийг хэрхэн сонгох, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хэрхэн зохион байгуулж явуулахыг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан заалтуудыг ноцтой зөрчиж, тус хорооны иргэд бидний хорооны хуралдаандаа оролцох эрхээр минь хангалгүйгээр хууль бус ирц хүрээгүй байхад нууц байдалтайгаар хуралдааныг явуулж дээрх шийдвэрүүдийг гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтуудад зааснаар анхдугаар хуралдааныг хуралдуулахаас өмнө 15 хоногийн өмнө хорооны иргэдийг тус хуралдаанд оролцох боломжоор хангаж, хурал хэзээ, хаана, хэдэн цагт ямар асуудлыг хэлэлцэх талаар нарийвчлан тусгасан мэдээлэл бүхий зарлалыг хүргэх ёстой байсан боловч тийм зүйлийг хийгээгүй, хуралдаан болох талаар хорооноос очиж асуухад мэдэхгүй гэж байсан атлаа ийнхүү нууц байдлаар иргэд бидэнд мэдэгдэлгүйгээр хуралдааныг хийж шийдвэр гаргаж байгаа нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. 

Иргэд бид зарласан зарыг нь хараагүй юм болов уу гэж бодсон боловч угаасаа хуульд заасан хуралдааны зарыг байрлуулаагүй, хорооны иргэдэд зориулж тараагаагүй болохыг мэдсэн ба биднээс гадна маш олон иргэд тус хуралдаанд бусдыгаа төлөөлөн оролцох байсан боловч оролцож чадаагүй, хуралдаан болсон өдөр загнуулан хорооныхоо байранд ч орж чадалгүй хөөгдсөн, тус хуралдаанд ороход нийт ирсэн гэх хүмүүс нь 40 хүн байсан ба тухайн хороонд нийтдээ 2600 гаруй өрх байдаг ба эдгээр өрхийг төлөөлөх бүрэн эрхгүй хүн болох Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга н.Бурмаа гэж хүн тус хурлыг удирдаж даргалан явуулсан нь иргэд бидний өөрсдийн хорооны хуралдаанаа удирдан явуулах, тэргүүлэгчээ сонгох, Засаг даргаа нэр дэвшүүлэх эрхэд үндэслэлгүйгээр халдаж хүчээр асуудлыг шийдвэрлэсэн нь илэрхий нотлох баримтуудаар нотлогдох болно.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нэршлээсээ харахад л тухайн хорооны иргэн бүр тус хуралдаанд оролцож өөрийн үзэл бодол цаашид хорооны үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар өөрийн санал бодлоо илэрхийлж хорооны үйл ажиллагааг удирдуулах, хурлыг тэргүүлэх тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудалд бүрэн оролцох боломж хуулиар олгогдсон байхад ийнхүү хууль бусаар эрхийг минь зөрчсөн дээрх Баянгол дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, Тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

“Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Э , Г.У , Г.Г нараас “Баянгол дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн нийтийн хуралдааны дарга, тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны .. дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж 2016 оны .. дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоосон. 

Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан “... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороонд улсын бүртгэлээр бүртгэгдсэн 2652 өрх бүртгэлтэй бөгөөд 30 өрх тутамд 1 хүн буюу 88,4 /2652:30*100=88.4/ иргэн ирснээр хүчинтэй тооцогдох хуралд нийт 103 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна. 

Хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Г нээж хуралдаан даргалагчид Баянгол дүүргийн 5 дугаар хороо ...-.. тоотод оршин суух иргэн У.Т ийн нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын 100 хувийн санал авч хуралдааны даргаар сонгогдсон байна. 

Хуралдаанаар ...-.. тоотын иргэн Д.Г нь: .. дүгээр байрны иргэн И.О , .. дугаар байрны иргэн Ш.Т нарын нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад И.О , Ш.Т нарыг 92 иргэн дэмжиж, 11 иргэн дэмжээгүй санал өгч, 94.76 хувийн саналаар, .-. тоотод оршин суух иргэн Л А нь: .. дугаар байрны иргэн Д.Г , 122 дугаар байрны иргэн А.Н нарын нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад 95 иргэн дэмжиж, 8 иргэн дэмжээгүй санал өгч 97,5 хувийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр сонгогдож иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан байна. 

...-.. тоотод оршин суух иргэн Д.Г 05 дугаар хорооны Засаг даргад .. дугаар байрны иргэн Т.У ын нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад 92 иргэн дэмжиж, 11 иргэн дэмжээгүй санал өгч хуралдаанд оролцогчдын 94.76 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан байна. 

Дээрх тогтоолууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна.

Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд И.О , Ш.Т , А.Н , Д.Г нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд иргэн Ж.Э , Г.У , Г.Г нараас “Баянгол дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны .. дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж 2016 оны .. дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоогдож, зар тарсны дагуу хорооны иргэд иргэдийн Нийтийн Хуралд оролцсон юм. 

Хуралд нийт 103 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн. Хуралдаанаар ...-.. тоотын иргэн Д.Г нь: .. дүгээр байрны иргэн И.О , .. дугаар байрны иргэн Ш.Т нарын нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад И.О , Ш.Т нарыг 92 иргэн дэмжиж, 11 иргэн дэмжээгүй санал өгч, 94.76 хувийн саналаар, .-. тоотод оршин суух иргэн Л.А нь: .. дугаар байрны иргэн Д.Г , 122 дугаар байрны иргэн А.Н нарын нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад 95 иргэн дэмжиж, 8 иргэн дэмжээгүй санал өгч 97.5 хувийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр сонгогдож иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан юм. 

...-.. тоотод оршин суух иргэн Д.Г 5 дугаар хорооны Засаг даргад .. дугаар байрны иргэн Т.У ын нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад 92 иргэн дэмжиж, 11 иргэн дэмжээгүй санал өгч хуралдаанд оролцогчдын 94.76 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан болно. Дээрх тогтоолууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна. 

Энэхүү хуралд нэхэмжлэл гаргагч Ж.Э , Г.У , Г.Г нар нь оролцож өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан тул хуралд оролцоогүй, эрхээ эдэлж чадаагүй гэж үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Т.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны .. дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж 2016 оны .. дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоосон. 

Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан “... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороонд улсын бүртгэлээр бүртгэгдсэн 2652 өрх бүртгэлтэй бөгөөд 30 өрх тутамд 1 хүн буюу 88,4 /2652:30*100=88.4/ иргэн ирснээр хүчинтэй тооцогдох хуралд нийт 103 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна. 

Хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Г нээж хуралдаан даргалагчид Баянгол дүүргийн 5 дугаар хороо ...-.. тоотод оршин суух иргэн У.Т ийн нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын 100 хувийн санал авч хуралдааны даргаар сонгогдсон байна. 

...-.. тоотод оршин суух иргэн Д.Г 05 дугаар хорооны Засаг даргад .. дугаар байрны иргэн Т.У ын нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад 92 иргэн дэмжиж, 11 иргэн дэмжээгүй санал өгч хуралдаанд оролцогчдын 94.76 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан байна. 

Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э , Г.У , Г.Г нараас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нар нь “хурлын зарыг иргэдэд хүргээгүйгээс уг хуралд оролцох эрхээр минь хангаагүй, хуульд заасан ирц хүрээгүй байхад хуралдаж маргаан бүхий тогтоолуудыг гаргасан”, хариуцагч нь “хуралд 103 иргэн хүрэлцэн ирсэнээр хуульд заасан ирц бүрдсэн” гэж тайлбарлан маргасан байна. 

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын өмнөх буюу бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа Тэргүүлэгчдийн 2016 оны .. дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах тухай” 07 дугаар тогтоолоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт буюу амралтын өдөр хуралдуулахаар товыг тогтоож, хурлаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгох, хорооны Засаг даргыг сонгож, дүүргийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоож хуралдааны зарыг хорооны иргэдэд хүргэж ажиллахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичиг Н.О д үүрэг болгожээ. 

Нэхэмжлэгч нараас 2016 оны .. дугаар сарын 24-ний өдөр болсон 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирц хүрээгүй гэж маргадаг ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно”, мөн 2016 оны статистик тоон мэдээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо  2652 өрхтэй гэх баримтыг хорооны Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн, энэхүү өрхийн тоог нэхэмжлэгч нар үгүйсгээгүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн хуралдаанд хамгийн багадаа 88-аас дээш тооны иргэд оролцсон болох нь анхдугаар хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэлийн хүснэгт зэрэг нотлох баримт, гэрч н.Ж ын “...А намын 80 гаруй, бусад нь жирийн иргэд ирсэн байсан...”, Н.О гийн хурлын заал нь дүүрсэн байснаас зарим нь орж чадаагүй, ирцийг бүртгэхэд 103 хүн ирсэн байсан гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заажээ. 

Хавтаст хэрэгт авагдсан иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагааг баримтжуулсан болон зарыг орцны үүдээр байршуулсан фото зураг, нэхэмжлэгч Ж.Э , Г.У , мөн гэрч Л.С нарын уг маргаан бүхий хуралдаанд оролцсон байдал, гэрч Н.О гийн “хурлын заал нь 50 гаран хүний суудалтай, нэмж хэдэн эгнээ сандал тавьсан, суудал хүрээгүй хүмүүс араар зогссон заал дүүрснээс зарим нь орж чадаагүй, ирцийг бүртгэхэд 103 хүн ирсэн байсан, хуралдааны зарыг бүх Сууц өмчлөгчдийн холбоодын байранд болон боломжит орцны үүдэнд наасан, зар салхи шуурга болон бусад шалтгаанаар унасан байхыг үгүйсгэхгүй, би өөрөө энэ ажлыг хариуцаж хийсэн” гэх тайлбар, мөн тус хороонд нийт 8 Сууц өмчлөгчдийн холбоо байдгаас “Өргөө-..”, “Энэрэл-.”, “т” зэрэг гурван Сууц өмчлөгчдийн холбооноос бусад нь зар хүрсэн эсэх талаар үгүйсгэсэн тайлбар ирүүлээгүй зэргээр хуралдааны зарыг иргэдэд хүргээгүй, иргэдийг хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй, хуралдааны ирц хангалтгүй байсан гэх үндэслэл хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ. 

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт 103 хүний ирцтэйгээр хуралдуулж, “Хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгож батлах тухай” 04 дүгээр тогтоолоор Б.Г ыг тус хорооны Иргэдийн Нийтийн хурлын даргаар, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр И.О , Ш.Т , Д.Г , А.Н нарыг олонхийн саналаар сонгож баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж хуульд тус тус заасны дагуу үйл ажиллагаа явагдсан байна. 

Нэхэмжлэгч нар уг хуралдааныг хуульд хамгийн ахмад настай хүн даргалж явуулна гэсэн байтал иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Г даргалан явуулсан нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч хуралдааны тэмдэглэлд тус хорооны ... дүгээр байрны .. тоотод оршин суугч У.Т даргалан явуулсан ба 04 дүгээр тогтоолд “Хуралдаан даргалагч У.Т ” гэж гарын үсэг зурсан нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэсэн заалттай нийцжээ. 

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Т.У ыг хорооны засаг даргад нэр дэвшүүлж, олонхийн санал авсан тул түүнийг томилуулахаар дүүргийн Засаг даргад уламжилсан байна.

Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг олонхийн саналаар сонгосон 04, 05, 07 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгч Ж.Э , Г.У , Г.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт нь ямар зорилгоор гарын үсэг зурсан болох нь тодорхойгүй, иргэдийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотлох баримтын шаардлагыг хангаж ирүүлээгүйгээс шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй байна. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э , Г.У , Г.Г нарын гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны .. дугаар сарын 24-ний өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон болон хорооны Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА