Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0601

 

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Г-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Г-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Гыг ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5 789 724 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Орон нутгийн цагдаа, Засаг дарга нарын зүгээс удаа дараа Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г нь ажил үүргээ цалгардуулж байгаа, хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа тухай мэдээ, мэдээлэл, холбогдох баримтыг ирүүлж байсан бөгөөд нэг бус удаа түүнд сахилгын шийтгэл оногдуулж хууль хэрэгжүүлж ажиллахыг сануулж байсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх яам өөрөө газар дээр нь очиж дахин шалгах ёстой гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтыг зөрчиж байна.

Хуулийг илтэд буруу хэрэглэж, тайлбарласан тухайд: Төрийн албаны тухай хуулийн “...47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” ... гэж, “... 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг үндэслэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Албан тушаалаас халах тухай” Б/06 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Яагаад уг тушаалыг гаргаснаа шүүхэд тайлбар хүргүүлж ажилласан. Гэтэл шүүх хуульд үндэслээгүй, зорилгодоо нийцээгүй, үндэслэл бүхий биш гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүнд мэдэгдэл хүргүүлсэн, мөн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан.

Шүүх мөн нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй гэж үзэж байгаа нь ташаа ойлголт бөгөөд яамны зүгээс удаа дараа Т.Год анхааруулга, чиглэл өгч байсан, гар аргаар хууль бусаар алт олборлож байгаа тухай нотлох баримтууд орон нутгаас яаманд ирүүлсэн байдаг. Энэ бүгдийг, яам үндэслэж шийдвэр гаргасан” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0654 дүгээр шийдвэрийн дагуу Т.Гыг Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилсон боловч,

2018 оны 11 дүгээр сарын 29-ний Б/57 дугаар тушаалаар Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г нь 1) Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, 2) дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 1) Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, 2) Улсын тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулахдаа хуульд нийцүүлээгүй, 3) дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэмээн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Гыг Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас халсан байна.

Нэхэмжлэгч “...2018 оны ажлын тайлангаа өгөхөд танд сануулах арга хэмжээ авсан гэж тушаалын хуулбар өгсөн. Би энэ тушаалыг хэдийгээр ойлгохгүй, зөвшөөрөхгүй байсан ч маргаан үүсгэлгүй ажлаа үргэлжлүүлэн хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэж байхад өмнө нь ногдуулсан зөрчлийг давхардуулан ногдуулж ажлаас халсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч Т.Г нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн талбайд иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлосон удаа дараагийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан, уг үйл баримт болон түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/57 дугаар тушаалтай маргаагүй байна.

Хэрэгт авагдсан хариуцагчийн ажлаас халах үндэслэл болсон гэх Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” албан бичгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 33-1/3231 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 210 дугаар албан бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдад хүргүүлсэн гэж ойлгогдохоор байх бөгөөд уг үндэслэл болсон албан бичгүүд болон Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 10/7800 дугаар албан бичгүүд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна.

Гэтэл хариуцагчаас дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч дахин гаргасан эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй атлаа энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж, уг үндэслэлээр ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь холбогдох үйл баримтыг шийдвэр гаргахаас өмнө журмын дагуу шалгаж тогтоох ёстой бөгөөд захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй, энэхүү үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тохиолдолд захиргааны акт хууль ёсны болж чадахгүй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай зохицуулжээ.

Хариуцагчаас “...3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...нэг бус удаа түүнд сахилгын шийтгэл оногдуулж хууль хэрэгжүүлж ажиллахыг сануулж байсан” гэж тайлбарлан маргах боловч 3 ба түүнээс дээш удаа буюу “удаа дараа” албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан үйлдлийг хариуцагчаас бүрэн нотолж чадаагүй, мөн дахин зөрчил гаргасантай холбоотой баримтыг анхан шатны шүүхээс шаардсан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шиг “...шүүх Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийг илтэд буруу тайлбарласан” гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                         ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ