Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2023/0035

 

Ж.Ж-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 Даргалагч, Танхимын тэргүүн            Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                 Д.Батбаатар  

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ц.Цогт              

Илтгэгч шүүгч                     Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2023/0001 дүгээр шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, П.С нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Ж.Ж-ээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан. Уг Журмын 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.”, 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” гэж тус тус заажээ.

2.2. Нэхэмжлэгч Ж.Ж-ээс “... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтаа хэрэгжүүлэх үндсэн зорилгод чиглээгүй, хуулийнхаа үйлчлэл, хүчин чадлаас давсан эрх зүйн актын хэм хэмжээг дангаар тогтоосон, нас өндөр болж хөдөлмөрлөх чадвараа алдаж буй төрийн албан хаагчдыг хохироосон заалт болсон гэж үзэх бүрэн үндэстэй.

… Төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна. Бүх насаараа төрд ажилласан хүмүүс өөрсдөд нь зориулсан цор ганц нааштай нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байлгахад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалт бүхэлдээ чиглэсэн бөгөөд аливаа журам тухайн хуулийнхаа агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Журам бол хуулиар зохицуулагдах үйл ажиллагааны процессыг журамлах үүрэгтэй эрх зүйн акт юм. Засгийн газар буцалтгүй тусламж олгох тухай Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг явцууруулж хуульд байхгүй хэм хэмжээ тогтоож нас өндөр болсон төрийн албан хаагчийн эрх ашгийг илтээр хохироож байх бөгөөд энэ байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасныг зөрчжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт,  өөрчлөлт орсон гэж тогтоолд дурдсан байх ба энэ талаар тухайлсан заалт ороогүй. Тогтоолын аль хэсгүүдэд ямар өөрчлөлт орсон нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7-д заасантай зөрчилдсөн. Төрийн албаны зөвлөлөөс Сангийн сайд Ч.Х-т 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1102 дугаар албан бичгээр хэд хэдэн журмын төсөлтэй холбоотой саналыг хүргүүлсний дотор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалттай холбоотой ямар нэг санал байхгүй байна. Иймд энэ заалтыг батлахдаа төрийн төв байгууллагаас тухайлсан санал аваагүй бөгөөд маргаж буй заалттай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй.

 Миний бие орон нутагт 1983-2016 он хүртэл дунд сургуулийн Тоо, физикийн багш, сургуулийн Захирал, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг дарга зэрэг ажлыг гуч гаруй жил хийж байгаад 2016 оны намар Улаанбаатар хотод ирж Ц  д Ү с  төрийн өмчит компанийн нийгмийн асуудал, нийтлэг үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажилласан. 2019 онд Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Д гэгч намайг элдвээр шахаж хавчаад ажлаа өгөхөөс аргагүй болсон. 2021 оны эхний улиралд Төрийн албаны зөвлөл дээр зарлагдсан ажлын байранд өрсөлдөн болзол шаардлагыг хангаж Төрийн албаны зөвлөлийн ... гүйцэтгэх албан тушаалд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр томилогдож, 22 сар орчим ажилласан. Нийт төр, улсын байгууллагад 39 жил, 5 сар орчим ажиллаж байна. Үүнээс төрийн үйлчилгээний, захиргааны, улс төрийн албан тушаалд 31 жил орчим ажилласан. Миний зүгээс төрд ажилласан 31 сарын тэтгэмжээ аваад чөлөөлөгдье гэсэн өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн боловч Монгол Улсын Засгийн газрын дээрх Журмын 1.2 дахь заалтаар дахин жил гаруй хугацаанд ажиллах шаардлага гарсан. Надад одоо цаашдаа ажиллах эрүүл мэндийн боломж ч байхгүй тул тэтгэмжээ авахгүйгээр хохирч үлдэх сонголт л үлдэж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэж маргажээ.

2.3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 “...  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дахь заалтаар өмнө нь төрд ажиллаж байсан боловч дунд нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгохынхоо өмнө төрийн албанд буцан орж, богино хугацаанд ажиллаж байгаад уг тусламжийг (өмнө нь төрд ажилласан жилийнхээ нийлбэрээр) тооцуулж авах боломжтой байсан. Гэвч энэ зохицуулалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй бөгөөд тодорхой хугацаанд төрд ажиллаагүй завсардсан хүмүүс хамгийн сүүлд шинэчлэн тогтоож нэмэгдсэн цалинг өмнө ажиллаж байсан хугацаагаар үржүүлэн өндөр тэтгэмж авах боломжтой байсан. 2019 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор захиргааны актуудыг шинэчлэх үед дээрх байдлыг залруулж үүсэж болох үр дагавраас урьдчилан сэргийлэх талаар нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрд тогтвор суурьшилтай ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон төрийн албан хаагчдад олгодог байх шалгуурыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан журмын зохицуулалтад тусгаж өгсөн, журмын энэхүү хязгаарлалт нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчмыг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний нийгмийн хамгааллаар хангагдах эрхийг зөрчөөгүй.

Түүнчлэн журмын шинэчилсэн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шалгуур нөхцөлийн хүрээнд боловсруулж батлагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон заалтыг 2019 оны 7 дугаар тогтоолд оруулж, нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын дагуу хэлэлцүүлж тогтоол албажсан. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын (хуучнаар) 5.1-д зааснаар Төрийн албаны зөвлөлийг оролцуулан холбогдох байгууллагуудын саналыг авсан. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1102 дугаар Сангийн яаманд хүргүүлсэн хариу албан бичгээр “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын төсөлд 6 санал өгсөн боловч Журмын төслийн 1.2, 2.1 дэх заалтад тусгайлсан санал өгөөгүй бөгөөд үүнийг дээрх заалтуудын хувьд саналгүй эсвэл дэмжиж байна гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3-т тус тус заасны дагуу яамдын шийдвэр буюу Засгийн газрын гишүүний баталсан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж бүртгэдэг. Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол гаргадаг. Харин төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж бүртгэдэг. Иймд Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор (тухайн үеийн) батлагдсан Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын дагуу холбогдох шаардлагыг ханган хэлэлцэж, албажуулсан” гэжээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Үүнд:

3.1. “... Маргаан бүхий журмын заалтууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцсэн.

 3.2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Журмын 2.1 дэх заалт нь Журмын 1.2 дахь заалттай харилцан хамааралтай бөгөөд нэгэнт Журмын 1.2 дахь заалтыг хуульд нийцсэн гэж дүгнэж буй энэ тохиолдолд Журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Уг журам нь гагцхүү нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг зохицуулсан, энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг аливаа байдлаар хязгаарлахгүй.

3.3. (Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3-т Засгийн газраас баталсан хэм хэмжээний актын хувьд тусгай зохицуулалтай тул) Засгийн газраас батлан гаргасан хэм хэмжээний актын хувьд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүйг буруутгах үндэслэлгүй, бүртгүүлээгүй нь уг хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй.

 3.4. Засгийн газар дээрх хэм хэмжээний актыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан, Журмын 1.2 болон 2.1 дэх заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ...” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1. “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасан зохицуулалтын дагуу маргаан бүхий журмыг цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авсан эсэх нь эргэлзээтэй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийгээгүй байтал “яамдаас санал ирүүлсэн тул Журмын 1.2-т заасан зохицуулалтыг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

4.2. Давж заалдах шатны шүүхээс “гагцхүү нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг зохицуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчөөгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба миний үйлчлүүлэгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал хангагдахгүй байгаа талаар шүүх хуралдаанд болон бичгээр гаргасан нэхэмжлэлдээ тайлбарлан маргасаар байтал ийнхүү дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

4.3. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “... Захиргааны хэм хэмжээний актын хувьд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь уг хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй юм” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.”, 65.2-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй.” гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүрэн хангасан эсэх нь эргэлзээтэй гэж маргаж байгаа бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, нэгэнтээ хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул уг журмын зохицуулалт хүчин төгөлдөр үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүх Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлийн шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байна.  Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шийдвэр хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

6. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталжээ.

7. Уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны үйл ажиллагааны эрх зүйн хэлбэр байна. Тодруулбал, дээрх журмыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага буюу Засгийн газраас нийтийн/төрийн албанд заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, төрийн албан хаагч (иргэн)-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгох болзол, шалгуур, хэмжээг заасан ба уг нөхцөлийг хангасан иргэний хувьд тусламж авах эрх үүсэж (хангахгүй бол үүсэхгүй) байгаагаараа гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавартай, нэг удаагийн бус нийтлэг тохиолдлыг зохицуулсан байнга үйлчлэх шинжтэй тул захиргааны хэм хэмжээний актад хамаарна.    

8. Захиргааны ерөнхий хуулийн 60-68 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлага болон уг актыг батлах (шийдвэр гаргах) журмыг нарийвчлан зохицуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий журмын заалт аль алиныг нь зөрчсөн гэж маргасан байна.

9. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын (цаашид Журам гэх) 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.”; 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” гэж тус тус заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2. “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх; 60.1.6. “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн шаардлагыг зөрчсөн, мөн эдгээр заалтыг батлахдаа төрийн төв байгууллагаас тухайлан санал аваагүй, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй нь хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-ыг зөрчсөн гэж үзжээ.   

10. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгээр хууль тогтоогчоос Засгийн газарт журам батлах эрх олгосон ба уг зүйлийн “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ...” гэсэн эхний хоёр өгүүлбэр нь эрх олгосон хуулийн буюу Засгийн газрын батлах журмын агуулга, зорилго, хүрээг тодорхойлж байна.

11. Тухайлбал, уг хуулийн зорилго нь төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь буцалтгүй тусламж олгоход чиглэгдэх бөгөөд хамрах хүрээ нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч байна”, тусламжийг “үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцох” ба дээд хэмжээ нь “36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй” бөгөөд зөвхөн нэг удаа олгох хязгаарыг заажээ. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн удаах буюу сүүлийн өгүүлбэрээр нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох “цалингийн дундаж хэмжээ” болон “олгох шалгуур нөхцөл”-ийг тодорхойлсон журмыг Засгийн газар батлахаар заасан. Энэхүү шилжүүлсэн эрхийн хүрээнд баталсан маргаан бүхий журмын заалтыг бүхэлдээ эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнээс хэтэрсэн, түүнчлэн “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж үзэхээргүй байна.

12. Гэвч Журмын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг зөрчсөн гэж үзлээ.

13. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмууд нь эрх зүйт төрийн “харьцангуй байх” зарчмын агуулгыг илэрхийлдэг ба уг зарчмын дагуу хүний эрхийг хязгаарласан төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн”, “зайлшгүй”, “зохистой” байх ёстой. Зорилгодоо нийцсэн гэдэг нь төрийн/захиргааны хэрэгжүүлж буй арга хэмжээ нь тавьсан зорилгодоо хүрэхүйц тохиромжтой байхыг ойлгох ба хэрэв хэд хэдэн арга хэмжээ зорилгодоо нийцсэн бол тэдгээрээс нийтэд хамгийн бага дарамт учруулахуйцыг нь сонгохыг зайлшгүй буюу “бодит нөхцөлд тохирсон” гэж үзнэ. Хэрэгжүүлэх арга хэмжээ нь зорилгоосоо давахгүй буюу хүрч болох үр дүнгээсээ хэтэрсэн сөрөг үр дагаваргүй байхыг зохистой гэх бөгөөд үүнийг “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын агуулгаар ойлгож болно.   

14. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэх явдал юм.    

15. Гэтэл Журмын 1.2 дахь хэсгээр “төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан” тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар хязгаарлан заасан нь сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажиллаагүй боловч нийт 5-аас дээш, тухайлбал 10-30 жил ажилласан иргэн (нэхэмжлэгчийн тохиолдол) тусламж авах боломжгүй байгаа нь уг арга хэмжээний зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, цаашилбал захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчим буюу Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдлын зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

16. Гэтэл давж заалдах шатны шүүх “... Маргаан бүхий журмын заалтууд нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцсэн, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй журам нь гагцхүү нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг зохицуулсан, энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг аливаа байдлаар хязгаарлахгүй ...” хэмээн маргаагүй асуудлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

17. Иймээс “... Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал хангагдахгүй байгаа талаар нэхэмжлэлдээ тайлбарлан маргасаар байтал ийнхүү дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

18. Харин Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт (Засгийн газрын тогтоол)-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ.”, 64.3-т “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.” гэж заасан байсныг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр 64.2-т “Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт (Засгийн газрын тогтоол)-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ.”, 64.3-т “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.” гэж илүү тодруулж зохицуулсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий журам батлагдах үед ч Засгийн газрын тогтоолыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх зохицуулалт байгаагүй (УИХ-д хүргүүлж, Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог) тул “ийнхүү бүртгүүлээгүй нь уг хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19. Иймд   “... нэгэнтээ хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул уг журмын зохицуулалт хүчин төгөлдөр үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүх Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлийн шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 4.3) гомдлыг хангах боломжгүй.

20. Гэхдээ Засгийн газрын тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан бүртгүүлэх шаардлагыг тавиагүй нь хуулийн бусад зохицуулалтыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас явуулах бүхий л үйл ажиллагаа, гаргах шийдвэрт, тухайлбал захиргааны хэм хэмжээний актын хувьд хуулиар тусгайлан зохицуулаагүй л бол Захиргааны ерөнхий хуулийн нийтлэг зохицуулалт нь үйлчилнэ.

21. Энэ утгаараа “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийгээгүй байтал “яамдаас санал ирүүлсэн тул журам зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй ...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.1) нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

22. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан нь зөвхөн тухайн этгээдээс л санал авна гэсэн үг биш, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх учиртай.

23. Дээрх үндэслэлээр хариуцагч Журмын 2.1 дэх заалтыг нөлөөллийн шинжилгээ хийх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, төрийн албанд олон жил (5-аас дээш жил) ажилласан иргэдийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр төрийн албан хаагчийн нийтлэг баталгааны нэг болох өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгох шалгуур нөхцөлийг тэгш байдал, шударга ёсны зарчмыг хангасан байдлаар (зөвхөн сүүлийн 3 жил ажилласан этгээдэд тусламж олгохоор биш) уг арга хэмжээний зорилгод нийцүүлэн, бодит нөхцөлд тохирсон зохицуулалт хийх шаардлагатай байх тул холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

24. Харин Журмын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” гэснийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байна.

25. Учир нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтаар шилжүүлсэн эрхийн хүрээнд нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох “цалингийн дундаж хэмжээг” тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцохоор заасныг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.6 болон 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ...” байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

26. Захиргаа “үндсэн цалингийн 3 жилийн дундаж”-ийг тооцохдоо заавал сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан эсэхээс хамаарахгүйгээр тухайн тохиолдол бүрт уян хатан байдлаар хэрэглэх боломжтой. Түүнчлэн хариуцагч журмын түдгэлзүүлсэн хэсгийг дахин батлахдаа шаардлагатай гэж үзвэл уг хэсгийг шинэчлэн батлах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

27. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж-ээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх хэсэг болох журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж; 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧИД                                                               Д.БАТБААТАР

                                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                Ц.ЦОГТ

                                                                                        Г.БАНЗРАГЧ