Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 04

 

И.Батхишигтийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай     

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны   5 дугаар сарын  18-ны өдрийн  139/ШШ2016/000134 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.Батхишигтийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Нямжавт холбогдох, 47.738.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Батхишигт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, хариуцагч Б.Нямжав, хариуцагчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил нар оролцов.   

 

Нэхэмжлэгч И.Батхишигт шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Нямжаваас  47.738.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагч Б.Нямжав нь дүү нарынхаа дансаар удаа дараа мөнгө шилжүүлж аваад эргүүлэн төлөхгүй намайг  хохироож байна. 2014 оны 01 сарын 28-нд над руу залган мөнгө олж өгөөч, өмнөх зээлсэн мөнгөтэйгээ нийлүүлээд 2014 оны 04 сарын 10-нд өгнө гэхээр нь 4.800.000 төгрөгийг нэмж зээлүүлсэн. Иргэн Б.Нямжав надаас нийт 66.238.000 төгрөгийг зээлж авснаас төлөөгүй байгаа 47.738.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь, манай найз Наранбаатар Хас банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө дутаад байна гээд миний орон сууцыг барьцаанд тавиулаад зээл авч байсан. Надад байрны урьдчилгаа гэж 3 сая төгрөг өгсөн. Миний байрыг  Наранбаатарын барьцаанд тавиулаад мөнгийг нь ч өгөөгүй, байрыг ч чөлөөлж өгөөгүй. Нотлох баримт нь хэрэг хавсаргагдсан байгаа. Ер нь надаас мөнгө авахдаа өөрийнхөө дансаар авдаггүй, тийм дансруу мөнгө шилжүүлээч л гэдэг, би тэр данс руу нь мөнгийг шилжүүлдэг байсан. Урьд авсан мөнгөтэйгээ нийлүүлээд өгнө гэхээр нь итгээд л өгөөд байсан юм. Ингэж авснаа хүлээн зөвшөөрөхгүй, өгөхгүй байх юм гэж бодсонгүй.

 15 сая төгрөг өгсөн гэсэн баримт бол худлаа баримт, 15 сая төгрөг биш 6.500.000 төгрөг өгсөн юм. Хэдийгээр би гарын үсэг зурсан ч гэсэн баримтан дээр намайг гарын үсэг зурахгүй бол 6.500.000 төгрөгийг чинь өгөхгүй гэж дарамталж байгаад 6.500.000 төгрөг өгөөд хүчээр гарын үсэг зуруулсан. 2014 оны 2 сард 4.800.000 төгрөг аваад 900.000 төгрөгийг өгөөгүй гэх зэргээр намайг маш их хохироож байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надаас мөнгө аваагүй, мөн 15 сая төгрөг өгсөн гэж маргаж байна. Үүнийг гэрчлэх хүн болох миний ээж А.Валя, Б.Нямжавын найз Ц.Наранбаатар нараас  мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг ийм их мөнгийг аваагүй. 2011, 2012 онд нэхэмжлэгч бид хоёр мөнгө өгч, авч байсан. Би дүүгийнхээ данс руу шилжүүлээд мөнгө авч байсан нь үнэн. Тухайн үед би ХААН банкинд дансгүй байсан болохоор дүү нарынхаа дансаар авч байсан юм. 2010 оны 12 сарын 19-нд  8.500.000 төгрөгийг бэлнээр авсан гэж тайлбарлаж байна. Би энэ 8.500.000 төгрөг биш 5.000.000 төгрөг авсан. Тэр 5.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг манай эгч энэ хүний дансруу шилжүүлээд надад авч өгч байсан гэх зэргээр зөрүүтэй юм яриад, надаас мөнгө нэхээд байна. 2010, 2011 онд зээлсэн эдгээр мөнгөө бүгдийг нь нийлүүлээд 2013 оны 03 сарын 06-ны өдөр төлж дуусган, гэрээ хэлцэл хийж, зээлсэн мөнгө бүгд дууссан гээд нотариатаар батлуулан өр зээлгүй болсон.

2014 онд нэхэмжлэгчээс 4.800.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. Үүнээс би 1.500.000 төгрөгийг нь төлсөн байсан. Үлдэгдэл 3.300.000 төгрөгийг төлөөгүй байж байтал мөнгө авснаас хойш 26 хоногийн дараа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст надтай холбогдуулан гомдол гаргасан байсан. Цагдаа дээр шалгагдаж байх хугацаандаа би нэхэмжлэгчид маргааш хот явна гэж байхад нь гэрийнх нь үүдэнд очиж 900.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд прокурорын тогтоол гарсны дараа нэхэмжлэгчийг хот руу явчихсан байхад нь би 2.400.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Ингээд прокурор дээр тэр хэрэг хаагдсан юм. Прокурорын тогтоол, хэрэг хаасан материал нь энэ хэргийн материалд байгаа.

Байрны асуудлыг ярьж байна. Нэхэмжлэгч өөрөө банкныхаа зээлийг төлчихөөд зээл авах гэсэн боловч банк зээл өгөөгүй. Хүнээс мөнгө зээлээд банкныхаа зээлийг төлчихөөд хүнд байдалд ороод байраа барьцаанд тавих гэсэн юм хүнээс мөнгө зээлээд банкныхаа зээлийг төлчихсөн чинь хүмүүс нь мөнгөө нэхээд байна гэхээр нь Ц.Наранбаатар гэдэг хүнтэй уулзаад энэ хүн ийм зүйл яриад байна. Чи байрыг нь барьцаанд тавих уу гэсэн чинь тэгье гээд нэхэмжлэгч Ц.Наранбаатар И.Батхишигт  хоёр өөрсдөө гэрээ хийгээд Наранбаатарын аавд байраа шилжүүлээд 15  сая төгрөг Наранбаатараас нэхэмжлэгч өөрөө зээлж авсан юм шиг байна билээ. Наранбаатарын аавын нэрэн дээр нэхэмжлэгч өөрөө байраа шилжүүлсэн. Энэ асуудал дээр би оролцоогүй, ямар ч гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй. Нэхэмжлэл дээр нь миний мэдэхгүй 3 төрлийн данснууд байгаа. 5006233945, 5450415926, 5450178879 гэсэн эдгээр дансуудыг мэдэхгүй данс байна гээд хэний данс болохыг нь шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шалгуулсан чинь 2011, 2012 онд тус дансуудыг эзэмшиж байсан 3 хүний нэр гарч ирсэн. Эдгээр хүмүүсийг нь гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч тус хэрэгт хамааралгүй гээд хүлээж аваагүй. Мөн бэлнээр 6.000.000 төгрөг авсан, 88111523 гэсэн дугаар авах гэж мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байна. Би 88111523 гэсэн дугаарыг би 2010 оны сүүлчээр барьж байсан. “Tэди”төвөөс утас авсан гэж байна. Бид хоёр хамт явсан. Гэхдээ би өөрөө тус утсыг авсан. Мөн 8668 гэсэн дугаар, “Sоnata-7” маркийн автомашин зэрэг зүйлүүдийг нэхэмжлэлдээ бичсэн байна. Эдгээр зүйлүүдийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011, 2012 онд зээлсэн мөнгийг бичсэн байна. 2013 оны 03 оны 06-нд бид хоёрын зээл дууссан, баримт нь байна. Байрны асуудал дээр бол зээлээ төлж чадахгүй байж байгаад Наранбаатар байрыг нь авчихсан. Батхишигт нь мөнгө зээлснээс хойш 26 хоногийн дараа намайг цагдаад өгч шалгуулж байсан хүн. Ингэж удаан хугацаагаар мөнгөө авахгүй явах ч хүн биш. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нямжаваас 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Батхишигтэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.838.000  /дөчин зургаан сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396.640 /гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг хариуцагч Б.Нямжаваас гаргуулан нэхэмжлэгч И.Батхишигтэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хавтаст хэргийн 46, 48, 49, 50, 51, 57, 58, 176-189, 202 дахь талд авагдсан бичгийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч И.Батхишигт давж заалдах гомдолдоо: Би Б.Нямжаваас 47.738.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэл гаргасан.  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлээс зөвхөн 900.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч Б.Нямжав нь 2016.05.11-ний өдрийн шүүх хуралдаанд  нотлох баримт гаргаж өгсөн ба  уг баримттай миний өмгөөлөгч нар танилцах боломж гаргаагүй учир нь Б.Нямжав нь 2016.04.25, 2016.05.02-ны хуралдаануудыг хойшлуулах хүсэлт гаргаж 2 удаа хойшлуулсан боловч уг нотлох баримтуудыг Б.Нямжав нь гаргаж өгөөгүй байсан.  Иргэн надад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Х.Отгонжаргал Дундговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон учир 2016.05.11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул би өөр өмгөөлөгч авах хүсэлтээ гаргаж 2016.05.18-нд Ч.Сайнжаргал өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа авахаар гэрээ хийж, 2016.05.18-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон.  Миний бие нотлох баримт цуглуулж, гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хэрэгсэхгүй болгож, иргэн миний эрхийг зөрчиж, хохироож байна гэж үзэж байна.  Б.Нямжав нь бусдын дансаар хууран мэхлэх зорилготойгоор бэлнээр болон дансаар мөнгө авч үл хөдлөх хөрөнгийг залилж маш ихээр хохироож байна.  Б.Нямжав  нь  бусдын дансаар болон бэлнээр их хэмжээний мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийсэнгүй. Тухайлбал машин худалдах, худалдан авах тухай 8.500.000 төгрөгийн гэрээ, авто тээврийн үндэсний төвийн тодорхойлолт, бусад мөнгөний баримтуудад үнэлгээ, дүгнэлт хйисэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Иргэн И.Батхишигт нь иргэн Нямжавт  2010 оны 12 дугаар сараас   2014 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд 66.238.000 төгрөгийг зээлүүлснээс хугацаа хэтэрч өгөхгүй байгаа 47.738.000 төгрөгийг нэхэмжилж, сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчид  47.738.000 төгрөг зээлүүлсэн болох нь хангалттай нотлогдоогүй, Б.Нямжав нь И.Батхишигтээс 2014 онд   зээлсэн 4.800.000 төгрөгийн  зээлээс  900.000 төгрөгийг  төлөөгүй байна гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нямжаваас 900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.838.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч И.Батхишигт нь давж заалдах гомдолдоо “..шүүхээс миний нотлох баримт цуглуулж гэрч асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож миний эрхийг зөрчиж хохироож байна”  гэжээ. Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг сум дундын шүүх  2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч 02 дугаар сарын 26-ны өдөр “..: хариуцагч Б.Нямжавын төрсөн эгч Г.Мөнхцэцэг, төрсөн дүү Э.Зулцэцэг, Э.Золцэцэг нарын ХААН банкин дахь дансны дугааруудын лавлагааг банкнаас гаргуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахын тулд Б.Нямжавын 56-66 УНТ улсын дугаартай crown маркийн автомашиныг битүүмжлүүлэх, ХААН банкны Дундговь аймаг дахь салбарын харилцагчийн зөвлөх Т.Энхнарангийн ХААН бакин дахь дансны 2014- оны 1, 2 дугаар сарын дансны хуулга, Б.Нямжавын 2014 оны 1, 2 дугаар сарын дансны хуулгыг гаргуулах”-аар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Шүүгчийн захирамжаар /хэргийн 68-р хуу/ машиныг битүүмжлэх, хариуцагчийн ХААН банкин дахь харилцагчийн болон хадгаламжийн дансны 2014 оны 1,2 дугаар сарын хуулгыг авах хүсэлтийг хангаж,  Т.Энхнарангийн дансны 2014 оны 1, 2 дугаар сарын хуулгыг  гаргуулах  хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч И.Батхишигтээс шүүхэд “ Б.Нямжав   2010, 2011 онуудад өөрийн нэрээр  ХААН банкинд харилцах данстай байсан эсэх, 5450507088 тоот дансыг хэдэн оноос эзэмшиж эхэлсэн, Б.Нямжавын төрсөн ах дүүсийн лавлагааг гаргуулах”  хүсэлтийг гаргаснаар 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 139 дүгээр  захирамжаар хүсэлтийг бүрэн хангаж , 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 139 дүгээр захирамжаар  нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд  өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд  нэхэмжлэгчээс гаргасан “...

хариуцагчийн төрсөн дүү Отгонцэцэг, Заяацэцэг , өөрийн ээж Валъяа нарыг гэрчээр асуулгах” тухай  хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ажиллагааг шүүгчээс  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн явуулсан  байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Сум дундын шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, маргааныг зөв шийдвэрлэсэн байна.

Харин шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд / хуу-5 /  100.000 төг, /хуу110 / 296.640, /хуу242/ 29000 төг бүгд 425.650 төгрөг  төлсөн байхад  нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулсан атлаа нэхэмлэгчээс илүү төлсөн 29.000 төгрөгийг буцаан олгоогүй  байх тул шүүхийн шийдвэрийн 2 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 

   1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  139/ШШ2016/000134  дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...Б.Нямжаваас гаргуулан нэхэмжлэгч И.Батхишигтэд олгосугай гэснийг “..Б.Нямжаваас гаргуулж, Улсын тэмдэгтийн хуржаамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын төсвөөс 29.000 /хорин есөн мянган төгрөг/-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Батхишигтэд олгосугай” гэж өөрчилсүгэй.  

2. Давж заалдах гомдолд  УТХ төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатын шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ДОЛГОРМАА

                       ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                Т.БЯМБАЖАВ