| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00443/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00443/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Хэрлэнбаян-Улаан 1 тоотод оршин суух, Сад овогт Жадамбын Пүрэвжавын “үрчлэлтийг хүчингүй болгуулахыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Пүрэвжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний охин П.Солонго 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү Дөлгөөнболдыг төрүүлсэн юм. 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин П.Солонгыг оюутан байхад нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүү Дөлгөөнболдыг өөрийн нэрээр овоглож үрчилж авсан. 2013 онд охин П.Солонго маань Франц улсад амьдрахаар явсан. Хүү Дөлгөөнболд нь ээжийгээ санаж бэтгэрч байна. Ээжийнх нь араас явуулах гэсэн боловч надаар овоглодог учраас виз гарах боломжгүй байгаа юм. Иймд 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаартай үрчлэлтийг хүчингүй болгож, ээж П.Солонгоор овоглох хүсэлтийг минь хүлээн авна уу. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн тал)
Иргэн Ж.Пүрэвжав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай эхнэрийн бие тааруу Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж буй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймээс намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сад овогт Жадамбын Пүрэвжав нь хүү Дөлгөөнболдын үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүүхдийнхээ оршин суугаа газрын шүүхэд хандах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЧ-52092076 регистрийн дугаартай, Сад овогтой Жадамбын Пүрэвжав нь охин Солонгын хүү Дөлгөөнболдыг үрчлэж авсан болох нь № 8 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 3 тал), №4 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 4 тал), Ж.Пүрэвжавын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 16 тал) зэрэг бичгийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвжав нь 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин П.Солонгын хүү Дөлгөөнболдыг үрчлэж авахдаа Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна гэсэн заалтыг биелүүлээгүй.
Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д заасан: үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргана гэсэн заалтыг биелүүлээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч П.Сарантуяагийн: ...Ж.Пүрэвжавыг сайн танина. Бид хөрш зэргэлдээ байдаг байсан... Ж.Пүрэвжав нь 2005 онд үрчилж авч байсан юм... Тухайн үед би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улааны тамгын газрын иргэний бүртгэлийн бүртгэгчээр ажилладаг байсан билээ... Тухайн үед хүү Дөлгөөнболдын аав салаад явчихсан байсан юм... Ж.Пүрэвжав нь Дөлгөөнболдыг үрчлэн авахдаа зөвшөөрөл аваагүй... Би танидаг болохоороо үрчлэлтийг хийсэн. Буруу гэдгийг нь мэдэж байсан ч гуйгаад байхаар нь үрчлэлт хийж гэрчилгээ бичиж олгосон юм гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 тал)
2. Хүсэлт гаргагч Ж.Пүрэвжавын: ...Ж.Пүрэвжав миний бие өөрийн охин П.Солонгын төрсөн хүү Дөлгөөнболдыг 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлэн авахад охин П.Солонго оюутан байсан тул зөвшөөрөл авалгүйгээр өөрийн нэрээр овоглож үрчлэн авсан юм. Иймд 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2147007 дугаартай үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбар (хх-ийн 16 тал)
3. Гэрэл зураг (хх-ийн 7-8 тал)
4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Сад овогт Жадамбын Пүрэвжав, 1952 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, СЧ-52092076 регистрийн дугаартай байна. (хх-ийн 2 тал)
5. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 16 тал) зэрэг болно.
Иймд насанд хүрээгүй П.Дөлгөөнболдыг хүсэлт гаргагч Ж.Пүрэвжавт 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ж.Пүрэвжав нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 26 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар насанд хүрээгүй П.Дөлгөөнболдын 4 дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүү С.Дөлгөөнболдыг СЧ-83052167 регистрийн дугаартай, эх Сад овогт Пүрэвжавын Солонгын асрамжинд үлдээсүгэй.
3. Насанд хүрээгүй С.Дөлгөөнболдын үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул зохих бүртгэл хийхийг Хэнтий аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийн 1 хувийг Хэнтий аймгийн улсын бүртгэл статистикийн газарт явуулахыг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ