| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 147/2015/00363/И |
| Дугаар | 201/МА2016/00006 |
| Огноо | 2016-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 201/МА2016/00006
Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй,
А.Гансайханд холбогдох иргэний хэргийн тухай
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ө.Гансувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн /онлайнаар оролцсон/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэртэй, Б.Чойжилмаагийн нэхэмжлэлтэй, А.Гансайханд холбогдох хашаа байшингийн үнийн үлдэгдэл 6800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Гансайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдлоор 2016 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Чойжилмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутагт иргэн Гансайханы эхнэр Номин-Эрдэнэ, хүү Баасандорж нарын нэр дээрх 2 айлын 1400 м2 газарт 2015 оны 3 сард банзаар 4 тал хашаа барьж, хашааг эргэн тойрон зосдоод, нүүрэн талын дээд хэсгийг алхан хээгээр чимж бүрэх, мөн 6/8 харьцаатай палкан гадартай байшинг бүтэн дээвэрлээд 4ш вакум цонх, 1ш бүргэд хаалга, 1ш дотор модон хаалга хийж бариад бүтэн доторлогоо хийх, үүнд: 3 өрөө таслаад шилэн хөвөнгөөр дулаалж, гипсэн хавтангаар доторлохдоо битүү прус хадах, ханыг нь обойгоор бүрээд лампираар таазалж, паркетан шалаар дэвсгэр хийж, түлхүүрийг нь гардуулж өгөхөөр, байшинг 12000000 төгрөг, хашааг 4800000 төгрөгөөр тооцож, тохиролцон аман гэрээг Гансайхан буюу эхнэр Номин-Эрдэнэ нартай хийсэн. Би үүргийнхээ дагуу уг хашаа байшинг 1 сарын хугацаанд барьж дуусгасан. Мөн тэд малчин улс болохоор хашаа байшинг барьж дууссаны дараа ордерийг өөрсдийнхөө нэр дээр гаргуулж, банкны зээлэнд хамрагдаж, өртгийг нь өгнө гэж тохирсон. Байшингийн түлхүүрийг би нэг ч төгрөг аваагүй байхдаа хүлээлгэж өгөөд ордерийг нь Гансайханы эхнэр Номин-Эрдэнийн нэр дээр гаргуулж өгөөд зээлээ хөөцөлдөх хугацаа өгч хүлээсэн. Тэд хэсэг хугацааны дараа зээл бүтэхгүй байна, төлбөрөө төлж чадахгүй нь гээд намайг мөнгөө шаардахаар ордерийг миний нэр дээр гаргаж надаар зээл хөөцөлдүүлэхээр болсон боловч миний нэр дээр бас зээл бүтээгүй. Би аргаа бараад өөр хүмүүст худалдаж, мөнгөө гаргаж авья гээд наймаа хийсэн боловч худалдан авсан хүнийг нь элдвээр доромжилж загнаад болиулаад, анхнаасаа бид авна гэж бариулсан юм чинь авна гээд дотор нь суучихсан. Би хүн өрөө нэхээд байсан болохоор 10550000 төгрөгийг нь 137 толгой малаар тооцож Гансайханаас авсан. Би эдний малыг өндөр үнээр тооцож авсан. Одоо үлдэгдэл 6800000 төгрөгөө авья гэхээр чи бидний хамаг малыг авчихаад одоо юу авдаг юм бэ, гээд загнаад өгөхгүй байна. 10000000 төгрөгөөр тохирсон гээд өгөхгүй байна. Бид анх тохирохдоо 16800000 төгрөгөөр тохирсон. Бидний тохироо үнэтэй биш. Үлдэгдэл 6800000 төгрөгийг гаргуулна, байшингийн дутуу хийсэн ажил гэдгийг шүүх дээр ирснээсээ хойш мөнгө төлөхгүй шалтаг болгон ярьж байна гэж үзэж байгаа. Би анхнаасаа тоосгон байшин барина гэж хэлээгүй, тогийг би тавихгүй гэдгээ тохирсон байсан. Тэр мөнгө зарж хийсэн гэх ажил нь миний хийх ёстой ажил биш. Би яг эдний байшинг барьсан шигээ бас нэг байшин эдний суманд барьсныг эдний хамаатнууд худалдаж аваад амьдарч байгаа. Тэр байшин мөн адил 16800000 төгрөгийн үнэтэй модон байшин барьсан зургийг хэрэгт өгсөн байгаа. Тэр 700000 төгрөгийн тухайд надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн. Тэр нэмж хийсэн гэх ажилдаа оруулсан 1 цонхны үнийн тухайд өөрсдөө сүүлд нь байшин баригдаж байх явцад 1 цонх нэмэе гэхээр нь тэгвэл цонхоо өөрсдөө ав гэж ярилцаад өөрсдөө авч хийлгэсэн. Иймд миний нэхэмжилсэн хашаа байшингийн үнийн үлдэгдэл 6800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Гансайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чойжилмаагийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Чойжилмаатай уулзалдаж 16800000 төгрөгөөр 4 тал хашаа, 1 давхар өвөл зуны зориулалт бүхий байшинг чанарын өндөр түвшинд бариулж, түлхүүр гардан авах, мөн сум орон нутгийн банкнаас зээл авч, төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр анх тохиролцож, аман хэлцэл хийсэн. /зээл авахгүй л бол хөдөө орон нутагт ийм их хэмжээний бэлэн мөнгөтэй хүн байхгүйг Чойжилмаа нь мэдэж байсан./ Тухайн байшин баригдаж дуусахаар нь бид урьд нь ярилцаж тохиролцсоноороо гэрчилгээг нь манай эхнэр Номин-Эрдэнийн нэр дээр гаргаж, хашаа байшингийн зээл авч төлбөрөө төлж барагдуулахаар, сум орон нутгаасаа зээл хөөцөлдөөд бүтэл муутайхан байж байтал Чойжилмаа нь та нарт зээл бүтэхгүй байгаа бол эгч нь зээл хөөцөлдөөд өгье гэхээр нь бид итгээд байшингаа Чойжилмаагийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэрчилгээ шилжүүлсний төлбөр 100.000 төгрөгийг бид нараар гаргуулсан. Бид зээлийг Чойжилмаа эгч бүтээчих байх гэж баярлаад дутуу хийсэн байсан ажлуудыг 3496000 төгрөгийг өндөр хүүтэй зээлж, өөрсдөө давхар өрөнд орж хийж дуусгасан. Гэтэл Чойжилмаа нь мөн адил зээл бүтэхгүй байна. Та нар малчин хүмүүс байна. Байгаа малаараа ч болтугай 10000000 төгрөгийн тооцоог барагдуулаад бүх зүйлийг дуусгая гээд анх тохиролцсон тохирооноосоо өөр зүйл ярихаар нь 137 толгой малыг
Тэмээ 3 ш * 800000 = 2400000
Бяруу 2 ш * 450000 = 900000
Бага адуу 1ш * 500000 =500000
Бүдүүн адуу 1ш *700000 =700000
Хургатай хонь 30ш * 120000 = 3600000
Ишигтэй ямаа 35 ш * 70000 =2450000 нийт 10550000 төгрөгөөр тооцож өгч тооцоо дууссан гэж өөрөө хэлсэн. Энэ үнээрээ нотариат дээр гэрчлүүлнэ гэж тохироод нотариат дээр очиход, миний иргэний үнэмлэх хэрэгтэй гэсний дагуу гэрээсээ үнэмлэхээ аваад нотариат дээр очиход алга болсон байсан. Араас нь ярихад нутаг руугаа явж байна гээд 5 хоногийн дараа ирнэ гээд дахин хэлэхээр мөнгөө авна гээд байгаа. Мөн эгчдээ яг одоо 700000 төгрөг олоод өгчих байрны чинь гэрчилгээг чиний нэр дээр болгож өгье гээд мөн 700000 төгрөг аваад гэрчилгээг бидний нэр дээр болгож өгөөгүй. Гэрчилгээг л бидэнд өгсөн. Бид байрандаа орохын тулд 3496000 төгрөгийн засвар нэмж хийж орсон. Үүнд: 4500 ширхэг тоосго 1700000 төгрөгийг зардал гаргаж авчирч 3 хүний хөлс 600000 төгрөг төлж байшингаа тоосгодож, цемэнт шилэн хөвөн авсан. Жижиг өрөөнд 60000 төгрөгөөр цонх хийсэн. Амалгааны палк 30000*3-90000 төгрөг, гадна тогны утас 118м*310000 төгрөг, тоолуур 50000 төгрөг, дотор монтаж 300000 төгрөг, хөлсөнд 100000 төгрөг, пийшин бариулсан хөлс 150000, газрын албанд гэрчилгээнд 96000, яаралтай 20000 төгрөг, банкинд 10000 төгрөг, байшин бариулсан хөлс 270000 төгрөг гэх мэт гарсан зардлуудыг бид тухай бүр нь хүнээс хүүтэй зээлж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр:
Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Гансайханаас хашаа байшингийн үнийн үлдэгдэл 6800000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чойжилмаад олгож, Сүхбаатар сумын 2 дугаар баг Булгийн гудамжны 0 тоотод байрлах хувийн сууцны өмчлөгчийн гэрчилгээг өмчлөгч А.Гансайхан, түүний эхнэр Номин-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг Б.Чойжилмаад мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Чойжилмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гансайханаас 123750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чойжилмаад олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч А.Гансайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр хариуцагч А.Гансайханаас хашаа байшингийн үлдэгдэл 6800000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123750 төгрөг нийт 6923750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч А.Гансайхан нь нэхэмжлэгч Б.Чойжилмаагаас нэхэмжилж буй хашаа байшингийн үлдэгдэл 6800000 төгрөгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй ба тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хариу тайлбар гаргаж, холбогдох нотлох баримт болон хашаа байшингийн бодит фото зургийг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь хариуцагч А.Гансайханаас 10550000 төгрөгийг 137 толгой малаар тооцож авсан гэснийг дурьдсан бөгөөд ямар учир шалтгаанаар Б.Чойжилмаа ийм үйлдэл, ийм шийдвэр гарган бүх тооцоог дуусгасан гэдгийг шүүх бодит үнэнд тулгуурлаж шийдвэрлэж чадсангүй. Мөн А.Гансайханы илүү төлсөн 550000 төгрөгийг хасаж тооцох нь битгий хэл, эхнэр Б.Номин-Эрдэнийх нь Б.Чойжилмаад Хаан банкаар шилжүүлсэн 700000 төгрөгийн баримт хэргийн материалд байхад тус баримтыг үнэлэлгүй, надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн гэх Б.Чойжилмаагийн ямар ч баримтгүй, шүүх хуралдаан дээр амаар хэлсэн худал тайлбарыг үндэслэн нэхэмжилж буй төлбөрөөс нь мөн хасалгүй, шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталж гаргасан шийдвэр болсон. Мөн шүүх, нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь Б.Номин-Эрдэнэд 700000 төгрөгийг хэзээ, хаана зээлдүүлснийг ямар баримтаар яаж тогтоосноо тайлбарлаж чадаагүй. Хэрэв шүүх 16800000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл, А.Гансайхан нь Б.Чойжилмаагийн нэхэмжилж байгаа 6800000 төгрөгийг гарцаагүй төлөх ёстой гэж үзэж байгаа бол малаар тооцож илүү төлсөн 550000 төгрөгийг, эхнэр Б.Номин-Эрдэнийн Хаан банкаар шилжүүлсэн 700000 төгрөгийг, хашаа байшингийн дутуу болон чанаргүй гүйцэтгэсэн ажлыг гүйцээж хийх гэж хүнээс өндөр хүүтэй зээлсэн 3496000 төгрөг зэргийг хасаад, үлдэгдэл 2054000 төгрөгийг Б.Чойжилмаад төлүүлэх шийдвэр гаргах байсан. Ингэж л шийдвэрлэсэн бол үнэн бодитой шийдвэр болох байсан. Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч А.Гансайхан нь Б.Чойжилмаатай уулзалдаж 16800000 төгрөгөөр 4 тал хашаа, 1 давхар өвөл зуны зориулалт бүхий байшинг чанарын өндөр түвшинд бариулж, түлхүүр гардан авах нөхцөлтэйгээр хэлцэл хийснийг шүүх судлан шинжлэлгүй нэхэмжлэгчийн өөр газар, нарийн хяналтын дор барьсан ижил төстэй барилгын фото зургийг үндэслэн чанартай сайн барьсан гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн заалтыг, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг гэсэн заалтыг тус тус зөрчиж шийдвэрлэсэн. Учир нь Б.Чойжилмаа нь тус хашаа байшинг хангалтгүй, чанар муутай материалаар, биет байдлын доголдолтой /хашааг хамгийн муу зах банзаар барьсан ба байшинг хувааж зүсэж хийсэн палкаар барьсан, мөн байшингийн суурийг газарт доод тал нь 20 см гүн цутгах байтал шууд газар дээр нь цутгасан бөгөөд байшинг босгосны дараа шалаа цутгасан учир шал нь далий овгор, товгор ихтэй, паркетны шахалт муу, хотойж гүдийснийг хадаасаар хадсан, 3 өөр өнгийн паркет шахсан, байшингийн хана далий учир тоосгоны өрөлт илүү гарсан гэх мэт/, дутуу барьсан /дотор, гадна монтаж огт хийгдээгүй/ учир А.Гансайхан нь 3496000 төгрөгийг өндөр хүүтэй зээлж, байшингаа өөрөө барьж дуусгасан юм. Б.Чойжилмаа нь анх тохиролцсон ёсоороо чанарын өндөр түвшинд, биет байдлын доголдолгүй, материал хэмнэлгүй барьж өгсөн бол А.Гансайханаас ийм хэмжээний зардал гарахгүй, нэмж өрөнд орохгүй байсан юм.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчид ажлын хөлсийг анх 16800000 төгрөгөөр тохирсон гэдэг дээрээ маргаагүй гэсэн байна. Энэ бол үнэн. Мөн үндэслэх хэсэгт Хариуцагч хашаа байшингийн үнийг 16800000 төгрөгөөр тохирсон байснаа зээл бүтэхгүй болохоор дахин ярилцаж 10550000 төгрөгөнд 137 толгой мал өгч төлбөргүй болсон гэж тохиролцсон гэж тайлбарласан боловч тайлбараа нотолж чадаагүй байна гэжээ. Тодруулбал тус тайлбарыг нотлох хоёр ч гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хариуцагч А.Гансайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа би шүүхэд бичгээр гаргаж өгсөн боловч шүүх гомдол гаргах эрхгүйгээр татгалзаж, гэрчээс мэдүүлэг авахуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн заалтыг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Үүнээс үзэхэд хариуцагч талын хүсэлтээр гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбараа нотлох эрхээр хангаагүй. Учир нь Б.Чойжилмаа 10550000 төгрөгөөр хэлцэл хийж бүх төлбөр тооцоог дуусгасан гол шалтгаан нь зээл бүтэхгүй болохоор биш тус хашаа байшин чанаргүй, 16800000 төгрөгт хүрэхгүй баригдсан, дээр нь А.Гансайханаас 3496000 төгрөгийн зардал гарснаар уг байшин нь чанаргүй ч гэсэн байшингийн дайтай харагдаж байгаад Б.Чойжилмаагийн санаа нь зовж, бодит байдлыг ойлгосон, уг байшинг 10000000 төгрөгөөр ч авах хүн тус сумаас олдохгүй байсан учир та нар бариулсан, хөрөнгө мөнгөө ч оруулсан юм чинь гээд, дахин ярилцаж хоёр дахь хэлцлийг 10000000 төгрөгөөр тохиролцож 137 толгой малыг тоо толгойгоор нь бүрэн хүлээлгэн өгснөөр 16800000 төгрөгийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсон юм. Б.Чойжилмааг хэлцлээсээ ингэж буцаж, төлбөр мөнгө нэхэмжлэхийг мэдэж байсан бол юу гэж хотоо харлуулан байж хамаг малаа өгөх вэ дээ. Харин ч тохиролцсоноороо малаар тооцож 550000 төгрөг илүү төлсөн. Шүүх 16800000 төгрөг болон 10550000 төгрөгийн хоёр хэлцэл байхад 16800000 төгрөгийн хэлцлийг л авч хэлэлцсэн. Энэ хоёр хэлцэл хоёулаа л аман хэлцэл. 10000000 төгрөгийн хэлцлийг огтхон ч анхаарч үзээгүй, дээрх нөхцөл байдлуудыг судлаж үзэлгүй 10000000 төгрөгийн хашаа байшин гэж хаана ч байхгүй гэж шүүх үзэж 16800000 төгрөгийн хэлцлийг хэлэлцсэн нь мөн л хэт нэг талыг барьсан асуудал гэж ойлгож байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасан Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д заасан шаардлага гаргах эрхээ алдана гэсний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх шийдвэрлэжээ. Гэтэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан байгаа нь ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй, харин ч гомдлын шаардлага гаргах эрхтэй байгааг бүрэн нотолж байна. А.Гансайхан нь гомдлоо заавал шүүхэд гаргах ёстой байсан гэж үү. Б.Чойжилмаагийн барьсан байшингийн чанар сэтгэлд нь нийцээгүй, чанарын доголдолтой, дутуу барьсан учир хүнээс зээл авч засварласан, барьж дуусгасан юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Сүхбаатар сумын 2 дугаар баг Булгийн гудамжны 0 тоотод байрлах хувийн сууцны өмчлөгчийн гэрчилгээг өмчлөгч А.Гансайхан, түүний эхнэр Номин-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг Б.Чойжилмаад мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн нь хариуцагч А.Гансайханыг басамжлан доромжилсон шийдвэр гэж үзэж байна. Учир нь А.Гансайхан нь эхнэр Б.Номин-Эрдэнэ, хүү Г.Баасандорж нарын өмчлөлийн 1400 м2 газрын гэрчилгээг, хашаа байшингийн төлбөрт 10550000 төгрөг, байшингийн өмчлөлийн гэрчилгээ гэх мэт зүйлсээ бүгдийг нь Б.Чойжилмаагийн нэр дээр шилжүүлэн өгч хохирчихоод байхад ингэж шийдвэрлэж болдог юм уу. Эдгээрийн өмчлөгч нь Б.Чойжилмаа учир эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Б.Чойжилмаад байгаа билээ. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, хэт нэг талыг баримталсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь хариуцагч А.Гансайханаас хашаа байшингийн үлдэгдэл 6800000 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Чойжилмаа нь 2015 оны 3 сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгч А.Гансайханы эхнэр Номин-Эрдэнэ, тэдний хүү Г.Баасандорж нарын өмчлөлийн 1400 м2 талбай бүхий газар дээр банзаар 4 тал бүхий хашаа барих, хашааг эргэн тойрон зосдох /байгалийн шавраар будах/, хашааны нүүрэн талын дээд хэсгийг алхан хээгээр чимэх, 6:8 харьцаатай палкан байшин барьж /байшинг бүрэн дээвэрлэх, 4ш вакум цонх хийх, гаднаас орох 1 бүргэд хаалгатай, байшингийн дотор модон хаалга 1-ийг хийх, байшинг бүрэн доторлох, байшин 3 өрөөтэй, ханыг шилэн хөвөнгөөр дулаалж гипсэн хавтангаар доторлохдоо битүү брус мод хадах, хананд обой цаас наах, лампиран тааз хийх, паркетан шалтай байхаар тохирч/ түлхүүрийг гардуулж өгөх, хашаа байшинг бүрэн барьж дууссаны дараа 16800000 /байшинг 12000000 төгрөг, хашааг 4800000 төгрөг/ төгрөгийг хариуцагч А.Гансайхан, түүний эхнэр Номин-Эрдэнэ нар төлөхөөр аман хэлцэл хийж гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй ажээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...Та нар малчин хүмүүс байна. Байгаа малаараа ч болтугай 10000000 төгрөгийн тооцоог барагдуулаад бүх зүйлийг дуусгая гээд анх тохиролцсон тохиролцооноосоо өөр зүйл ярихаар нь 137 толгой малыг /тэмээ 3х80,0=2400,0, бяруу 2х450,0=900,0, бага адуу 1х500,0=500,0, бүдүүн адуу 1х700,0=700,0, хургатай хонь 30х120,0=3600,0, ишигтэй ямаа 35х70,0=2450,0/ 10550000 төгрөгөөр тооцон өгч тооцоо дууссан гэж өөрөө хэлсэн. Энэ үнээрээ нотариатаар гэрчлүүлнэ гэж тохироод нотариат дээр очиход миний иргэний үнэмлэх хэрэгтэй гэсэн тул гэрээсээ иргэний үнэмлэхээ аваад ирэхэд Б.Чойжилмаа алга болсон байсан. Араас нь ярихад нутаг руугаа явж байна, 5 хоногийн дараа ирнэ гэсэн тайлбар гаргаж улмаар хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг сайн мэднэ гэх сумын нотариатч Түмэнжаргал, сумын иргэн Ө.Бархас нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргажээ. /хх-ийн 74 дэх тал/
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас хүчингүй болж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
З.ЭНХЦЭЦЭГ