Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/85

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Т.*******од холбогдох эрүүгийн 1936000950079 дугаартай, 178/2019/0080/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Буянт багийн ******* тоотод оршин суух,урьд 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын баривчлах ялаар, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 71/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 45/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,  ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.*******гийн бор хээр зүсмийн морь буюу бод мал хулгайлж, хохирогч Б.*******д 500.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Малд үзлэг хийсэн...Ховд аймгийн Буянт сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Т.*******ын хулгайлж авсан адуунд үзлэг хийв.Тухайн адуу нь зөв хаа гуяндаа гал тамгатай, 6 настай, бор хээр зүсмийн нэг тооны адунд үзлэг хийв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 9-10-р хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын дундуур байх Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн иргэн Т.******* манай гэрийн хашаанд бор хээр гэж хармаар нэг тооны морь хөтөлчихсөн ирээд надаар 5 хоног тэжээлгэж байж байгаад 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Т.******* намайг Буянт сумын иргэн С.д хүргэж өгмөөр байна гээд миний өөрийн эзэмшлийн адуу гэдгээ надад хэлсэн. Тэгээд гуйгаад байхаар нь тухайн бор хээр морийг ачаад С.д хүргэж өгсөн. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 11-13-р хуудас/

Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын 19-20-нд байх Буянт сумын Цагаан эрэг багийн иргэн Т.******* над руу залгаад  5-6 насны бор хээр морь байна, та худалдаж авах уу? Надад мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь тухайн үед би манай авга ахын хүү Б.д 3 настай үхэр байна, үхрээр солих уу гэхэд Т.******* тухайн бор хээр морио гэх жолоочид ачуулаад аваад ирсэн. Би тухайн морийг Б.д үзүүлээд үхрээр солихоор тохироод морио үлдээгээд явсан.Уг морь нь зөв гуяндаа гал тамгатай, бор хээр морь байсан... гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С. ах Т.*******ыг дагуулчихсан манай гэрт ирээд бор хээр, гал тамгатай морь 3 настай үхрээр солих уу гэхээр нь “ тэгье” гэж тохиролцоод морио үлдээгээд явсан. Тэгтэл удалгүй Б.******* цагдаа нарын хамт ирээд өөрийнхөө эзэмшлийн морийг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/

Мал үнэлсэн тухай ... 6 настай 1 тооны морь -500000 төгрөг... гэх тайлан / хэргийн 27-р хуудас/

Хохирогч овогт ын *******гийн / , 71 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын үед манай нэг адуу алга болсон. Тэгээд цагдаад хандсан. Манай адуу хавчиг соёолон, 6 настай, гал тамгатай адуу. Би өөрийн морийг Т.*******оос буцааж авсан.Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Буянт сумын  Цагаан эрэг багийн нутгаас  Б.*******гийн адуунаас  1 тооны адуу хулгайлж аваад аймагт авч ирж 4 хоног байлгаж байгаад  Шар харгана гэх газар луу хүргэж С. гэх залууд зарах санаатай өгсөн байсан.Тухайн үед С. мөнгөгүй байсан учраас дараа авахаар үлдээгээд  аймагт ирсэн.2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр морины эзэн Б.******* намайг авсан гэдгийг мэдсэн байхаар нь буцаж очоод морийг нь аваад  эзэнд нь хүлээлгэн өгсөн.Би тухайн үед ганцаараа өөрийн морьтой очоод уг морийг хөтлөөд аймагт авч ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Т.*******  нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.*******гийн 1 тооны морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч С., Л., Б. нарын мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан, шүүгдэгч Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг   зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь Б.*******гийн 1 тооны морийг хулгайлж аваад аймагт 4,5 хоног байлгаж байгаад өөр хүнд буюу С.гийнд заруулахаар хүргүүлсэн    үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Т.******* нь  хохирогч Б.*******гийн 1 тооны морь буюу бод мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь урьд 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын баривчлах ялаар, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 71/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 45/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-48/ болон шийтгэх тогтоолуудын хуулбараар, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.*******гийн “хулгайд алдсан морио буцааж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Эрдэнэбилэгийн өгсөн “...манай ах Т.******* нь эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн төвд хадам ахынхаа хашаанд байдаг юм.Эд хөрөнгө мал энэ тэр гэх зүйл байхгүй.Манай ах үг дуу цөөтэй,цайлган, хүнд тусархуу хүн , архи уудаг байсан боловч эмчилгээ хийлгээд гайгүй болсон.Харин сүүлийн үед дахин архи уугаад байгаа сурагтай байна ...”  гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Гэрч Ш.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.******* нь зан чанарын хувьд төлөв даруу зантай,хүнд гэм хоргүй тийм л хүн.Өмнө нь хулгайн гэмт хэрэгт холбогдоод таслагдаад яваад ирсэн гэдэг.Архи бага зэрэг уудаг...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Т.*******од  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Т.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 260 / хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******од тайлбарласугай.

4.Шүүгдэгч Т.*******од оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

5.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Т.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form