| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0060/э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Бын Хд холбогдох 1935001410067 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын Өлгий нуур багт оршин суух, регистрийн дугаар ОИ78121316, З овогт Бын Х.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Б.Х нь согтуугаар, 2019 оны 4 дүгээр багийн 12-ны өдөр тус аймгийн Өлгий сумын Хөдөлмөр багийн нутаг дэвгсэрт хохирогч Н.Чг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өлгий сумын Хөдөлмөр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Чг зодсон болох нь хохирогч Н.Чгийн “2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Өлгий сумын "Янгуун" гэдэг нэртэй газарт байдаг гэрээсээ мотоцикльтэй гараад сумын төв рүү орох гээд явж байтал “Улаан хүрээн хөдөө" гэх газар нутгийн хүмүүс болох Баасанжав, түүний хүү Цолмон, Нгийн А гэдэг хүмүүстэй таарааад тэнд уулзаад сууж байтал Ш.Н эхнэрийн хамт машинтайгаа ирсэн юм. Ш.Н машин дотроосоо 1 ширхэг 2.5 литрийн "Боргио" нэртэй пиво гаргаж ирсэн ба тэр пивийг Баасанжав ахынд очиж ууя гээд бид нарыг дагуулаад уг айлд очсон. Тэр айлд тэр пивийг ууцгаасан. Тухайн пиво дуусаад сумын төв рүү явж пиво авцгаая гэж ярилцаад намайг мотоцикльтэй Ш.Нгийн хамтаар явуулсан. Ш.Н бид 2 сумын төвд орж ирээд Дэндэвийн дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн "Боргио" нэртэй пиво авсан. Тэгээд бид хоёр тэндээс хөдлөөд явж байтал Ш.Н 2-лаа Хгийнд ороод гарья миний найз байгаа юм гэж хэлэхээр нь тэр айлд орсон. Ороход Х эхнэр хүүхдийн хамт байсан ба бид хоёрт нэг нэг аяга хоол хийж өгсөн. Ш.Н ах нөгөө пивоо задлаад Хд эхэлж өгөөд дараа нь эхнэрт, тэгээд надад аягалж өгсөн. Пиво дуусах дөхөж байхад би Ш.Нг одоо явъя гэж хэлэхэд Ш.Н нэлээд согтсон байсан. Тэгээд явах гээд босох гэтэл чи одоо миний найзыг авч явдаг хэн бэ? Надтай таарах болгондоо их цор цор гэдэг, хоёр удаа чи надад их цор цор гэж томорсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би та юу яриад байгаа юм, би танд бодож санасан үг хэлж байгаагүй тоглож наадаж л хэлж байсан байх гээд бид 2 хэрэлдсэн. Тэгээд би гэрээс нь гарч байтал намайг нүүр лүү цохихоор нь би та яаж байгаа юм вэ гээд эргээд хартал дахиад намайг цохисон. Тэгээд би тухайн үед уур хүрээд яг юу болсноо мэдэхгүй нэг мэдэхэд би Хг тэврээд авсан байсан ба тэр үед Нямаа та 2 яаж байна гээд бид 2-ын дундуур орж ирсэн. Тэгээд Хгийн эхнэр гарч ирээд нөхрөө аваад гэр лүүгээ орсон. Би хашааны үүд рүү мотоцикль руугаа алхаж явтал араас Чалхаа гээд дуудахаар нь эргээд хартал толгой хэсэг газарт хатуу зүйлээр цохисон. Харанхуй байсан болохоор яг юугаар цохисоныг би мэдээгүй. Тухайн үед миний толгой хэсэг зуур манарсан байсан ба би хашаанаас гараад мотоциклио асааж явсан. Хгийн хашаанаас их холдохгүй явж байгаад зогсоод Нгийн А гэдэг залууг утсаар дуудаад мотоцикль бариад яваад өгөөч миний толгойг Х хагалчихлаа цус гараад байна цэвэрлүүлж янзлуулмаар байна гэж хэлсэн. Тэгтэл Н.А би сум руу урдаас тань гүйгээд явж байна, миний мотоцикль гэрэл байхгүй та ирээд аваач гэж хэлэхээр нь урдаас нь тосч очсон. Н.Атай уулзаад таныг юунаас болж цохисон юм бэ? гэхэд би болсон зүйлийн талаар хэлэхэд юу ярьж байгаа юм бэ тэр айлд нь очиж цэвэрлүүлж угаалгана гэж хэлээд бид 2 Хгийн гэрт буцаж очсон. Тэгтэл эхнэр нь гарч ирээд архи дарс ууж чадахгүй байж хоорондоо зодолдоод гэж уурлаж загнасан. Эхлээд нэг удаа гараараа баруун талын хөмсөг орчимд цохисон, дахиад нэг удаа дээд талын уруулын зүүн хэсэгт гараараа цохисон, мөн толгойны зүүн талын хэсэгт хатуу зүйлээр цохисон. Харанхуй байсан болохоор яг юугаар цохисныг би хараагүй. Би Улаангом сум руу явж эмнэлэгт үзүүлэхэд замын зардал болон эм тарианы 100.000 орчим төгрөгний зардал гарсан. Надад эм тариа ав гэж 50.000 төгрөг өгсөн. Би Б.Хгаас нэхэмжлэх зүйл байхгүй, надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” /хх-ийн 15-18 тал/ гэх мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Б.Мын “Тухайн өдрүүдэд манай гэрийнхэн бүгд Тариалан сумын нутаг Бөхөн хар гэдэг газарт малаа туугаад нүүж ирсэн хөдөө байсан. Манай гэрийн нэг улбар шар өнгийн модон сандалыг хүүхдүүд Өлгийн сумын төвд гэрийн гадаа тоглож байгаад хашаан дотор орхисон байна лээ. Манай нэг гэр сумын төвд Б.Хгийн хашаанд байдаг. Тэр модон сандалыг манай ээж Ховд аймгаас худалдаж авч ирж өгсөн сандал. Яг хэдэн төгрөгний үнэтэй болох хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн сандалыг би Б.Хгаас нэхэмлэхгүй гомдол байхгүй...” /хх-ийн 20-21 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Х.П-ын “Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн №101 тоот өөрийнхөө үзлэгийн өрөөндөө бусдад зодуулсан гэх тус сумын иргэн Н.Ч гэдэг хүний биеийг үзсэн. Тухайн хүний биеийн ерөнхий үзлэг хийхэд, уг хүнээс биеийн зовиурын талаар асуухад толгой хатгаж өвдөнө, огцом хөдөлгөөн хийхэд нүд бүрэлзэж эргэнэ гэж хариулсан ба биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай хөдөлгөөн чөлөөтэй, арьс салстаар эмгэг тууралтгүй, уушги 2 талд цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод хэм жигд, хэвлийгээр эмзэг бус, элэг дэлүү хэвийн, өтгөн шингэн хэвийн. Хэсэг газрын үзлэг хийхэд: Зүүн талын чамархай хуйх орчимд 3 см урт хэмжээтэй язарсан шархтай, тэмтэрэхэд эмзэглэлтэй, шүүсгүй цэвэр шарх байсан. Тухайн үед зүүн талын нүдний дээд талын зовхины арьсанд хөхөрсөн цус хуралттай байсан. Би Н.Ч гэдэг хүний толгой орчмын хэсэг газрын үзлэг хийхдээ толгойны зүүн талын чамархай хуйхны шархыг бүлээн усаар угааж цэвэрлэж байгаад үзлэг хийсэн. Тухайн шарх нь үс, цустай хамт хатаж наалдсан байсан” /хх-ийн 22 тал/ гэх мэдүүлэг,
гэрч П.Бын “2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манай нөхөр Өлгий сумын Хулст нуур багийн нутаг дэвсгэр "Янгуун" гэдэг газарт байхад гэрээсээ мотоцикльтэй 16 цагийн үед Өлгий сумын төв рүү бензин авч ирнэ гээд явсан. Тэр орой гэртээ ирээгүй. Маргааш орой нь 18 цагийн үед гэртээ ирсэн. Манай нөхөр 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирэхдээ толгой нь зүүн талдаа хагарсан, баруун талын нүд хөхөрч хавдсан, уруул хавдсан байдалтай ирсэн. Би юу болсон талаар асуухад Б.Х намайг зодлоо гэж хэлсэн. Маргааш өглөө Ш.Н, Б.Х хоёр манай гэрт ирээд манай нөхөр Н.Чгээс чамайг сандалаар толгой руу чинь цохисон уучлаарай ахыгаа гэж Б.Х хэлээд гэрээс гараад уулзъя гэж хэлээд дагуулж гарч уулзсан. Манай нөхөртэй яг юу ярьсаныг мэдэхгүй байна, би гэртээ байсан. Манай нөхөр гэрт орж ирээд надаас Б.Х уучлалт гуйж байгаад явлаа гэж хэлж орж ирсэн” /хх-ийн 23 тал/ гэх мэдүүлэг,
гэрч С.Дгийн “Би Увс аймгийн Өлгий сумын төвд Хөдөлмөр багийн нутагт "Цахиурт" нэртэй хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 11-ний орой харанхуй бүрэнхий болж байхад Ш.Н, Н.Ч нар манай дэлгүүрт ирсэн ба надаас Ш.Н 1 ширхэг "Боргио" нэртэй 2,5 литрийн пиво, 1 ширхэг "Улаан шонхор" гэдэг тамхи авсан. Харин Н.Ч "Сигар" гэдэг 1 ширхэг тамхи авсан. Тэгээд тэр 2 манай дэлгүүрээс гараад явсан. Н.Чгийн нүүр царай биеийн гаднах нь байдал нь зүгээр хэвийн байсан. Н.Чгийн бие болон нүүр царайнд нь ямар нэгэн шарх сорви гэмтэл байхгүй байсан” /хх-ийн 24 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ш.Нгийн “...Маргааш нь би Б.Хгийн хамтаар Н.Чгийн гэрт нь очиж уулзсан. Н.Чгээс Б.Х уучлалт гуйсан. Тухайн үед Н.Чгийн толгой зүүн хэсэгт хуйх нь язарч хагарсан, баруун талын нүд хавдаж хөхөрсөн байдалтай байсан...” /хх-ийн 25-28 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Жгийн “...Тухайн өдөр 2019 оны 4 дүгээр сарын 11-ноос 12-нд шилжих шөнө Н.Ч над руу утсаар яриад намайг Х зодчихлоо, ирээд миний мотоцикль бариад яваад өгөөч би мотоцикль барьж явж чадахгүй байна гэж хэлсэн. ...Тэгээд би гүйгээд сумын төв рүү очиж байтал урьдаас мотоциклийн гэрэл гараад Н.Ч ирсэн. Н.Чтэй уулзахад “би зодуулчихлаа” гэж хэлсэн. Чгийн толгойн зүүн хэсгээс цус их гарч байсан ба толгой, нүүр хүзүү нь ерөнхийдөө цус болоод гоожсон байсан...” /хх-ийн 29-30 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Х.Оийн “...манай нөхөр гэр лүү явж байгаад гэрийн хажууд байсан модон сандал аваад эргэж хараад Н.Ч рүү шидсэн. Н.Ч тэр сандалыг авах гэтэл манай нөхөр гүйж очоод сандалд гарыг нь хүргэхгүйгээр барьж авсан ба дахиад тэр хоёр ноцолдсон. Манай нөхөр сандал авч шидэхэд Н.Чгийн толгой хэсэгт нь цохих шиг болсон ба Н.Чгийн толгой хэсгээс нь цус гарсан. Харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан...” /хх-ийн 34-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Хын “...Тухайн шөнө цагийг нь сайн мэдэхгүй байна, би гэртээ хоёр хүүхдтэйгээ байж байтал гаднаас Ч нэг танихгүй залуутай орж ирсэн. Тэр хоёрын араас манай нөхөр орж ирсэн. Н.Чгийн толгойноос нь цус их гоожиж байсан, нүүр хэсэг нь ерөнхийдөө цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд манай гар нүүрийн угаалтуурт цусаа угаагаад цэвэрлэж аваад гарсан. Манай нөхөр Чг та наад цусаа угаагаад цэвэрлэж аваад яв гэж хэлсэн. Тэгээд манайд тэр хоёр цай уучихаад гараад явсан...” /хх-ийн 36 тал/ гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 304 дугаартай “Н.Чгийн биед гэмтэл учирсан байна. Зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна хэсэгт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт,
шүүгдэгч Б.Хгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгөн “Би 2019 оны 4 дугээр сарын 11-ний орой гэртээ хоол ундаа идчихээд зурагт үзээд сууж байсан. Манай гэрт эхнэр болон 4 хүүхдүүд байсан ба эхнэр орон дээр хэвтэж байсан. Харин хүүхдүүд бүгд унтаж байсан. Гэтэл 23 цагийн орчимд гаднаас манай сумын Ш.Н, Н.Ч нар согтуу гэрт орж ирсэн. ...Тэгээд сууж байтал Н.Ч намайг хогын харын гуйлгачин гэх мэтээр доромжилсон. Тэгтэл манай эхнэр хүн байгаа байгаа амьдралдаа баян байдаг юм гэж Н.Чд хэлчихээд бие засах гээд гараад явсан. Н.Ч би чамайг зодно энэ тэр гэж хэлэхээр нь 2-уулаа гараад 3-н удаа барилдая гэж хэлээд бид хоёр гадаа гараад 3-н удаа барилдсан ба би 3-н удаа унагаасан юм. Тэгтэл Н.Ч намайг чи муу хогийн харын гуйлгачин намайг унагаадаг хэн бэ? гэж хэлээд толгойны ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би чи яаж байгаа муу шээс вэ? гээд эргээд нүүр хэсэг газарт нь нэг удаа гараараа цохиход эхнэр жорлонгоос гарч ирээд намайг сАд гэр лүү оруулсан. Би гэрт сууж байтал Н.Ч хогийн муу хар гуйлгачин гараад ир гээд орилоод байсан, эхнэр цааш яв гээд хөөж байсан, тэгээд гэрийн гадаа намайг доромжилоод орилоод байхаар нь би гэрээс гарч ирээд Н. Чг дахиад нэг удаа нүүр хэсэг газарт нь цохиход эхнэр дахиад намайг гэр лүү ор гээд хөөгөөд оруулсан, ...би гэрээс гараад иртэл эхнэр намайг урдаас бариад авахаар гэрийн баруун талд хаалга орчимд нэг модон сандал байхаар нь аваад Н.Ч рүү шидчихсэн юм. Тэгтэл тэр сандал Н.Чгийн толгой орчим газарт нь онож цохисон юм. Эхлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон, дахиад нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон, тэгээд модон сандлаар нэг удаа толгой орчим газарт нь шидэж цохисон юм. Хохирогч Н.Чд Өлгий сумын төвд 50.000 төгрөг өгсөн юм. Эм тариагаа авчих гээд, харин Улаангом суманд ирээд шүүх шинжилгээний эмч болон мэс заслын эмчид үзүүлчихээд 20.000 төгрөгний эм авч өгсөн” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар 2019 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар шүүгдэгч Б.Х нь хохирогч Н.Чгийн нүүр хэсэг газарт гараараа 2 удаа цохисон, мөн модон сандал авч шидсэний улмаас толгой хэсэгт онож, хохирогчийн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна.
Энэ нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 304 дугаартай “Н.Чгийн биед зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна хэсэгт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэсэн дүгнэлт, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт дахь “толгойн зүүн талд үстэй хэсэгт 0,8 см орчим язарсан шархтай, идээт өнгөртэй” гэх тэмдэглэл /хх-ийн 39, 42-44 тал/ болон гэрч Х.Оийн “...Манай нөхөр сандал авч шидэхэд Н.Чгийн толгой хэсэгт нь цохих шиг болсон ба Н.Чгийн толгой хэсгээс нь цус гарсан...”, хохирогчийн “...Эхлээд нэг удаа гараараа баруун талын хөмсөг орчимд цохисон, дахиад нэг удаа дээд талын уруулын зүүн хэсэгт гараараа цохисон, мөн толгойны зүүн талын хэсэгт хатуу зүйлээр цохисон...”, шүүгдэгчийн “...Эхлээд нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон, дахиад нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон, тэгээд модон сандлаар нэг удаа толгой орчим газарт нь шидэж цохисон...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хохирогч Н.Чгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах энэ гэмтэл нь шүүгдэгч Б.Хгийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Х гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Н.Ч нь “...Одоо надад гомдол, хохирол байхгүй” гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт “би хохиролд нийт 170.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 31-33, 76, 80-81, 83, 89-92 дахь талд авагдсан гэрч Б.Б, П.Б нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Автотээврийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 124 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/405 тоот албан бичиг, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот албан бичиг, мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд хувьдаа тээврийн хэрэгсэлгүй, Увс аймгийн Өлгий сумын Хойд хороололд 64,3 мкв хувийн орон сууц, 1006,4 мкв газартай, одоо 60 гаруй тооны толгой малтай, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймаг, Өлгий сумын 2 дугаар багт амьдардаг болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг арилгасан” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд хуулинд заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Хд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг модон сандал ирсэн ба уг сандал 10.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэргийн 53 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч Б.Мт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад түүнд өмнө авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Бын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Бын Хд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Х энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Н.Чд 170.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Мт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хд авсан хувийн батА гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА