Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2016/00009

 

ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Алтаннавч даргалж, ерөнхий шүүгч Л.Наранбаяр, шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэртэй, ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн 15589979 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн давж заалдах гомдлоор 2016 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******, ******* нар нь банкнаас тавьсан шалгуурыг хүлээн зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1040010549 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 30`000`000 төгрөгийн бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалттай бичил зээл авсан болно. Бичил зээл 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлөгдөөгүй байна. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөөр өнөөдрийн байдлаар бичил зээл 80 хоног хугацаа хэтрээд байна. Иймд 1040010549 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн 3.2.1, 3.2.2, 3.2.5, 3.2.7, 4.2 дугаар заалтуудыг илтээр зөрчсөн мөн гэрээний 5.1.1, 5.1.4, 5.1.6, 5.1.7 дахь заалтуудыг үндэслэн гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү  9648 төгрөг, үндсэн хүү  694244  төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 14`886`085 төгрөг, нийт 15`589`979  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ХАС банкнаас 30`000`000 төгрөгийн бичил зээлийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор багтааж төлөгдөөгүй 09, 10, 11, 12 дугаар сарынхаа зээлийн төлөлтийг бүрэн барагдуулж зээлээ хэвийн төлөлттэй болгож цаашид үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг уртасгаж сарын төлөлтийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 1040010549 дугаартай зээлийн гэрээний дагуу 36 сарын хугацаатай зээлийг сар болгон төлөлт хийх ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар 122 хоног хэтрээд байна. Иймд нэмэгдүүлсэн хүү 9648 төгрөг, үндсэн хүү 694`244 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 14`886`085 төгрөг, нийт 15`589`979 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусна. Сар сардаа зээлийн төлөлтөө хийх бололцоогүй байна. Гэрээнийхээ хугацаанд багтааж зээлийн төлөлтөө хийх саналтай байна гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 15`589`979 /арван таван сая таван зуун наян есөн мянга есөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 235`900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 235`900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбарт буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: Би нэхэмжлэгч ХАС банкны зээл, зээлийн хүүгийн 15589979 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 14-ний дотор /үндсэн гэрээ дуусаагүй учир/ багтааж төлж барагдуулах саналтай байна. Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 15`589`979 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

ХАС банкны Хэнтий аймаг дахь салбар, *******, ******* нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1040010549 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 30`000`000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагч *******, ******* нар нь барьцаат зээлийн гэрээгээр тохирсон графикийг удаа дараа /9, 10, 11, 12 сарын төлөлт хийгээгүй/ зөрчсөнөөс зээлдүүлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалснаар төлөгдөөгүй үндсэн зээл 14`886`085 төгрөг, зээлийн хүү 694`244 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9648 төгрөг, нийт 15`589`979 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуульд банкны зээлийн харилцааг зохицуулсан тусгайлсан зохицуулалт байхад ердийн зээлийн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгүүдэд ... гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тус тус ... гэж өөрчилж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ