| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2019/0061/э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Төд холбогдох 1935001210066 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2-р багт оршин суух, урьд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ОН94082712, Б овогт Аийн Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч А.Т нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны орой тус аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Гэдрэг” гэх газарт хохирогч Т.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны орой Түргэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Ныг зодсон болох нь хохирогч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “2019 оны 3 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед малаа хотондоо оруулаад гэртээ ороод хоол унд хийж идээд амарч байтал гадаа хотон дотор байсан мал үргэх шиг болсон. Гэрээс гарахад хотон дотор байсан мал хоёр тасарчихсан байхаар нь малаа эргүүлээд хот руугаа оруулах гээд явж байтал араас нэг хүн миний амыг дарж байгаад миний өмсөж явсан дээлээр миний хоолойг боож унагаасаны дараа миний баруун талын нүд рүү хоёр удаа өшиглөөд толгой болон хамар луу гараараа цохисон юм. Тухайн үед би цохиж зодуулсаны улмаас ухаан алдаад босоод ирэхэд намайг цохисон Т гэж залуу хажуудаа хоёр залуутай зогсож байсан. Би газар хэвтэж байгаад босоод ирэхэд Т хажуудаа явсан хоёр залуутай намайг гэрт оруулаад цусаа угаа гэж хэлээд надад ус хийж өгөхөөр нь цусаа угаасаны дараа Т надад хандаж “чи намайг өөрийг чинь цохисон гэж хүнд хэлвэл ална шүү” гэж хэлсэн. ...Би Төд зодуулсанаас болж баруун талын нүд цус хураад аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд одоо бие маань гайгүй болсон. Одоо толгой жоохон өвдөж байгаагаас өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. Надад хохирлын баримт байгаа. Би шүүх дээр гаргаж өгнө...” /хх-ийн 16-19 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Л.Үын “...Б бид хоёр бие засаад байж байхад Т Бын малчин Н гэрийнхэн гадна гараад ирэхэд нь Т өөдөөс нь очиж явсан юм. Бид хоёр бие засаад эргэтэл хүн зодолдоод байх шиг болохоор нь яваад очиход Т Н хоёр хоорондоо зодолдож байхаар нь Б бид хоёр салгасан юм. ...2019 оны 3 дугаар сарын 28-ны орой Т машинтай хүмүүстэй таараад архи согтууруулах ундаа уусан юм, согтолт нь гайгуй байсан. ...Тэр орой Нгийн баруун талын хацарнаас нь цус гарч байсан...” /хх-ийн 22-23 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.Бын “...Манай туслах малчин Нгийн гэрийн гэрэл асаж байхаар нь юу болсон юм бол гэж бодоод яваад очтол Н гэртээ хэвтэж байсан. Өмсөж байсан дээл нь цус болчихсон байхаар нь юу болсон юм бэ гэхэд Т намайг цохиод гэж хэлэхээр нь Нгийн гэрт хэвтэж байсан Тийг сэрээх гээд дуудахад Т согтуу унтаж байсан юм. Би Тийг сэрээх гэж дуудаж татаж байгаад Нд Т сэрвэл надтай уулз гэж хэл гэж хэлээд явсан юм. Би Нгаас Т яагаад чамайг цохиж байгаа юм гэхэд мэдэхгүй гэрт байж байтал мал үргэх шиг болохоор нь гэрээс гараад ирэхэд хотон дотор адуу орж ирээд мал хоёр салаад явчихаар нь малаа эргүүлж хотонд оруулж байтал Т ирээд намайг цохилоо гэж хэлсэн юм...” /хх-ийн 24-25 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Б.Бын “2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би Улаангомоос мотоцикльтой Түргэн сумын Харагчин гэх газар Үыг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд би Үын гэрт хоноод маргааш нь явах санаатай байж байтал орой 20 цагийн үед Т гэж Түргэн сумын залуу орж ирээд хөзөр байна уу гэхэд Үын гэрийхэн манайд хөзөр байхгүй гэж хэлэхэд Т манайд хөзөр байгаа гурвуулаа очиж хөзөр тоглое гэхээр нь Ү бид хоёр миний мотоцикльтой Т өөрийнхөө мотоциклио унаад явж байтал замд машинтай хүмүүс таараад зогсоход Тийн танидаг хүмүүс юм шиг байсан. Т зогсоод мотоциклоосоо буугаад машин дотор ороод архи уугаад эхэлсэн юм. Ү бид хоёр миний мотоциклийн гэрэл асахгүй болохоор нь гэрэлээ асаах гээд оролдоод зогсож байтал Т машинаас буугаад одоо Б ахын гэрт очно гэхээр нь ийм орой очиж яах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр Б ах аймаг ороод ирсэн, архи байгаа архи ууна очоод ирье гээд бид хоёрыг дагуулаад явсан юм. ...Бид хоёр араас нь очиж явтал гэрийн гадна хүн хоорондоо зодолдож байхаар нь Ү бид хоёр очиход Т нэг хүнтэй зодолдож байхаар нь салгаад та хоёр яаж байгаа юм бэ гэхэд энэ намайг хулгайч гэж хэллээ, миний толгой руу цохилоо гэж байсан юм. Тухайн үед Тийн нүдний талд шанаа хэсэг нь хавдсан байдалтай, нөгөө хүний хамараас цус гарсан хацар шалбарсан байдалтай байхаар нь Ү бид хоёр гэрт нь оруулаад Н гэж хүний цусыг угааж өгсөн юм. Т хэлэхдээ намайг малын хотонд орж ирэхэд хотон дотор адуу байсан. Намайг адуу хараад үргээд хонь, ямааг нь үргээхэд гэрээс Н ирээд намайг хулгай хийх гэж байна уу гэж хэлсэн юм. Тэгээд би цохисон гэж хэлсэн...” /хх-ийн 26-27 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нгийн гэр лүү алхаад гэрийнх нь гадаа очиж явтал миний урьд талаас Н тосоод ирэхээр урдаас яваад очтол Н миний баруун шанаа хэсэгт цохиод авахаар нь би Нгийн өмсөж явсан дээлийн захаар хоолойг нь боож газар унагаагаад бөгжтэй баруун гараараа Нын нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохиж байтал Ү, Б нар бид хоёрыг салгаж авсан юм. Би Ныг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн зүйлдээ харамсаж байна. Тухайн үед Нын өмсөж байсан дээл нь цус болчихсон болохоор дээлээ шатаачихлаа гэхээр нь би Нт 180.000 төгрөгөөр дээл авч өгсөн. Н эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад би бэлнээр 30.000 төгрөг өгсөн. Ныг зодох ямар нэгэн шалтгаан байхгүй. Намайг эхлээд цохиод авахаар нь би Ныг цохиж зодсон юм” гэх мэдүүлэг, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би сонсгосон ялыг зөвшөөрч байна. Ныг зодсон нь үнэн. Тухайн үед архи ууснаас гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хохиролд нийт 80.000 төгрөг бэлнээр өгсөн, нэг дээл, нэг бор морь өгсөн...” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 274 дугаар “Т.Нын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, хамрын таславчны муруйлт, баруун гайморын хөндийн урд хананы хугарал, хүзүүний урд хэсэг, баруун хацар, хамар духны хэсэгт дээрхи хэмжээтэй шалбарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэлүүд нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн амбулториар эмчлүүлэгчийн карт, компьютерт томографийн шинжилгээ, уг шинжилгээний сиди бичлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02-07, 12-13 тал/ бүхйи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Т хохирогч Т.Ныг зодсон үйлдлийн улмаас хохирогч Т.Нын биед хөнгөн зэргийн буюу тархи доргилт, баруун нүдний салстын цус хуралт, хамрын таславчны муруйлт, баруун гайморын хөндийн урд хананы хугарал, баруун хацарт 6*4 см, хамар дээр 2*1 см шалбарсан шарх, хүзүүний урд хэсэгт 6*2 см зулгаралт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 тал/-ээр тогтоогдсон байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 274 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Т гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Т “...би Нт 180.000 төгрөгөөр дээл авч өгсөн. Н эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад би бэлнээр 30.000 төгрөг өгсөн. Дараа нь бэлнээр 50.000 төгрөг, морь хохиролд тооцож өгсөн...” гэж мэдүүлсэн, хохирогч Т.Наас шүүхэд өгсөн “Аийн Төөс 50.000 төгрөг бэлнээр, борь морь хохиролд өгсөн үнэн болно. Өөр нэхэмжлэх хохирол гомдол байхгүй” гэх тодорхойлолт баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгч А.Төөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 29, 30, 53, 59, 62-64, 67-88 дахь талд авагдсан гэрч Ц.Цэнд-Аюуш, Н.Хандаа нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 123 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/409 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т нь өрх тусгаарлаж гараагүй, аав, ээжийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт амьдардаг, хувьдаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, урьд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх зааснаар танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн, 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 06 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч А.Тийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди, эмчлүүлэгчийн карт баримт нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Аийн Төд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ер хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сиди, эмчлүүлэгсдийн картыг хэрэгт хавсаргахаар тогтсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Төд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА