Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2016/00010

 

*******ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний

хэлтэст холбогдох хэргийн талаар

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг онлайнаар оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3 963 216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газарт Нийгмийн халамжийн мэргэжилтэн ажилтай ******* ******* би 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/41 тоот тушаалаар Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухайгаа Шүүхийн байгууллагад хандснаар Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 тоот тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган албадан гүйцэтгүүлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ******* намайг Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 тоот тогтоол хүчин төгөлдөр шийдвэр тул 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 6 сар 20 хоногийн цалин 3963216 /Гурван сая есөн зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг/-ийг гаргуулан авах хүсэлттэй байна гэжээ.  

Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 тоот тогтоол хүчин төгөлдөр болсноор Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б\41 тоот шийдвэрийг хүчингүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т дахь хэсэгт ажпаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна гэж заасны дагуу *******ийг урьд нь эрхэлж байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилсон болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Шүүхийн шийдвэр буюу Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 54 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон тул Хэнтий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б\34 тоот тушаалаар *******ийг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу *******өд ажилгүй байсан хугацаа болох 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгосон болно. Иймд *******ийн "... 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл 6 сар 20 хоногийн цалин 3963216 \гурван сая есөн зуун жаран гурван мянга хоёр зуун арван зургаан төгрөг\-ийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/41 тоот тушаалаар Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн томилох шийдвэр гарсан. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 3 100 000 гаруй төгрөгийг Нийгмийн халамжийн хэлтсээс гаргуулсан. Одоо 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажилд орох хүртэлх хугацаа буюу 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сар 20 хоногийн хугацааны цалин 3 963 216 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалууд нь үнэн зөв гарсан гэж үзэж байна. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Намайг 2014 онд ажлаас халагдах үед сарын цалин маань 443 433 байсан. Сүүлд ажилдаа эргүүлэн томилогдоход 509 948 төгрөг болсон гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн халамжийн мэргэжилтэн *******ийн Хэнтий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /*******/-ээс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сар 20 хоног ажилгүй байсан хугацааны цалин 3 963 216 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт Нийгмийн халамжийн мэргэжилтэн ажилтай ******* би 2014 оны 5 сарын 2-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/41 тоот тушаалаар Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухайгаа шүүхийн байгууллагад хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 6-ны өдрийн 21 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 сарын 7-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 сарын 16-ны өдрийн 54 дугаар тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 5 сарын 2-ны өдрийн Б/41 тоот тушаалаар Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган албадан гүйцэтгүүлж, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 6 сарын 8-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ******* намайг Жаргалтхаан сум хариуцсан халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулсан. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 6-ны өдрийн 21 тоот шийдвэрийн дагуу 2014 оны 5 сарын 2-ны өдрөөс эхлэн 2014 оны 11 сарын 6-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 3111807 төгрөгийг гаргуулан авсан. Одоо 2014 оны 11 сарын 6-наас 2015 оны 6 сарын 8-ныг хүртэлх хугацааны цалин болох 3397192 төгрөгийг гаргуулахаар тооцооллыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн 7а-д Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баяр ёслолын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг үндэслэн тооцож гаргалаа. Миний ажлаас халагдсаны өмнөх 3 сарын цалин болох 2014 оны 2 сарын 494205, 3 сарын цалин болох 494205, 4 сарын цалин болох 471471 төгрөг, түүний дундаж 486627 төгрөг, нэг өдрийн цалин 22954 төгрөг, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 6-ны өдрийн 21 тоот шийдвэр гарснаас хойш цалин олгогдоогүй 148 хоног байна. Энэ тухайгаа Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 498 тоот шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 сарын 16-ны өдрийн 54 дугаар тогтоол хүчин төгөлдөр шийдвэр тул Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 сарын 7-ны өдрийн 12 дугаар магадлалын дагуу 2014 оны 11 сарын 6-наас эхлэн 2015 оны 6 сарын 8-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 148 хоногийн нийт дундаж цалин 3397192 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч байгууллага болох Хэнтий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга *******ад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагч нь ******* гэх хувь хүн, эсхүл Хэнтий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэх хуулийн этгээдийн чухам аль нь болохыг тодорхой тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг, мөн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тодорхой бус ойлгомжгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэснийг тус тус зөрчсөн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иймд Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах гомдлын талаар энэ удаад дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69305 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Я.АЛТАННАВЧ