Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00401/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн “Ононд” нутаглах, Бичээч овогт Дамдингийн Эрхэмбаатарт (СЙ 73071314) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Налайх дүүрэг 5 дугаар хороо Гандан-Уулын 2-10 тоотод оршин, Бодонгууд овогт Хүрэлчулууны Итгэлсүрэнгийн (СП 72111201)  нэхэмжлэлтэй,
"гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Итгэлсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.Итгэлсүрэн миний бие Д.Чулуунбаатартай 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан юм. 1996 онд хүү Ч.Баттүшигийг төрүүлсэн. Д.Чулуунбаатар бид хоёр 1997 оноос зан харилцааны таарамжгүй байдлаас болоод тусдаа амьдарч эхэлсэн. 1998 оны 04 дүгээр сараас Д.Эрхэмбаатартай танилцаж, Хэнтий аймгийн Дадал суманд хамт амьдарч эхэлсэн юм. 1991 оны 07 дугаар сард охин Лхамдарь, 2009 онд охин Бадамхатан нарыг төрүүлсэн. Энэ хугацаанд анхны нөхөр болох Д.Чулуунбаатараас гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бөгөөд 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Д.Эрхэмбаатарын ээж Б.Оюунчимэг нь Хэнтий аймгийн Дадал сумын тамгын газарт очиж Эрхэмбаатар бид хоёрын гэрлэлтийн баталгааг хийлгэсэн байсан. Д.Эрхэмбаатар бид хоёр 2014 оноос зан харилцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байна.
Миний бие цаашид Д.Эрхэмбаатартай хамтран амьдрахгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй бөгөөд өмнөх гэрлэлт хүчинтэй байхад дараагийн гэрлэлтийг баталсан нь хууль бус гэж үзэж байгаа тул 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Д.Эрхэмбаатар бид хоёрын гэрлэлтийн баталгааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Х.Итгэлсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би 1988 онд Д.Чулуунбаатар гэдэг хүнтэй танилцан гэр бүл болж, 1992 онд гэрлэлтээ батлуулж, 1996 онд хүү Ч.Баттүшигийг төрүүлж, 1998 онд Д.Эрхэмбаатартай танилцаад, 1997 онд тусдаа амьдардаг болсон юм. 1999 оны 04 дүгээр сард нэг гэрт хамт амьдардаг болсон юм. Д.Эрхэмбаатарын ээж Б.Оюунчимэг гэдэг хүн охиныг маань төрөөд байхад Д.Эрхэмбаатар бид хоёрын гэрлэлтийг бүртгүүлсэн байсан. Д.Эрхэмбаатартай батлуулсан гэрлэлтийг хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан юм. 
Миний бие цаашид Д.Эрхэмбаатартай хамтран амьдрахгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 12 тал)

Хариуцагч Д.Эрхэмбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Эрхэмбаатар миний бие 1999 оноос 2017 оныг хүртэл Х.Итгэлсүрэнтэй хамтран амьдарч байсан нь үнэн юм. 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлуулсан гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахад татгалзах зүйлгүй. 
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 18 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Итгэлсүрэн нь Д.Эрхэмбаатартай 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.Итгэлсүрэн нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-п зааснаар иргэн Д.Чулуунбаатартай харилцан зөвшөөрөлцсөнөөр 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон нь улсын бүртгэлийн ерөнхий газрын №357/011068 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 6 тал) зохигчийн шүүхэд өгсөн тайлбар, (хх-ийн 12 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зохигч нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар гэрлэлтээ захиргааны буюу шүүхийн журмаар цуцлуулаагүй байхдаа 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Эрхэмбаатартай Хэнтий аймгийн Дадал суманд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын № 101/005909 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 5 тал) зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, (хх-ийн 12, 18 тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгчийн Д.Чулуунбаатартай гэрлэсэн бүртгэл нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар хүчинтэй байх тул түүний 1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Эрхэмбаатартай бүртгүүлсэн гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Бодонгууд овогт Хүрэлчулууны Итгэлсүрэн, Бичээч овгийн Дамдингийн Эрхэмбаатар нарын     1999 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр  бусад тооцсугай.                                    
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Бадамхатанг эх Х.Итгэлсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.         

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
                
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Итгэлсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
                       
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ