Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 218/МА2020/00027

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр Дугаар 218/МА2020/00027 Сайнцагаан сум

 

 

 

Ж.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2020/00680 тоот шийдвэртэй, Ж.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө 1971 онд төрсөн, энэ жил 50 нас хүрч байгаа, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад 20 жил ажилласан юм. Үүнээс 1987 оны 9 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Би дээрх хугацаанд Хөгжил нэгдэлд бог мал маллаж байсан юм. 2021 онд малчнаар тэтгэвэр тогтоолгох гэж байгаа бөгөөд дээрх зөрчлөөс болоод шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн Дундговь аймгийн Архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаалуудыг шүүж үзэхэд ирээгүй. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1987 оны 9 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эрдэнэтуяа нь 1987 оны 9 дүгээр сараас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд эцэг, эхийн хамтаар мал маллаж эхэлсэн. Үүнээс хойш 1994 оныг дуустал ажилласан байдаг. 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 50 нас хүрээд малчнаар ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгохоор болсон боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн. Хавтаст хэрэгт 3 гэрчийн мэдүүлэг, гэрчүүдийн тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрүүд, шүүхийн шийдвэрүүдийг дайвар нотлох баримтын шинжтэйгээр хавтаст хэрэгт өгсөн. Гэрч Цацралтуяа нь нэхэмжлэгчтэй чацуу, нэг ангийн хүн байгаа. 1987 оны 9 сарын 1-ний өдрөөс хоёулаа сургуулиа төгсөөд хамт мал дээр гарсан. Аймгийн архив болон сумын архиваас холбогдох баримтууд гарч ирэхгүй байсан учраас гэрчүүдийн мэдүүлгүүд, гэрчүүдийн холбогдох хөдөлмөрийн дэвтрүүдийг хавсаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Ж.Эрдэнэтуяаг 1987 оны 9 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаргалант овогт Жанцангийн Эрдэнэтуяагийн 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Ж.Эрдэнэтуяа нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1987 оны 9 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 680 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ажиллаж байх үеийнхээ хөдөлмөрийн дэвтээ үрэгдүүлсэн бөгөөд Эрдэнэдалай сум болон аймгийн архиваас баримт шүүж үзэхэд холбогдох баримт гарч ирээгүй. Хэрэгт гэрчээр Ч.Цацралтуяа, Д.Цэндсүрэн, Д.Батбилэг нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр, шүүхийн шийдвэрийн хуулгыг гаргаж өгсөн.

Шүүх шийдвэртээ гэрчүүдийн мэдүүлэг нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажиллаж байсан гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой тогтоож чадахгүй, нэхэмжлэгчийн ажилласан цаг хугацааг нарийн тодорхой гэрчлээгүй, гэрч нар нь тухайн цаг хугацаанд өөр ажил эрхэлж байсан байх тул шүүх гэрч нарийн мэдүүлгийг ач холбогдол бүхий шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан бөгөөд гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Цацралтуяа, Д.Цэндсүрэн, Д.Батбилэг нар нь тухайн цаг хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ажиллаж амьдарч байсан, нэг албан байгууллага болох Хөгжил нэгдэлд хамт ажиллаж байсан, гэрч нар нэхэмжлэгчийн ажиллаж байсан цаг хугацаа, хаана, ямар ажил эрхэлж байсныг тодорхой мэдүүлдэг. Түүнчлэн гэрч Ч.Цацралтуяа нь нэхэмжлэгчтэй нэг ангид сурч байсан, сургууль төгсөөд хамт ажил эрхэлж эхэлсэн хүн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогддог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хянаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 28-ны өдрийн 139/ШШ2020/00680 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Жанцангийн Эрдэнэтуяагийн гомдлын дагуу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 28-ны өдрийн 139/ШШ2020/00680 тоот шийдвэрийг хянан үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Жанцангийн Эрдэнэтуяа нь 1987-1990 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан хугацааг тогтоолгохыг хүссэн бөгөөд анхан шатны шүүх нотлох баримт бүрэн бус гэсэн үндэслэл зааж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан асуудал нь шүүх хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх зохицуулалттай бөгөөд хэдийгээр хэргийн оролцогч нотлох баримтыг бүрдүүлэхээр хуульд заасан эрх үүрэг нь байгаа ч шүүхээс дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг зайлшгүй анхаарах ёстой.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг түүний дотор ажилласан байдлыг тогтоох хүсэлтэд заавал байх нэг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3, 136.4-д заасан. Энд зааснаар бол ...үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох... явдал юм.

Энэ хэргийн нэхэмжлэгч Ж.Эрдэнэтуяагийн зүгээс нотлох баримт олдохгүй, боломжгүй байгааг архивын баримтаар тодорхойлон ирүүлж, мөн хамт ажиллаж байсныг сайн мэдэх 3 гэрчийг татан оролцуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар шүүх шийдвэрээ нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах ёстой.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг бүрэн бус гэж үзсэн, гэрчүүдийг хамт ажиллаж байгаагүй гэх зэргээр дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх боловч чухам хууль зүйн ямар тодорхой үндэслэл байгаад нотлох баримтыг бүрэн бус гэж хөндлөнгийн байх зарчмыг зөрчин асуудалд хандсан ийм дүгнэлт хийх болсныг шүүхийн шийдвэрт заагаагүй байна. Гэрчүүдийг хамт ажиллаж байгаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч болон гэрчүүд бүгд Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласнаа шүүхэд мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг ирүүлжээ.

Зарим гэрч Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байснаа шүүхээр хүртэл тогтоолгосон шийдвэр болон бусад баримтыг шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хохироож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж гарсан шинжтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Эрдэнэтуяагийн ажилласан байдлыг нь тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч талын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 139/ШШ2020/00680 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтыг ...малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Ш.ТӨМӨРБААТАР