Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/036

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Ддаргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Х.Ө,

Хохирогч А.Ж,

Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000410037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, М х ургийн овогт М-ы Ж, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БВ****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь эхнэр А-ы Ж-ийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч М.Ж нь эхнэр А.Жийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, Ховд голын 5 дугаар гудамж 21 тоотод оршин суух өөрийн гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Баян-Өлгий аймгийн “...Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай “... Иргэн А.Жийн биед тархины доргилттой, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хацарт хөх ягаан цус хуралттай, хүзүү хоолойнд зүүн хажуу талд зулгарсан шархтай, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, доод эрүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн А.Жийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 29 дүгээр хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

            Хохирогч А.Жийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.Ж учруулсан болох нь:

- Хохирогч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би нөхөр болох Жад “Чи ахдаа хэлээрэй Берикбол ахад мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлсэн чинь шууд орноосоо босож ирээд “Тэр Берикбол 50000 /тавин мянга/ төгрөгөөс болж үхлээ. Манай ах өгнө. Чи манай ахыг юу гэж бодож байна” гээд миний нүүрний баруун талын хэсэг рүү 4 удаа гараараа цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгтэл Ж намайг түлхэж унагаагаад миний толгой руу өшиглөөд унталгын өрөөнд аваачиж боогоод “Чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би айгаад цагдаа дуудах гэхэд миний утсыг булааж аваад миний толгой руу цохиод “Чи гэрээсээ гарахгүй” гэхээр нь шөнийн 4 цаг хүртэл уйлаад суусан бөгөөд би нөгөөдөр нь цагдаад мэдэгдсэн. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. М.Ж надаас уучлалт гуйж дахиж надад гар хүрэхгүй гэж амласан." гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч М.Жын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Намайг гэртээ ирэхэд Нурбахыт ах Анаргүл эгчээс авсан 50000 төгрөгөө хэзээ буцааж өгөх юм бэ гэж асууснаас болоод бид хоёр маргалдаад нүүрний баруун талын хацарны тус газарт гараа зангидаж байгаад нэг удаа цохиод гэрээсээ гараад явчихсан юм. Би гэрээсээ гараад 1 цаг орчим гадуур явж байгаад гэртээ ирэхэд Жанаргүл гэртээ байсан бөгөөд маргааш өглөө босч ирэхэд Жанаргүлийн баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан юм. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн.” /хх-ийн 35 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Жын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ж нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “хохирогч А.Ж нэг ч төгрөг нэхэмжлэхгүй, би уучилсан ямар нэгэн маргаан байхгүй” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Жыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгч М.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Ж урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч М.Жын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

           

Шүүгдэгч М.Жад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч М х ургийн овгийн М-ы Жыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч М.Жын цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            7. Шүүгдэгч М.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ