Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00013

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00013

 

 

Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00203 тоот шийдвэртэй, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй Б.Нармандахыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Б.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээд Б.Нармандах

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын хүсэлтийн шаардлага, тайлбарын агуулга:

Болдбаатар овогтой Нармандахыг Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах Албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ..Болдбаатар овогтой Нармандах нь сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, ар гэртээ агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, бусдыг уруу татан бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг. Б.Нармандах нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээгээр согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь тогтоогдсон. Иймд Болдбаатар овогтой Нармандахыг нарийн мэргэжлийн эмч нарын эмнэлгийн дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах Албадлагын арга хэмжээ хэрэглэх хүсэлтийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв гэжээ.

 

2.Гуравдагч этгээдийн тайлбар, агуулга:

Хаяа архи уудаг. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Байнга дуудлага мэдээлэл өгдөггүй. Тийм хүмүүстэй нийлдэггүй. Би эмчилгээнд явмааргүй байна. Чөлөөлүүлмээр байна. 5 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр төрнө. 2 настай охинтой. 6 сард өөрийн хүсэлтээр архинаас гаргах спираль тавиулна. Би архи уудаг гэхдээ тогтмол биш гэжээ.

 

3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогт Болдбаатарын Нармандах /РД: 3389020312/-ыг архины албадан эмчилгээнд явуулж,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Гуравдагч этгээд Б.Нармандах давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаан гаргасан тайлбар саналын агуулга:

... Миний бие эхнэр, охины хамт амьдардаг. Анхан шатны шүүхийн шийдвэрээр архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гарсан ба эхнэр Насанжаргал 2022 оны 05 дугаар сарын 15-даар төрөх сүүлийн хугацаа нь болж байгаа. Охин 2 ойтой цэцэрлэгт явдаггүй, эхнэрийг төрвөл харж хандах, тойлж тордох хүнгүй тул ар гэр болон амьдралын байдлыг харгалзан үзэж архины албадан эмчилгээг хойшлуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй Б.Нармандахыг захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00203 тоот шийдвэрийг Б.Нармандахын давж заалдсан гомдлын дагуу хянав.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан байна.

Б.Нармандах нь 2019 оноос хойш удаа дараа согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бөөгнөрөл үүсгэсэн болох нь Цагдаагийн болон Засаг захиргааны байгууллагын тодорхойлолт, Цагдаагийн байгууллагаас гаргасан зөрчлийн лавлагаанууд зэргээр нотлогдсон бөгөөд эмнэлгийн байгууллагын гаргасан дүгнэлтээр Б.Нармандах нь нэгдүгээр шатны согтуурах эмгэгтэй учраас албадан эмчилгээ хийлгэж болох тухай дүгнэлт гарчээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв сонгон тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Шүүхийн шийдвэрийг Б.Нармандах хойшлуулах тухай үндэслэлээр давж заалдсан бөгөөд өөрийн гэр бүл болох хүнийг 5 дугаар сарын 15-нд төрөх талаар дурджээ.

Оролцогчийн давах гомдолдоо дурдсан асуудал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 139/ШШ2022/00203 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Нармандахын гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Х.ГЭРЭЛМАА