| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0035/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/047 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/047
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч Ж.Н,
Насанд хүрээгүй хохирогч Ө.С-ий хууль ёсны төлөөлөгч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Өд холбогдох 1913000100030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Б сумын** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүулж байгаагүй, И ургийн овгийн Хи-гийн Ө, регистрийн дугаар БЮ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ө нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Ж.Н болон өөрийн хүү насанд хүрээгүй Ө.С-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д хамаарах,
Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ эхнэр Ж.Н-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Ө нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурч хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Ж.Нийг гуя руу нь өшиглөж цээжин тус газар цохиж зодон биед нь халдсан, 2018 оны 12 дугаар сарын 28-аас 29-ний өдөр шилжих шөнө эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг мөр, нүүр рүү нь гараараа цохиж, нүд рүү нь өшиглөсөн, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг ална хэмээн тонгорог барьж сүрдүүлэн, нуруу руу нь цохиж, цээж рүү нь өшиглөсөн, өөрийн хүү насанд хүрээгүй Ө.Сийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хаалга дутуу түгжсэн гэх шалтгаанаар хөл рүү нь 2 удаа өшиглөж, 4-5 удаа гараараа нуруу руу нь цохиж, галын хайчаар 2 удаа баруун хөл рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн,
Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурч хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Ж.Нийг гуя руу нь өшиглөж цээжин тус газар цохиж зодон биед нь халдсан, 2018 оны 12 дугаар сарын 28-аас 29-ний өдөр шилжих шөнө эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг мөр, нүүр лүү нь гараараа цохиж, нүд рүү нь өшиглөсөн, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг ална хэмээн тонгорог барьж сүрдүүлэн, нуруу руу нь цохиж, цээж рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Хохирогч Ж.Нийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баруун талын гуя руу 2-3 удаа өшиглөсөн, цээжний зүүн талын мөр тус газар нударгаараа хэд хэдэн удаа цохисон, толгойндоо хэд хэдэн удаа цохиж зодсон, 2018 оны 12 дугаар сарын 28- 29-нд шилжих шөнө мөн зодож нүд рүү минь өшиглөсөн, 2018 оны 12 дугаар сарын 31-ээс 01-нд шилжих шөнө нуруундаа 2-3 удаа цохиж цээжний дээд талын хэсэгт 2 удаа өшиглөсөн ба дараа нь үүрээр гэрээс хөөж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 25-26 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.Нийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болсон асуудлын талаар улсын яллагч уншиж танилцуулсан. Болсон асуудал тэр. Надад өөр нэмж, хасах зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад хандсанаар бусад хүмүүсээс сургамж авч, цаашдаа архи уухаа больж, сургамж авч архиа болих байх гэж бодсон. Архи уухаа болих юм бол бид нар гачигдах зүйл байхгүй. Өдөр болгон архи уугаад байдаггүй. Надаас уучлалт гуйсан. Нөхрөө уучилсан. Одоо хамт амьдарч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр гэрлээд 12 жил болж байна. Ухаан орох байх гэж цагдаад хандсан. Би энэ хэрэг ийм дээрээ тулна гэж бодоогүй. Шүүхээс хөнгөлөлт үзүүлж, уучлахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Насанд хүрээгүй хохирогч Ө.С-ий мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Манай ээжийг нүүж ирснээс хойш хэдэн удаа зодсоныг мэдэхгүй намайг унтсан үед зодсон. Зуух өшиглөсөн гэж өглөө өөрсдөө ярилцах үеэр сонссон. Нэг өдөр босоход ээжийн нүд рүү өшиглөсөн гэдгийг сонссон ба ээжийн нүд хавдаж хөхөрчихсөн байсан. Шинэ жил болдог өдөр ээжийн нуруунд 2 удаа гараараа цохисон. Намайг чи хаалга дутуу түгжсэн гээд хөлөнд минь 2 удаа өшиглөж, 4-5 удаа нуруунд гараараа цохиж, галын хайчаар 2 удаа баруун хөлөнд цохисон. Би тэр үед “Ааваа би болино. Дахиж хаалгыг дутуу түгжихгүй” гээд уйлсан. Манай аав “Сахилгагүйтсэн чи тоглохгүй шүү” гээд бөгсөнд алгаддаг. Нүүж ирснээс хойш 4-5 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-кийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ө.Сыг зодсон гэж цагаадаад мэдэгдсэн. Тухайн үед мэдүүлэг авахад зодсон гэж байсан. Мэдүүлэг авахдаа тэмдэглэл үйлдэж, мэдүүлэг авсан байгаа. Өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Насанд хүрээгүй гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Аав архиа уугаад сууж байгаад өмднийхөө зүүн талын халаасанд байсан тонгоргоо гаргаж ирээд “Архи авчрахгүй бол чамайг цагдаатай чинь хамт хоолойг чинь огтолно” гэж хэлсэн. Дахиж архи уу гэж шахаад “Уухгүй” гэж хэлэхэд нь сууж байсан ээжийн нүдэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ээж тэр үед уйлсан. Дараа нь “Чи унт архиа маргааш уугаарай” гэж ээж хэлэхэд ээжийн нуруунд, мөрөнд гараараа цохиж унагаачихсан. Өглөө 07 цагт согтоод унтчихсан. Маргааш нь ээжийн нүд хөхөрчихсөн байсан. ...Манай дүү Ө.Сийг эрүүл үедээ ч, согтуу үедээ ч зоддог. Ээжийг согтуу үедээ байнга зоддог. Хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. ...Манай аав 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үүрээр цагдаа аавыг авч явдаг өдөр “Цагдаа орж ирсэн. Чи хаалгыг дутуу түгжсэн байна” гээд Ө.Сийг унтаж байхад хөлөнд нь өшиглөж, бос гээд нуруунд гараараа цохиж, галын хайчаар нуруунд нь цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
- Гэрч Р.С-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө гэртээ амарч байхад манай байшингийн цонхыг хэн нэгэн тогшсон. Бид тухайн үед унтаж байсан болохоор босоод хаалга онгойлгосон чинь манай хөрш Өзгерисханы эхнэр Н байсан ба тавчиктай, ноосон цамцтай гадуур хувцасгүй даарсан, чичирсэн байдалтай байсан болохоор яасан гэж асуусан чинь “Намайг Өзгерисхан шөнө гэрээс хөөж гаргасан” гэж хэлэхээр нь би гэрт оруулж эхнэрээ сэрээгээд даарсан болохоор нь цай чанаад өг гээд эхнэр цай чанаж өгсөн. Н нөхөр Өзгерисхан “Яасан бол. Явсан болов уу цагдаа руу залгаад мэдээд өгөөч” гэхээр нь хэсгийн төлөөлөгч рүү залгахад “Бид Өзгерисханыг эрүүлжүүлсэн байгаа. Өзгерисханы гэрт буцаад ирсэн байна. Та Нийг дагуулаад ирээч” гэхээр нь эхнэр бид хоёр Нийг дагуулж гэрт нь очсон. Манай гэрт Н ороход баруун талын нүд нь хөхөрсөн байхаар нь “Юу болсон бэ” гэж асуухад “Өзгерисхан зодсон. Архи шахаж уулгасан” гэхээр нь “Та хоёр хоёулаа уудаг шүү дээ” гэхэд “Нөхөр надад архи шахаж уулгадаг. Тэрнээс биш юундаа архи уухав дээ” гэсэн. Би 2008 оноос хойш Өзгерисхантай хөрш амьдардаг. Өзгерисхан нь байнга архи уудаг уух болгонд эхнэртээ гар хүрдэг. Сүүлийн үед айлын мал маллаж нүүгээд явсан байсан. 2013-2014 онд байх байшингийн үүдэнд эхнэр Нийг Өзгерисхан зодож байхад нь өрөвдөж цагдаад бариулж байсан удаатай. Энэ удаад надад үзсэн харсан зүйл байхгүй. Урьд нь архи уух болгондоо зодлоо гээд олон ч удаа хэлж байсан. Тэр үед Өзгерисхан архи уусан л бол Нийн нүүр ам нь хөхөрсөн явж байдаг байсан.” гэх мэдүүлэг хх- ийн 41-42 дугаар хуудас/,
- Гэрч Т.А-ы мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Ж.Н 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай ажлын газарт ирж толгой өвдөөд бөөлжөөд байна гээд толгойгоо бариулсан. Тархи нь доргисон байсан учир толгойг нь барьж тархины доргилтыг нь гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Гэрч С.Ж-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Ж.Н нь төрөлхийн харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн чадварыг 60 хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай “...Иргэн Ж.Нийн биед тархины доргилт, баруун нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд цус хуралттай, баруун хацарт хавдартай, хамрын нуруунд баруун талд хавдартай, цус хуралттай, зүүн бугалганд хөх ягаан туяатай цус хуралттай, ар нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны баруун талд хавдартай, шархтай, зүүн гуяд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гуяд хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ж.Нийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Ш.Нийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Нийн биед үүссэн гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 87-88, 90-91 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Өы мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шөнө архидан согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж 2 удаа нударгаараа баруун гарын мөр тус газар цохиж зодсон. Дараа нь зуухны янданг өшиглөсөн. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н-ийг нүүрэнд гараараа цохиж байснаа санаж байна. Хэд хэдэн удаа цохисон. Согтсон болохоор яаж амарснаа ч мэдэхгүй өглөө босоход эхнэр надад “Чи өчигдөр миний нүдэнд өшиглөсөн. Гараараа цохиж зодсон” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 01-нд шилжих шөнө мөн Нтэй маргалдаж нуруунд нь 1-2 удаа гараараа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед халамцуу байсан. Бүх юм архинаас болж байгаа. 3 удаа зодсоноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг/хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын үед нотлох баримт цуглуулахдаа оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эхнэр, хүүхэдтэйгээ харьцах харилцааны соёлгүй, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдэл нь удаа дараа давтагдсан шинжтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Х.Ө болон хохирогч Ж.Н, насанд хүрээгүй хохирогч хүү Ө.С нар үүнд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Х.Ө-ы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр архидан согтуурч хөгжлийн бэрхшээлтэй эхнэр Ж.Нийг гуя руу нь өшиглөж цээжин тус газар цохиж зодон биед нь халдсан, 2018 оны 12 дугаар сарын 28-аас 29-ний өдөр шилжих шөнө эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг мөр, нүүр лүү нь гараараа цохиж, нүд рүү нь өшиглөсөн, мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эхнэрээсээ мөнгө авч архи уун согтуурч эхнэр Ж.Нийг ална хэмээн тонгорог барьж сүрдүүлэн, нуруу руу нь цохиж, цээж рүү нь өшиглөсөн зэрэг үйлдлүүдийн улмаас хохирогч Ж.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ...хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” бол гэж заасан. Энэ гэмт хэрэгт хохирол, хор уршиг шаардахгүй бөгөөд зөвхөн гэр бүлийн харилцаатай хүн нь энэ гэмт хэргийг хүүхэд, ...хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн байхыг л шаарддаг. Насанд хүрээгүй хохирогч Ө.С нь шүүгдэгч Х.Өы хүүхэд, хохирогч Ж.Н нь мөн түүний эхнэр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Мөн хохирогч Ж.Н нь хөгжлийн бэрхшээлтэй болох нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ж-ын “...Ж.Н нь төрөлхийн харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн чадварыг 60 хувь алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юм.” гэх мэдүүлэг болон Ж.Нд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөр чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон акт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Ө нь “Хүү Ө.Сийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хаалга дутуу түгжсэн гэх шалтгаанаар болон өмнө нь ч гэсэн зодож байгаагүй” гэх боловч энэ нь насанд хүрээгүй хохирогч Ө.Сий “...Намайг чи хаалга дутуу түгжсэн гээд хөлөнд минь 2 удаа өшиглөж, 4-5 удаа нуруунд гараараа цохиж, галын хайчаар 2 удаа баруун хөлөнд цохисон. Би тэр үед “Ааваа би болино. Дахиж хаалгыг дутуу түгжихгүй” гээд уйлсан. Манай аав “Сахилгагүйтсэн чи тоглохгүй шүү” гээд бөгсөнд алгаддаг. Нүүж ирснээс хойш 4-5 удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Ө.Берикгүлийн “...Манай дүү Ө.Сийг эрүүл үедээ ч, согтуу үедээ ч зоддог. ...Манай аав 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үүрээр цагдаа аавыг авч явдаг өдөр “Цагдаа орж ирсэн. Чи хаалгыг дутуу түгжсэн байна” гээд Ө.Сийг унтаж байхад хөлөнд нь өшиглөж, бос гээд нуруунд гараараа цохиж, галын хайчаар нуруунд нь цохисон.” /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Х.Өы эхнэр Ж.Н болон хүү Ө.Сийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ...хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэх шинжийг хангаж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен шүүгдэгч Х.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлд тохирч байна. Иймд шүүгдэгч Х.Өд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хүү Ө.Сий эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Шүүгдэгчээс хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Ө бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Өы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Х.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн”-г хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Ө нь өөрийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж удаа дараа, санаатайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ж.Н, хүү Ө.С нарыг зодож байсан тул “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон согтуурлын хэмээг тогтоосон тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Х.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна. Энэ нь түүнийг “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзсан.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Х.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 хоногоор тооцож, түүнд оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулах 7 сарын хугацаагаар хорих ял дээр 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэх саналыг гаргав.
Шүүхээс улсын яллагчийн шүүхэд гаргаж буй санал нь үндэслэлтэй шүүгдэгч Х.Өы үйлдсэн гэм хэрэг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзсэн. Иймд улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Шүүгдэгч Х.Өд хуульд зааснаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Х.Өы үйлдсэн гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хөх бариултай тонгорог хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бичгийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Х.Өы иргэний цахим үнэмлэхийн лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан 3 хуудас баримт зэргийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И ургийн овогт Х-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.2-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар сольж 30 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өд оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Х.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Х.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хөх бариултай тонгорог хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Бичгийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Х.Өы иргэний цахим үнэмлэхийн лавлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан 3 хуудас баримт зэргийг хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.Д