| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0046/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/048 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/048
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч С.Г,
Шүүгдэгч А.Бн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000710061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Аы Б, 1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын*** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар АЙ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Сарсекбайн Гийг хүүхдийнхээ үсэглэлийн баярын цайллагыг энэ сард өгөхгүй гэж хэлсэн асуудлаас үүссэн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдаж, гуя руу нь өшиглөж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №92 дугаартай “...Иргэн С.Гий биед тархи доргилт, баруун зүүн талын бугалга, баруун талын гуя, өгзөг, тахимны хонхор, зүүн талын өгзөгний хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх учирсан гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх /хх-ийн 40 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Гий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хохирогч С.Гий эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч А.Б учруулсан болох нь:
- Хохирогч С.Гий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2011 онд Толбо сумын 5 дугаар багийн иргэн Айтуган овогтой Бтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Одоо 3 хүүхдийн хамт Толбо сумын 5 дугаар багт оршин суудаг. Манай нөхөр болох А.Б гэрлэснээс хойш хааяа архи ууж байсан ба 2016 оноос эхлэн тус сумын 5 дугаар багийн Засаг дарга болсон. Тэрнээс хойш архи их ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа. 2018 оны 07 дугаар сард согтуу ирж хэрүүл маргаан гаргаж зодсон ба хүнд хэлээгүй байсан. Тэгээд зүгээр болох байх гэж бодсон. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүүхдийн үсэглэлийн баярын цайллага өгнө гэж хэрүүл маргаан гаргаж над руу цай ууж байсан аягыг шидэж намайг гараараа цохиж гуя хэсгээр хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед манай гэрт найз болох М.Ахжархын, Ө.Серикгүл нар байсан ба тэд нар явсаны дараа “Чамайг ална. Чи энэ гэрээс зайл” гээд намайг гэрээс хөөж гаргасан ба би сумын сүм хийдийн байранд орж хоносон. Тэгээд маргааш нь өглөө босож ууланд гарч байхад сумын хүмүүс олж авсан. Би тухайн үед ухаан алдаж унасан байна. Уулзсан хүн болгоноос хардаж хэрүүл маргаан гаргадаг. Ер нь байнга хэрүүл маргаан гаргаж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Эхэндээ засрах байх, архи уухаа болих байх гэж бодон хүлээцтэй хандаж гэр бүлийнхээ төлөө тэвчсэн ч сүүлийн үед өдөр бүр архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа. Би эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх ямар нэгэн гомдол байхгүй. А.Б надаас уучлал гуйж би уучилсан байгаа. ...Бид хоёр ямар нэгэн дарамт шахалтгүй сайн дураараа эвлэрсэн. Өмнө нь зодож байгаагүй. 2018 оны 07 дугаар сард маргалдсан. Тэгэхэд намайг зодоогүй. Нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийи 15-21 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Ө.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Б энэ сарын 16-ны өдөр том охины үсгийн баярын цайллага өгнө гэж яр ж байсан. Тэгээд 10 минутын дараа Г гаднаас орж ирэхэд “Энэ сарын 16-ны өдөр Жанасылымын цайллагыг өгнө. С та хоёр хэрэгцээний тооцоогоо бодоорой. Аймгаас хүнсний зүйл авхуулах байх” гэхэд Г “Энэ сард өгөх боломж байхгүй. Дараа сард өгье” гэж хэлснээс болж хоорондоо хэрэлдэж цай ууж байсан аягыг С.Г руу шидэхэд оноогүй ба А.Б сууж байсан сандлаас босож очиж С.Гийг хэд хэдэн удаа гараараа хоёр талын гарын булчин хэсэгт цохиж, гуя хэсгээр хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- Гэрч М.А-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед А.Б, С.Гд хандаж хүүхдийн цайллага өгнө гэж хэлснээс болж хоорондоо хэрэлдэж цай ууж байсан аягыг шидэж Гийг хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн үед би А.Быг салгаж гадаа гаргасан. А.Б С.Гий гарын булчин хэсэгт цохиж, гуя хэсэгт өшиглөсөнийг мэдэж байгаа. Яг хэдэн удаа цохиж, өшиглөсөн талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
- Гэрч Б.С-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн охин болох С.Г Толбо сумын 5 дугаар багийн иргэн Айтуган овогтой Бд 2011 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Тухайн үед А.Б тус аймгийн Улаанхус сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан ба 2013 онд ажлын дутагдал гаргаж ажлаас гарч Толбо суманд нүүж ирсэн. Тэгээд 2016 онд орон нутгийн сонгуулиар Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшиж тус сумын 5 дугаар багийн Засаг дарга болж одоо хүртэл ажиллаж байгаа. Багийн Засаг дарга болсноос хойш архи их ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, миний охин болох С.Гийг зоддог болсон. Өмнө нь хэд хэдэн удаа миний охин зодуулж гэрт ирэхэд манай гэр бүлийн хүмүүс А.Быг уучилж явуулсан юм. Тэгээд бид нар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баяннуур суманд байгаа охины цайллаганд явахад 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрүүл маргаан гаргаж С.Гийг зодож гэрээс хөөж явуулсан ба С.Г 2 өдөр гэрт хоноогүй байна. Сүүлийн үед архи их ууж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн үед босож хашаанд байгаа малаа янзалж 12 цаг 15 минут гээд гэрт орж ирсэн. Тэгээд гэрт сууж байгаад найз болох М.А руу утсаар залгаж манай гэрт хүрээд ир гэхэд 30 минутын дараа А түүний эхнэр болох Ө.С нар орж ирсэн. Тэгээд бүгдээрээ юм ярьж сууж байгаад хоол идэж сууж байхад гаднаас нэг хүн ирж эмийн сангаас эм авахаар манай эхнэр С.Гийг дуудахад манай эхнэр эмийн сан руу явсан. Тэгээд эмийн сангаас орж ирэхээр нь “Ж-н үсэглэлийн баярын цайллагыг энэ сарын 16-ны өдөр өгөхөөр төлөвлөж байгаа хүнсний зүйл болон бусад хэрэгцээний тооцоог Серикгүл та хоёр гаргаж өгөөрэй” гэхэд манай эхнэр дургүйцэж “Энэ сард өгөх боломж байхгүй” гэж хэлснээс болж бид хоёр хэрэлдэж би С.Гийг нэг удаа цээж хэсгээс түлхэх үед тэр миний толгой тус газар нэг удаа гараараа цохиж маргалдаж байхад Ахжархын намайг салгаж авч гадаа гаргасан. Тэгээд А бид хоёр манай малын хашаанд очиж малд тэжээл өгч, дэлгүүрээс нэг хайрцаг тамхи авч гэрт орж ирэх үед С, А-ыг дагуулж гэрээс гарч явсан. Тэд нар явсаны дараа би цай ууж сууж байхад гаднаас манай багийн иргэн Нүкей гэх өндөр настан орж ирж С.Гд тариа хийлгэж байхад би унтаж амарсан. Тэгээд орой 20 цагийн үед босож малын хашаанд очиж малд өвс тэжээл өгч гэрт ирсэн үед Г эмийн сан руу яваад өгсөн. Тэгээд би хүүхдүүдэд хоол хийж өгч байхад гаднаас манай хөрш нар болох Х.М, Д.А нар орж ирж хоол идэж ярилцаж суусан. ...Эмийн санд очиход Г байхгүй эмийн сан цоожтой байсан. Тэгээд Н гэдэг хүний тариаг тарихаар явсан байх гэж бодоод гэртээ ирж хүүхдүүдээ унтуулаад өөрөө унтчихсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Одоо цаашид ийм хэрэг гаргахгүй. Тухайн өдөр бид хоёрын үл ойлголцлоос болж гарсан. Би эхнэр болон хамаатан садангуудаасаа уучлалт гуйсан. Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Торгуулийн ял оноож өгнө үү. Мөн уг торгуулийн арга хэмжээг 2 хувааж төлөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Бы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл А.Б нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Гий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Быг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Гий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Би эмчилгээ хийлгээгүй, надад нэхэмжлэх ямар нэгэн гомдол байхгүй. А.Б надаас уучлал гуйж би уучилсан байгаа. Ямар нэгэн гомдол, маргаан байхгүй.” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй байхгүй байна.
Шүүгдэгч А.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.Бы “Samsung Galaxy S7” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох иргэний цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д