| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00463/И |
| Дугаар | 439 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00463/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 3-21 тоотод оршин суух, Адуучин овогт Ерэнтэйн Мөнх-Учралд (ЛЮ 89072577) холбогдох,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 хэсэг 196 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Баасансүрэнгийн (МЮ-89012786) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баасансүрэн, хариуцагч Е.Мөнх-Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Баасансүрэн миний бие 2009 онд Е.Мөнх-Учралтай танилцаж хамтран амьдрах болсон. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтийн 77/000317 дугаартай баталгаанд бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Этүгэн нь, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү М.Ирмүүн нь төрсөн. Хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2014 оноос тусдаа амьдрах болсон. Хүү М.Этүгэн, М.Ирмүүн нар нь 2014 оноос надтай хамт амьдарч байгаа юм. Хүү М.Этүгэн, М.Ирмүүн нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Е.Мөнх-Учрал бид 2 тус тусын амьдралтай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баасансүрэн би, Е.Мөнх-Учралаас гэрлэлтээ цуцлуулна. 2009 оноос хойш Е.Мөнх-Учралтай хамтран амьдарч, 2013 оны 02 сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 2010 онд М.Этүгэн, 2013 онд М.Ирмүүн төрсөн юм. Хүү М.Этүгэн, М.Ирмүүн нарыг өөрийнхөө асрамжид үлдээнэ. Хариуцагч Е.Мөнх-Учралаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Эд
хөрөнгийн маргаангүй байна. Мөн миний бие Сэлэнгэ аймагт амьдардаг бөгөөд ирж, очих замын зардал 80 000 төгрөгийг Е.Мөнх-Учралаас нэхэмжлэж байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 27 тал)
Хариуцагч Е.Мөнх-Учрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Баасансүрэнгийн гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 он хүртэл цалингийн зээлтэй байгаа учраас хүүхдийн тэтгэлгийг 2018 оноос эхэлж өгөх саналтай байна. Хүү М.Этүгэн, М.Ирмүүн нарыг эх Б.Баасансүрэнгийн асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би Б.Баасансүрэнгийн нэхэмжилж байгаа унааны зардлыг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
Хариуцач Е.Мөнх-Учрал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Баасансүрэнгийн гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Би 14 000 000 төгрөгийг цалингийн зээлтэй сар бүр 600 000 төгрөг банканд төлдөг юм. Тийм учраас 2018 оны 11 дүгээр сар хүртэл цалингийн зээлтэй учир энэ хугацааг дуустал хүлээж тэтгэлэг өгөхийг хүлээлгэх гэсэн юм.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 12 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь хариуцагч Е.Мөнх-Учралаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү М.Этүгэн, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү М.Ирмүүн нарыг төрүүлсэн болох нь № 77/000317 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 4 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 8 тал) № 0000847662 дугаартай хүү М.Этүгэн, №0000847781 дугаартай хүү М.Ирмүүний төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв. (хх-ийн 13 тал)
Зохигчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 17, 27 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Этүгэн, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Ирмүүн нарыг эх Б.Баасансүрэнгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Е.Мөнх-Учрал нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 17 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Этүгэн, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Ирмүүн нарыг эх Б.Баасансүрэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Баасансүрэн, хариуцагч Адуучин овогт Ерэнтэйн Мөнх-Учрал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Этүгэн, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Ирмүүн нарыг эх Б.Баасансүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М.Этүгэн, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Ирмүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Е.Мөнх-Учралаас сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү М.Этүгэн, М.Ирмүүн нарт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Баасансүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баасансүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Э.Баасансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Е.Мөнх-Учралаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баасансүрэнд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ