Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 06

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар  сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  ******* сургуульд холбогдох, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* сургуулийн захирлын 2015 оны 8 сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож,  ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин 11223240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга *******  нар оролцов.   

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Монгол Улсын Их сургуулийг 1983 онд төгсч одоогийн Сайнцагаан сумын ******* сургуульд биологийн багшаар, 2008 оноос сургалтын менежерээр  ажиллаж, энэ сургуульд тасралтгүй 32 жил 1 сар ажиллаж байтал тус сургуулийн захирал ******* 2015 оны 8 сарын 17-нд Б/23 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 112 дугаар зүйлүүдийг тус тус зөрчин ажлаас халсан. Захирал *******гийн гаргасан Б/23 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг үндэслэсэн нь намайг ажлаас чөлөөлөх шалтгаан болохгүй. Би байнгын ажлын байранд ажиллаж байсан учраас хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. 2015 оны 8 сарын 19-нд  ажилдаа орохоор очиход захирал ******* тантай хамтарч ажиллахгүй, таныг ажлаас чөлөөлсөн гэсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй. Хэн нэгнээс ав гэж хэлээгүй. Учир нь тушаал нь бичигдээгүй байсан байх гэж бодож байна. 2015 оны 7 сарын 1-нд захирлыг дуудахаар нь өрөөнд нь ороход танд албан  мэдэгдэл өгмөөр байна гэж байсан. Би тэтгэвэрт гаргах мэдэгдэл юм байна гэж ойлгоод би ажлаас гарах өдрөө болохоор өөрөө гарчихна гэж хэлсэн. Мэдэгдлийг эх хувиар нь аваагүй, арай ч намайг ажлаас чөлөөлчихгүй байлгүй гэж бодоод цаашид үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлт, өргөдөл өгөөгүй.  Миний ээлжийн амралт эхэлсэн боловч амралтаа эдлээгүй тус сургуулийн ойг тэмдэглэхтэй холбоотой сургуулийн байр баригдсанаас хойшхи 50 жилийн түүхийн номын материалыг өөрийн зардлаар цуглуулан эмхэтгэхэд ахмад багш *******тэй хамтран ажилласан. Би ар гэрийн амьдралтай холбоотой хувийн ажлаа амжуулаад 8 сарын 31-нд ирсэн. Надад ажлаас чөлөөлөгдсөн тушаал ирээгүй. Би ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл ч аваагүй. 9 сарын 1-нд ажил хүлээлгэн өгөхөөр очиход чөлөөлсөн тушаал өгсөн. Яг энэ үед сургалтын менежер *******,, , ня-бо , аж ахуй нар байсан. Би захиралд “Та энэ тушаал дээрээ 9 сарын 1-нд хүлээлгэн өглөө гээд бичээд өгнө үү” гэхэд тэр чадахгүй гэсэн. Эрх бүхий байгууллага шаардсан гэдгийг хариуцагч тал Аймгийн Засаг дарга , Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нараас албан тоот ирсэн учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарладаг. Энэ албан тоот нь хууль зүйн үндэслэлгүй, албан тоотод хариу өгөх хугацаа нь дууссан  2014 оны 8 сарын 26,  2014 оны 11 сарын 10-ны өдрийн албан тоотууд байгаа юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт зөрчсөн албан тоот байна. Бас Боловсролын тухай хуулийн 43.1.4 дэх  хэсэгт заасан заалтыг барьж тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.   2013 онд би өндөр насны тэтгэврээ тогтоолгон 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Б/30 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжээ авсан.  захиралтай ярьж тохиролцсон байсан болохоор ямар нэгэн хүсэлт, өргөдөл өгөлгүйгээр захирлын 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Б/31 тоот тушаалаар эргээд ажилдаа томилогдон ажилласан.  захирлын ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай заалт байхгүй байсан тул 2013 оны 9 сарын 3-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно” гэсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай  хуульд “өндөр настан тэтгэвэр авах эрхтэй” гэсэн байна. Би нэг  жил ажиллана гэсэн өргөдөл өгөөгүй. Намайг ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн гэж би үзэж байна. Миний бие тус сургуульд ажиллах хугацаанд мэргэжилдээ байнга өсч, туршлагажин амжилт гаргаж байсан. Тухайлбал 2007 онд аймгийн Боловсролын газраас “Орон нутгийн сургалтын хөтөлбөр” боловсруулахад биологийн хичээлээр аймгийн багийг ахалсан, аймгийн багш нарын ур чадварын 2003, 2007 оны уралдаанд тэргүүн байр, аймгийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан 2002-2003 оны шилдэг технологич багш шалгаруулах ур чадварын уралдааны тэргүүн, нийт сургалтын менежерүүдийн ур чадварын уралдаанд 2009, 2010 онуудад гутгаар байр тус тус эзэлсэн, сургуулийн оны тэргүүнээр удаа дараа шалгарч байсан, сургалтын менежерээр ажиллаж байхдаа БШУЯ, МУБИС-аас зохион байгуулсан багшийн мэргэжлийн заах арга, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд амжилттай суралцаж МУБИС-ийн багшлах дадлагын Зөвлөх профессор итгэмжлэл авсан, аймгийн Засаг даргын 2014 оны Б/262 дугаар захирамжаар сургуулийн захирлын албыг хавсран гүйцэтгэж байсан. Харин ажлын хариуцлага алдсан, мэргэжлийн ур чадварын асуудлаас зэмлэл, арга хэмжээ хүлээж яваагүй.

 

Иймд ******* сургуульд хариуцагдах сургуулийн захирлын 2015 оны 8 сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байгаа 2015 оны 8 сарын 17-ын өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдрийг хүртэл 186 ажлын өдрийн цалингийн нөхөн олговорт 11223240 /арван нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 7 сарын 7-ны өдрийн Б/408 тоот захирамжаар “Говийн-Ирээдүй” цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Ажил хүлээн авсан өдрөөс эхлэн Боловсрол, Шинжлэх ухааны салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2014 оны 7 сарын 7-нд ажлаа хүлээн авахад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 41 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн тэтгэврээ тогтоолгоод тэтгэмжээ авсан боловч ажиллаж байгаа , , , *******, багш нар байсан. Эдгээр нэр бүхий багш нартай уулзаад гэрээ цуцлах тухай саналаа тавихад , ******* нар нь 55 нас хүртэл ажиллаад гарах тухай хүсэлт тавьсан. *******г хүсэлтийн дагуу ажиллуулж байтал 2014.08.26-нд Аймгийн Засаг дарга эс 1/111 тоот албан бичиг, 2014.11.10-ны өдөр АЗДТГ-ын дарга ас 2/1497 тоот албан бичиг тус тус ирсэн. Гэвч хичээлийн жилийг дуусгах үйл ажиллагааны шаардлага, өөрсдийн өргөдөл хүсэлтийн дагуу албан тоотоор тайлбар өгөөд 2015.07.01-н хүртэл ажиллуулсан. Аймгийн БСГ-ын дарга захирлуудад “..Тэтгэвэр тэтгэмжээ аваад ажиллаж байгаа хүмүүстээ гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгч байх нь зүйтэй” гэж зөвлөсний дагуу дээрх утга бүхий албан мэдэгдлийг 2015 оны 6 сарын 30-нд бичиг хэргийн ажилтнаар өгүүлэх гэсэн боловч бичиг хэргийн ажилтан өгөлгүй, 7 сарын 1-нд ээлжийн амралтаа аваад амраад явсан тул миний бие 7 сарын 1-нд мэдэгдлийг багшид өгсөн боловч аваагүй. Цаашид ажиллах хүсэлтээ албан ёсоор ч илэрхийлээгүй. Энэ хүн энэ сургуульд 33 жил ажилласан учраас шууд ажлаас чөлөөлөхийг бодоогүй. Мэдэгдлээ аваарай гэхэд мэдэгдлээ аваагүй. 2015 оны 8 сарын 14-ний өдөр Аймгийн БСГ-аас 8 сарын 15-ны өдрөөс “Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн сургалттай тул багш нарын мэдээлэл судалгаа гаргах шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн тул сургалтын менежер Х.******* руу ярьж ахлах ангийн сургалтын менежертэйгээ хамтраад зохицуулах үүрэг өгсөн. Гэтэл залгаад байхад ******* багш утсаа авахгүй байна, миний дугаараас залгахаар авахгүй байна, өөр хүний утаснаас залгахад авч байна гэсэн хариу өгсөн. Ингээд би тэр хүн ажиллахгүй, цаашдаа ажлаасаа гарна гэж бодож байгаа юм байлгүй, өөрсдөө ажлаа зохицуулаад, суулгах багшийнхаа нэрийг өг гэсэн. 2015 оны 8 сарын 15-ны өдөр сургалтын нээлт эхлэхээс өмнө сургалтын менежер Х.******* сургуулийн захиргаанд гомдол гаргасан. Х.******* багш энэ асуудлыг цагдаад хэлж шалгуулж болох байсан ч эхлээд сургуулийн захиралдаа хандаж байна гэж тайлбарласан. Энэ хүнтэй цаашид хамтарч  ажиллахад хэцүү байсан. Ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахад энэ явдал түлхэц болсон. Албан мэдэгдэл өгөхөд “...би өөрөө гарчихна, надаас битгий ай” гэх мэт ёс зүйгүй харилцаа гаргаж байсан ч гэсэн “Эрдмийн өргөө”-ний 50 жилийн ойн комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, тухайн сургуульд 33 жил ажилласан” нөхцөл байдлуудыг харгалзан цаашид 1 жил ажиллуулахаар шийдсэн байсан бөгөөд дунд ангийн сургалтын менежер Х.*******ын гаргасан гомдлын утга санаа *******гийн гэрээг сунгахгүй гэсэн шийдвэр гаргахад тодорхой хувь хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед ажлаас чөлөөлөх тушаалыг ёс зүйн үндэслэл зааж гаргах бодол байсан ч энэ хүн 33 жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа зэргийг нь бодоод  дээд газраас ирсэн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар гэсэн үндэслэлийг тушаалдаа заасан нь үнэн. Мөн 2013 оны 12 сарын 13-ны өдрийн Б/30 тоот тушаалаар  Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон байсан. Би ажлаа аваад нийт албан хаагчдад хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах талаар хурал дээр сануулж байсан. Гэвч хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах асуудлаар маргаан үүсч дээд газар болон холбогдох байгууллагууд руу гомдол гарч байсан учир хүн нэг бүрт хөдөлмөрийн гэрээгээ шинэчил гэж хэлээгүй нийт дунд нь хэлж байсан. Гэвч багш хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж байгуулаагүй. 8 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд ажлын 8 цагаар сургалт болж 8 сарын 18-нд аймгийн багш нарын бага хурал болсон тул 8 сарын 17-нд төлөвлөж гаргасан тушаалаа 8 сарын 19-нд бичиг хэргийн ажилтан г өгөөрэй гэсэн үүрэг өгсөн байсан. *******д тушаал нь гарсан, бичиг хэргийн ажилтнаас аваарай, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн боловч авахгүй байсаар 9 сарын 1-нд ирж аваад ажлаа хүлээлгэж өгсөн. Миний бие сургалтын менежер *******гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 1 хичээлийн жил ажиллуулсан. *******г 2015 оны 8 сарын 17-ноос үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар овогт гийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн Ирээдүй цогцолбор сургууль /захирал *******/”-д холбогдох сургуулийн захирлын 2015 оны 8 сарын 17-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн Ирээдүй цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11223240 /арван нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун дөч/  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1.******* болон ажил олгогчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байхгүй гэж үзжээ. Миний бие ******* сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/31 тоот тушаалаар томилогдон 2015 оны 8 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалтын менежерийн үүрэгт ажлыг тасралтгүй гүйцэтгэсэн. Ажиллах хугацаандаа цалин, ур чадварын, боловсролын зэргийн нэмэгдэл зэргийг тус тус авч байсан болох нь Дундговь аймгийн Боловсролын газрын даргын “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгох 2013 оны 9 сарын 19-ний өдрийн А/11 тушаал, ******* сургуулийн захирлын 2014 оны А/59, 2015 оны А/21 тоот тушаалууд, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байхад хөдөлмөрийн гэрээгүй гэдгээр шүүх нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна. 2013 оны 9 сарын 3-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байх ба уг гэрээгээр эрхлэх албан тушаал, ахлах хэсгийн сургалтын менежерийн албан тушаал өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцлах, өөрчлөх нөхцөл гарахгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.3-т зааснаас үзэж болно. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаас үзэхэд хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 1.9-д гэрээний хугацаа нэг жил гэсэн байна. Иймд хууль зөрчөөгүй гэрээ мөн хугацаагаар сунгагдан хүчин төгөлдөр байгаа гэж үзнэ. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна, хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.7-д “Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг зөвхөн хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас харахад хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь аливаа байгууллагын ажилтанд бус ажил олгогчид хүлээлгэсэн үүрэг хариуцлага болно. Тиймээс өөр хэн нэгний буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч намайг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн захирал ******* нь тус сургуулийн захирлаар 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш нийт багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар 2-3 удаа хуралдсан боловч /хуралдааны тэмдэглэл хэрэг материалын 204, 205-р хуудас,   багш , нарын гэрчийн мэдүүлэг хэрэг материалын 197-200 хуудас/ хөдөлмөрийн гэрээг хийж чадаагүй нь нотлогддог. Иймд 2015 оны 2 дугаар сараас өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай асуудлыг эцэслэн шийдэж чадалгүй явсаар 2015 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээг багш нартай байгуулж эхэлсэн. Үүнийг тухайн байгууллагын багш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шалган тогтоож болохыг хүсэлтээр гаргаж байгааг хүлээн авна уу. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг сунгах,  цуцлах нь ажилтнаас шалтгаалахгүй гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаас үзэхэд байгууллагын захирал өөрчлөгдсөнөөр гэрээ цуцлах бус харин байгууллага татан буугдсанаас өөр тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Үүнийг эрхэм шүүгч нар анхааралдаа авна гэдэгт итгэж байна.

 

2.Мөн шүүхийн шийдвэрийн 1-р заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж үзсэн атлаа хөдөлмөрийн гэрээгүй гэж дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгүй ажилласан гэж үзэж ажилтныг буруутгасан атлаа дээрх заалтаас үзэхэд ажилтны буруу мэтээр шийдсэн нь иргэн надад ямар ч ойлгомжгүй санагдаж байна. Учир нь миний бие дээд боловсролтой багш мэргэжилтэй, багш удирдах ажилтнаар улсад 32 жил ажилласан туршлагаасаа үзэхэд шүүхийн шийдвэр нь 2 өөр утга агуулгаар ойлгогдож байгаа юм. Иймээс миний давж заалдах гомдлыг хүлээн авч шийдэж өгнө үү.

 

3.Мөн хэрэг материалд хуулийн шаардлага хангаагүй буюу нотариатын баталгаагүй нотлох баримтуудыг хүлээн авч хэрэгт хавсаргасан нь хуулийг зөрчсөн. Учир нь уг хэргийг өмнө нь шийдэж байсан шүүгч хуулбар нотлох баримт авахгүй гэж байхад сүүлд шийдсэн шүүгч дээрх баталгаажаагүй баримтуудыг хүлээн авч хэрэгт хийсэн, түүндээ ямар ч дүгнэлт өгөөгүй орхигдуулсан /хэрэг материалын 204, 205 хуудас гэх мэт/.

 

4.Шүүхийн шийдвэрт миний бие шаардлага болгож гаргаагүй асуудалд дүгнэлт өгөөд байгаа нь ямар ч ойлгомжгүй байна. Учир нь миний бие ******* сургуулийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 тоот тушаалд гомдол гаргаснаас биш 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 тоот тушаалд ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүгч шийдвэртээ ******* намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.2, 41 дүгээр зүйл, өөрийн хүсэлтийг үндэслэн сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан тушаал, зохигчийн тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь шүүх дүгнэлт өгөх ёстой зүйлдээ анхаарал хандуулаагүй байна гэж гомдолтой байна.

 

5.Мөн шийдвэрт нэхэмжлэгч нь дээрх тушаалын дагуу 2013.12.19-ний өдрийн 60 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22264600 төгрөг авсан байна гэжээ. Үүнтэй хэн ч маргаагүй, өгсөн авсан нь үнэн. Үүнээс хойш миний бие байгууллагатайгаа харилцан тохирсноор тус сургуулийн захирлын 2013.12.13-ны Б/31 тоот тушаалаар 2013 оны 12 сарын 14-ний өдрөөс эхлэн ******* сургуулийн сургалтын менежерээр томилогдон ажилласан. Энэ хугацаанд ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэсэн нь цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын дэвтрээр тодорхойлогдоно. Гэтэл *******, захирал нарын хооронд байгуулсан 2013.09.03-ны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал өөрчлөгдсөн тухай бүрт хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ойлголт яригдахгүй гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-д ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Иймд миний хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж, мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэх боломжтойг шүүх анхаарна уу.

 

6.Миний бие тэтгэвэр авагч өндөр настан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхэлж болохыг ч мөн зөрчиж байна. Учир нь тэтгэмж авсан гэдгээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү.

 

7.Мөн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн заалтыг буюу 40.5-д заасныг хэрэгжүүлээгүй. Хэрэгжүүлсэн гэж хэрэгт материал бүрдүүлж өгсөн нь хуудас 33-т байгаа нь нотариатын баталгаагүй, 39, 40-р талд буй баримтаар мэдэгдэл өгсөн гэдэг нь зохих ёсоор үнэн зөв хийгдээгүй хуурамчаар бүрдүүлсэн баримт байдаг. Үүний хуурамч гэдэг нь гэрч Алимаагийн мэдүүлгээр                          /191-192-р хуудас/ харагддаг. Иймд энэхүү шалтгаан нөхцлийг ч мөн шүүх шалгаасай гэж хүсч байна.

 

Иймээс  Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00147 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

         Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

          Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч ******* Сайнцагаан сумын ******* сургуулийн  сургалтын менежерийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тус сургуулийн захирал *******гийн гаргасан 2015 оны 8 сарын 17-ны Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 8 сарын 17-ноос  2016 оны 5 сарын 12-ны өдрийг хүртэл авах ёстой байсан цалинтай тэнцэх олговорт 11223240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* тэтгэврийн насны хүмүүсээ гаргаж шинэ залуу боловсон хүчнээ дэмжих зорилгоор аймгийн удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шийдвэр гаргасан гэх агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

           ******* сургуулийн 2013 оны 09 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ / хэргийн 6-7 дугаар тал/-ний нөхцөлийн дагуу “Ахлах хэсгийн сургалтын менежер” ажилтай *******г тус сургуулийн захирал ажлаас чөлөөлөхдөө 2015 оны 08 сарын 17-ны өдрийн Б/23 тоот тушаал / хэргийн 9 дүгээр тал/ гаргаж, уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-ийн 3, 1-ийн 4 дэх заалт, 38 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх заалт, Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-ийн 2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна.

          Шүүх ажил олгогч, ажилтан нарын хооронд 2013 оноос хойш байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  үндэслэл мэт дүгнэжээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т  хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэжээ.

 

           ******* нь 2015 оны 08 сарын 17-ныг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй ажил олгогчийн хариуцлагыг ажилтаны буруутай үйлдэл мэт  дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

          ******* нь өндөр настны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч байгууллагын захиргаатай тохиролцон тус сургуулийн захирлын 2013.12.13-ны Б/31 тоот тушаалаар ******* сургуулийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд нийцсэн бөгөөд дээрх үндэслэлээр ажилтныг чөлөөлсөн захирлын тушаал үндэслэлгүй гарчээ.

 

           Иймд *******г тус сургуулийн ахлах хэсгийн менежерийн ажилд эгүүлэн томилох нь зүйтэй бөгөөд  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2015 оны 5 сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын  7.а-д  ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тухайн  ажилтны  сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу доорх байдлаар тодорхойлов.

 

           Ажилтны сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход  нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа эдэлсэн  гэдэг нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул  2015 оны 4 дүгээр сард  1158336 төгрөг, 5 дугаар сард 1173017 төгрөг, 6 дугаар сард 1530470 төгрөгийн цалинг тус тус авч байсан нь хавтаст хэргийн 5-р талд авагдсан 0180248 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд 4,5,6 сарын цалингийн нийлбэр 3861823 төгрөгийг дээрх 3 сар буюу 64 хоногт хуваахад нэг өдөрт ногдох дундаж цалин хөлс нь 60340 төгрөг байна.  Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 8 сарын 17-наас 2016 оны 05 сарын 12-ны өдрийг дуустал  хугацаанд ажилгүй байсан хугацааны олговорт  /186 хоног x 60340 төгрөг / 11.223.240 төгрөгийг Говийн–Ирээдүй цогцолбор сургуулиас гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжсэн тул шаардлагын хүрээнд  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн                    2016 оны 05 сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00147 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Дундговь аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн захирлын 2015 оны 8 сарын 17-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******г Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* сургуулийн ахлах хэсгийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож,                          Дундговь аймгийн Говийн- Ирээдүй цогцолбор сургуулиас 11223240 /арван нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамж нийт 264722 /хоёр зуун жаран дөрвөн мянга долоо зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БЯМБАЖАВ

                 ШҮҮГЧИД                             П.ДОЛГОРМАА

                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ