Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 86

 

Б.А, Б.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр,  Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Болортуяа, Т.Эрдэнэзаяа, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар магадлалтай, Б.А, Б.О нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгч Б.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн,  36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “СА” ХХК-д нягтлан бодогч ажилтай байсан, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймаг дахь Баян-Өндөр сум,  Баян-Өндөр сум, Баянбулаг багийн 5А-30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн А,

2.Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн,  51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Орхон аймгийн “У” цэцэрлэгийн эрхлэгч ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг дахь Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, Евро Эко төгөл хотхоны 7А-5 705 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б овогт Б-ийн О,

Б.А нь “СА” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн,

Б.О нь Орхон аймгийн “У” цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төсвийн захирагчаар ажиллаж байхдаа 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.А-г арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн тохижилтод зарцуулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

Нийтийн албан тушаалтан “У” цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “СА” ХХК-ийн нягтлан бодогч Б.А-ыг “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг гэж шахаж шаардан хясан боогдуулж 449,900 төгрөгийн өнгөт принтер авахуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Б.О-д холбогдуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Б.О-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан,

Б.А-ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан... хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох,

мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж 17 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О гаргасан гомдолдоо: “СА” ХХК нь 2005 онд хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхлэхээр байгуулагдсан. 2014 онд Н.Батмөнх захирал болсныг бүртгэсэн. 2018 оны 01 дүгээр сард мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэний худалдаа эрхлэх зөвшөөрлийг нэмж бүртгүүлсэн байна. Уг компани нь 1 гишүүнтэй. Н.Б-д албан тоотыг явуулсан. Харин албан тоотыг хүлээн аваагүй гэж маргадаг. Компаний нягтлан бодогчоор Б.А ажилладаг гэж хийсвэр дүгнэлтийг мөрдөгч, прокурор, шүүгч хийсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.А-аар нийгмийн даатгал төлдөг эсэхийг асуухад төлдөггүй талаар хэлсэн. Уг компани гэр бүлийн хүн буюу Н.Б гэдэг. Уг хоёр хүн гэр бүл гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоохын тулд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлах ёстой. Гэтэл ямар ч баримтаар нотолгоогүй буюу шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дугаарт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу Б.А нотлох үүрэг хүлээхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгдэгч Б.О нь ... “СА” ХХК-д принтер өгнө үү гэсэн утгатай албан бичгээр хүсэлт явуулсан. Нярав Б-аар энэ хүсэлтийг хүргүүлсэн. 12 сард ямар принтер авах вэ гэж асуухаар нь өөрөө мэдээд ав хамгийн хямдыг нь авъя гэж хэлсэн бөгөөд яг ямар принтер авахыг мэдэхгүй тул цуг явж авъя хэмээн А хэлж нярав Б.Б, Б.А бид гурав явсан принтер худалдаалдаг 5 газраар орсон. 5 дахь газраас авахаар болоход бэлэн байхгүй байсан учраас Улаанбаатар хотод салбар дэлгүүрт нь байгаа гэхэд маркийг нь хэлж захиалаад Б.А принтерийн болон хотоос ирэх унааны зардлын төлбөрийн тооцоо хийж, баримтыг хувилж надад өгсөн. Хэд хоногийн дараа тус төвөөс принтер ирсэн хэмээн утасдаж би туслах багш Г.Ц-ыг явуулж шалгаж үзэн, шинээр 8000 төгрөгөөр оролт авахуулж мөн хэвлэх, будах татах тохиргоог тэнд нь хийлгэн авсан. Одоо хүртэл албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-нд байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэн орлогод авсан. 2018 оны 12 дугаар сарын эхээр Б.А “Epson L380 маркийн өнгөт 3 үйлдэлтэй принтер 449,900 төгрөгөөр “У” цэцэрлэгт авч өгсөн тухай мэдүүлдэг бөгөөд мөн Б.А нь “...өөрөө намайг дуудаад чи манай цэцэрлэгт 2 багц нийлүүлж байгаа юм чинь өнгөт принтер авч өг гэж хэлсэн. Ямар үнэтэй юм гэсэн чинь 400,000-500,000 төгрөг дотор багтах байх гэхээр нь ямар үнэтэй юм бэ би авч өгч чадахгүй гэсэн чинь заавал авч өг гэж шахаж шаардсан...” /4 дахь хавтас, 45-47 дахь тал/ гэдэг. Б.А нь өөрийн сайн дураар хүүхдийн цэцэрлэгт хандивласан зүйлээ үгүйсгэн, хүнийг санаатай гүтгэн, худал хэлж байгаа байдал нь үнэнд нийцэхгүй юм.

Мөн “У” цэцэрлэгт 2 багц бүтээгдэхүүн нийлүүлдэг “СА” ХХК ашиг сонирхлын зөрчилтэй байх боломжтой байна гэж үзэхээр байна. “СА” ХХК-ийн эрх ашигтай холбоотойгоор ажилтан нь принтерийг авч өгсөн байгаа үйлдлээс компанийг татаж шалгуулахаар хүсэлтийг удаа дараа гаргасан. Гэтэл шалгах шаардлагагүй гэдэг байдлаар өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн миний бие Б.О-ийнг дарамт шахалт үзүүлсэн, хясан боогдуулсан гэдэг ч энэ нь нотлогдоогүй, энэ талаар шалгаагүй. Энэ нь Эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Б.О миний бие Эрүүгийн хуулиар хориглосон гэмт үйлдэл хийгээгүй бөгөөд Б.О надад хахууль авах шунахай сэдэлт, зорилго ерөөсөө байгаагүй юм. Мөн Б.О намайг өөрийн ажлын нэр төр, алдар хүндийг олж авахын тулд авилга хээл хахууль авсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Авлига” гэж албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдлээр илрэх зөрчил гэж ойлгосон. Б.О надад хувийн ашиг хонжоо олох ямар ч санаа зорилго байгаагүй бөгөөд багш нарын ажлын орчинг сайжруулж хүүхдийн сурч хөгжих боломжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан болно. Мөн тус компанид ямар нэгэн давуу байдал олгоогүй юм. Иймд шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүний хувьд тухайн гэмт хэргийн субъект болж байгаа боловч объектив талыг тайлбарлахад хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулж хахууль өгөхийг шаардан авсан идэвхтэй үйлдэл байх ёстой. Гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, мөн хийхийг амлаж хахууль авсан байхыг ойлгоно. Гэтэл Б.О уг принтерийг авах ямар идэвхтэй үйлдэл гаргасан юм бэ гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй. Мөн өөртөө ашиг олоогүй, бусдад ямар ашиг олсон гэдэгт хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Уг принтерийг хүүхдийн сурч боловсрох хэрэгцээнд зориулж Б.А хандив, дэмжлэгээр өгсөн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн үндэслэлийг харуулж байна. Мөн Б.О-ийн холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй. Иймд Б.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Б.Аыг Б.О шахан шаардаж, хясан боогдуулсан болохыг гэрч нар тодорхой мэдүүлдэг. Төрийн төсөвт суусан хөрөнгийг төрийн байгууллага зарцуулах байтал гэрээ байгуулсан компанийг дарамталж шахаж өөрийнхөө өрөөнд өнгөт принтер авахуулж тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2018 онд харилцагч байгууллагуудад хандив, тусламж хүссэн албан бичгийг нярав Болормаа хүргэсэн. Энэ бүх асуудлыг Б.А үгүйсгэж байгаад миний хувьд гомдолтой байдаг. Дарамт, шахалт үзүүлсэн, хясан боогдуулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй. Мөн нүүрэлдэх хүсэлт гаргасан боловч Б.А нүүрэлдээгүй. Нөгөө талаар Б.А “СА” ХХК-ийн нягтлан бодогч хийдэг нь нотлогдоогүй. Тус компанийн захиралд албан ёсоор хүсэлтээ өгсөн гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Прокуророос шүүгдэгч Б.О-д холбогдох Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Б.О-ийнг Орхон аймгийн “У” цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “СА” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг шахаж шаардан өнгөт принтер авахуулж хахууль авсан, шүүгдэгч Б.Аыг уг өнгөт принтерийг хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. “СА” ХХК нь 2017-2018 онд “У” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт шалгарч улмаар 2 багц бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд шүүгдэгч Б.О нь танай компани тендерт шалгарсан, бүтээгдэхүүн нийлүүлсэн, ажил үүргээ хийж гүйцэтгэсний хариуд гэрээний үнийн дүнгийн 1-2 хувийг өг гэж хэлснээрээ хахууль авахаа илэрхийлсэн гэж үзэхээр байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм.

Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно.

Учир нь энэхүү гэмт хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.

Орхон аймгийн “У” цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг гүйцэтгэдэг Б.О нь тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “СА” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 118 тоот албан бичгээр (хэргийн 5 дахь хавтас 9 болон 194, 212 дахь тал) албаны хэрэгцээнд өнгөт принтер авч өгөх хүсэлт гаргасан байх бөгөөд уг албан бичгийг нь уг компаний нягтлан бодогч Б.Ат хүлээлгэн өгсөн талаар гэрч Б.Б (хэргийн 5 дахь хавтас, 179-181 дэх тал) мэдүүлжээ.

Б.О нь өөрийн удирдаж буй байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай эд зүйлийг хандивлах хүсэлтийг албан бичгээр уламжилсан, уг төхөөрөмж буюу өнгөт принтер нь тухайн цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэж, албан хэрэгцээнд ашиглагдаж (хэргийн 2 дахь хавтас, 154-156, 4 дэх хавтас, 84 дэх тал) байгаа, хувьдаа аваагүй зэргээс дүгнэхэд түүнийг ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр хээл хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч Б.О-ийн гомдлын хангаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.

Хахууль авсан гэх Б.О-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож буйтай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасан эрх хэмжээний хүрээнд хахууль өгсөн гэх Б.А-ын үйлдлийг адил үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь мөн л өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд эдгээр шинж Б.А-ын үйлдэлд тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Прокуророос Б.О-д Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Гэвч шийтгэх тогтоол, магадлалын Б.О, Б.А нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн заалтуудыг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буйтай холбоотойгоор шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх боломжгүй байх тул тэдгээрийг тус тус хүчингүй болгож, хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор нэг мөр шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзэв.

Б.О-ийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхдээ ажил хавсран гүйцэтгэсний төлөө бусдад олгогдсон цалингийн зарим хэсгийг буцаан авч цэцэрлэгийн тохижилтод ашигласан, мөн  бусдаас хандив хүссэн, авсан явдлыг  эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж  хариуцлага тооцоход уг тогтоол саад болохгүйг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн  эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос Б.О-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1.1, Б.А-т мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР