Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0631

 

 

 

 

 

 

   

 

 

“Ч-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.О, Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Э.Ц оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 121/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Ч-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 121/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 26 дугаар зүйлийн 26.1-26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.3.1-27.3.3, 27.4.1-27.4.7, 27.5-27.7, 29 дүгээр зүйлийн 29.1-29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн “Ч-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, тус аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “Ч-Ө” ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг тус тус хүчингүй болгож”,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар уг захиргааны хэргээс ““Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “Ч-Ө” ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Монгол Улсын Их Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан эрхийнхээ дагуу 1999 оны 29 дүгээр “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолыг III-н 8-ын 24 дэх хэсгээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа 8030,9 мянган төгрөгийн эд хөрөнгийн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд шилжүүлсэн байна ....” гэж дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эрчим хүчний салбар гэж заасан болохоос 1.8 км дулааны шугам гэж заагаагүй. Харин маргаан бүхий 1.8 км шугам нь 2014 онд баригдаж, тухайн шугамыг Улсын комисс хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоол гарсан хугацаанаас хойш 1.8 км дулааны шугамыг барьж ашиглалтад оруулан, Эрдэнэцогт сумын үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн байгаа учраас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өмчлөлд байсан гэж үзэж дүгнэлт гаргасан нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бодит байдалд нийцүүлэн үнэлж дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-ийн уурын зуухны хувьд эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэл дулаан хуваарилдаг бөгөөд дулаан хуваарилах төв байхгүй. Тиймээс дулаан түгээх сүлжээ гэж үзэхгүй бөгөөд дулаан дамжуулах сүлжээнд хамаарна гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа.

Гэтэл шүүх Эрчим хүчний хуулийн дээрх хуулийн заалтыг хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт үндэслэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооноос шүүхийн шаардсан баримтыг өөрийн биеэр очиж гаргуулсан” гэх тайлбар өгсөн бөгөөд энэхүү баримт нь өмнө нь шүүх нотлох баримтаас хассан баримттай яг адилхан баримт байсныг шүүх анхаар ч үзэлгүй нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах тухай шийдвэр гаргахдаа ямар ч тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэрлэсэн талаар баримт байдаггүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тооцоо, судалгаа, лавлагаа авсан талаар баримт байхгүй, мөн уг маргаан бүхий актад тооцоо, судалгаа, лавлагааг үндэслэж шийдвэрлэсэн асуудал тодорхойгүй байгаа.

Нэхэмжлэгчээс ЭЦ-ХО-01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасныг үндэслэн гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаагүй юм. Хариуцагч талаас дээрх гэрээг автоматаар цуцлагдсан учраас хүчингүй болсон гэж тайлбарласан учраас нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл талууд эрх зүйн харилцаа байгаа эсэх асуудалд гаргаж, үүнийгээ хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Шүүгч хариуцагч Эрдэнэцогт сумын Засаг дарга нь уг “… гэрээний хугацааг тодорхойлоогүй байгуулсан учир тус гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм” хэмээн Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээний “хүчин төгөлдөр эсэх”-тэй холбогдуулан маргаж байна. Гэрээний хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлд хамаарч байх тул уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм”,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дүгээр албан бичигтээ “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/2 дугаар тогтоолоор Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дулааны шугам сүлжээг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчлахаар баталсан...” гэжээ.

Уг маргаан бүхий захиргааны актад дурдагдсан нэр томъёо болон 434 дүгээр албан бичигт дурдагдсан нэр томъёонуудын хувьд маргааны объект болох зүйлийг нэг нэр томъёогоор бүрэн тодорхойлж өгсөн, хэн ч уншсан нэг утгыг илэрхийлж байгааг ойлгохоор, мөн Эрдэнэцогт суманд цорын ганц байдаг андуурах боломжгүй объектыг тэмдэглэж байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан “захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэх заалтыг үндэслэн тухайн маргаан бүхий захиргааны акт болон 434 дүгээр албан бичгүүдийн агуулгыг үл харгалзан зөвхөн тоог хөөцөлдөн тухайн албан бичигт дурдагдсан тогтоолын дугаар 6/4 биш 6/2 байна гэж үзээд уг хэлбэр буюу тооны алдаагаа засаж нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж дүгнэсэн нь буруу юм.

Маргаан бүхий тогтоолд дурдагдсан агуулгатай үг үсгийн зөрөөгүй нэг объектыг нэг л нэр томъёогоор илэрхийлсэн, тухайн зүйл нь тус суманд дахин давтагдашгүй нэг л байдаг нэг зүйлийг илэрхийлж байгааг нэхэмжлэгч болон хариуцагч аль алинд нь бүрэн ойлгогдохоор байхад шүүхээс уг байдлыг анхааралгүй хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Мөн шүүх “итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчид төсөл сонгон шалгаруулалтад орох талаар удаа дараа мэдэгдсэн, “Ч-Ө” ХХК нь уг төсөл сонгон шалгаруулалтад орохгүй талаараа албан бичиг ирүүлж байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь маргаан бүхий 6/4 дүгээр тогтоолыг мэдэгдсэн гэх нотолгоо биш юм" гэж дүгнэсэн. Манай тохиолдолд өөрт нь эх хувиар юм уу хуулбарлан гардуулах хуульд өөрөөр заасан тохиолдол байхгүй, харин мэдэгдэх, мэдэгдсэнээ баримтжуулах юм.

“Ч-Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь Эрдэнэцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, хурлын тэргүүлэгч хүн юм. Тухайн сумын 2017 оны үндсэн сум хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахад тухайн хуралд оролцож батлалцсан. Энэ талаарх баримтуудыг хэргийн материалд нотлох баримтаар өгч, эх сурвалжийг заасаар байхад шүүх үнэлж, дүгнэлгүйгээр орхисон нь шүүхийн процессын ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг хүчингүй болгуулах шаардлагын хувьд шүүх дүгнэхдээ “...хууль зөрчиж гарсан захиргааны актыг биелүүлж зарласан төсөл сонгон шалгаруулалт, түүний дүнд үндэслэсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ...гэрээ нь хууль бус юм” гэж дүгнэсэн байна.

Шүүх тогтоолд үндэслэж гэрээг хийсэн мэтээр буруу дүгнэсэн, мөн гэрээ нь 2 талын тохиролцоо бөгөөд уг гэрээтэй холбогдох асуудал нь захиргааны шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх, захиргааны гэрээ мөн эсэх, захиргааны гэрээ мөн бол ямар нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж,дуусгавар болгоод байгааг тайлбарлахгүйгээр шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс 6/4 дүгээр тогтоол болон гэрээ хоорондоо ямар шууд хамаарал байгаа, үр дагавар байгаа талаар тооцоогүй, тайлбарлаагүй, гэрээтэй холбогдох баримтуудыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тус гэрээний зүйл нь юу болох, гэрээг хүчингүй болгосноор үүсэх үр дагаврын талаар тайлбарлаагүй байна. Манай хувьд уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, ямар нэгэн асуудал үүсгээгүй байхад гэрээг шууд хүчингүй болгож байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тус гэрээг хийх эрх олгож байгаа эрх зүйн хэмжээ нь дээр дурдсан Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаартай албан бичиг юм. Түүнээс 6/4 дугаартай тогтоол биш байтал тогтоолыг хүчингүй болгомогцоо манай байгуулсан гэрээг шууд хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

Хэдийгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа ч гэрээ нь өөрөө тусдаа харилцааг зохицуулсан эрх зүйн акт гэдгийг шүүх ялгаж үзэлгүйгээр шууд тогтоолтой холбогдуулан гэрээг хүчингүй болгож, гэрээтэй холбогдох нотлох баримтуудыг үнэлж үзэлгүйгээр шийдвэр гаргасан.

Хүчингүй болгож буй тогтоол нь манай компанитай огт хамааралгүй тогтоол гэдгийг шүүх дүгнээгүй, төсөл сонгон шалгаруулах асуудалтай холбогдох захиргааны актанд хэргийн оролцогчдын аль аль нь маргаагүй, тус гэрээ нь төсөл сонгон шалгаруулах асуудалтай холбоотойгоор хийгдсэн гэрээ гэдгийг шүүх дүгнэлгүйгээр, гэрээний 2 тал болон болон гэрээгээр зохицуулагдаж байгаа харилцаа, гэрээний зүйл, ямар эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж байгаа, захиргааны эрх зүйн гэрээ мөн эсэх дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дүгээр “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргатай байгуулагдсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” №ЭЦ-ХО-01 дүгээр гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан дулааны шугам сүлжээг хувьчлахаар шийдвэрлэж, уг тогтоолын дагуу уралдаант шалгаруулалт явуулж, “Марал гүн” ХХК-тай “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ” байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс уг тогтоол, гэрээг эс зөвшөөрч “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгуулах, “Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ямар нэгэн доголдолгүй хэвийн ажиллаж байсан бидний үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар халдаж, Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг төсөл сонгон шалгаруулалтаар хувьчлах тогтоол гаргасан...”, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзлын үндэслэлээ “...бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... шугам сүлжээг хувьчлахаар 6/4 дүгээр тогтоолыг батлан гаргасан. ...дулааны шугам сүлжээг хувьчлах талаар хэлэлцсэн хуралдаанд Б.М, түүний аав оролцож сонссон” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй”, 4-д “Төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах”, Улсын Их Хурлын “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалт”-ын Баянхонгор аймгийн Цогцолбороор шилжүүлэх эд хөрөнгө, Эрдэнэцогт сумын “эрчим хүчний салбар”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй”, 3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж тус тус зааснаас үзэхэд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эрчим хүчний салбар буюу маргаан бүхий халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... “Ч-Ө” ХХК-ийн уурын зуухны хувьд эрчим хүчний эс үүсвэрээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэл дулаан хуваарилдаг бөгөөд дулаан хуваарилах төв байхгүй. Тиймээс дулаан түгээх сүлжээ гэж үзэхгүй бөгөөд дулаан дамжуулах сүлжээнд хамаарна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эрчим хүчний тухай хуульд “эрчим хүчний эх үүсвэр” гэж эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг, “дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг, “дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг ойлгоно гэж заажээ.

Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар “...дамжуулах болон дулаан хуваарилах төв Баянхонгор аймгийн төвд болон сумдад байхгүй ... Баянхонгор аймгийн төвийн болон сумдын дулааны шугам сүлжээ нь ... түгээх сүлжээ юм” гэсэн албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэл дулаан хуваарилдаг бөгөөд дулаан хуваарилах төв байхгүй” гэх давж заалдах гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...эх үүсвэрээс шууд хэрэглэгчийн шугамд дулаан түгээдэг” гэх тайлбараас үзвэл маргаан бүхий шугам сүлжээ нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “түгээх сүлжээ”-д хамаарна гэж үзсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг явуулах”, 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны байгууллага захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, ямар нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тухайн гарах шийдвэрээр хөндөхөөр байвал урьдчилан мэдэгдэх, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангах, сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хийсэн үзлэгийн тэмдэглэл[1], хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Байгальмаагийн “... “Ч-Ө” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн нотлох баримт байгаагүй... сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбар[2], аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны явуулсан баримт бичгийн бүртгэл[3] зэргээс үзэхэд маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангах, сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Байгалмаагаас “...сумын Засаг дарга албан өрөөндөө Б.М-ыг дуудаж шугам сүлжээг хувьчлах талаар биечлэн уулзаж сонсгосон...” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...434 дүгээр албан бичигт дурдагдсан агуулга маргаан бүхий тогтоолд дурдагдсан агуулгатай үг үсгийн зөрүүтэй боловч нэг объектыг нэг л нэр томъёогоор илэрхийлсэн, тухайн зүйл нь тус суманд дахин давтагдашгүй нэг л байдаг зүйлийг илэрхийлж байгаа ... шүүхээс уг байдлыг анхааралгүй хөөн хэлэлцэх хугацааг ... буруу дүгнэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 434 дүгээр албан бичиг нь нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр албан бичгийн хариуг өгсөн байх бөгөөд агуулгаас нь үзэхэд төсөл сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгааг дурдсан агуулгатай байна.

Үүнээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид төсөл сонгон шалгаруулалтад орох талаар мэдэгдсэн, нэхэмжлэгчээс уг төсөл сонгон шалгаруулалтад орохгүй талаараа хариу ирүүлж байсан гэх үйл баримт нь маргаан бүхий “хувьчлах хөрөнгийн жагсаалт баталсан” тогтоолыг мэдэгдсэн гэсэн нотолгоо биш талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Учир нь захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2014 оноос хойш ашиглаж ирсэн дулааны шугам сүлжээг хувьчлахдаа хуульд заасан үүргийнхээ хүрээнд тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсгох ажиллагаа хийгээгүй атлаа нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр албан бичигт хариу өгсөн, төсөл сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгааг дурдсан агуулга бүхий албан бичгээр захиргааны актыг мэдэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хуулбар үнэн даруулж тогтоолыг гардаж авсан” гэсэн тайлбарыг хариуцагчаас бүрэн үгүйсгэж чадаагүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцсон анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх бөгөөд захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах учиртай.

Тухайлбал, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд тухайн шийдвэрийн үндэслэлийн талаар тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгөх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь захиргааны байгууллагаас тодорхой хувь хүн, хуулийн этгээдэд чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэрийн дагуу тухайн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол үүссэн бол уг эрхийг хамгаалах агуулгатай.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга болон нэхэмжлэгч “Ч-Ө” ХХК-ийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” ЭЦ-ХО-01 дүгээр гэрээгээр Эрдэнэцогт сумын ... барилгуудыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг нэхэмжлэгч хариуцаж, улмаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээг хөрөнгө оруулагч талд үнэ төлбөргүй ашиглуулна”, “Гэрээний хугацаа дууссаны дараа уурын зуухны үйлчилгээ тогтмолжиж, үйл ажиллагаа нь хэвийн жигд ажиллаж байгаа гэж талууд үзвэл цаашид Орон нутгийн өмчийн газартай гэрээ байгуулж ажиллах шаардлагагүй бөгөөд комисс томилж үнэлэлт, дүгнэлт гаргуулан өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хувийн эзэмшилд бүрэн шилжүүлнэ” гэж гэрээнд зааснаар уг гэрээний нэг тал болох нэхэмжлэгч хуулийн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол үүссэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, “Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт Сумын Засаг даргын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ” ЭЦ-ХО-01 дүгээр гэрээгээр үндсэн нэхэмжлэгчийн ашиглаж байсан шугам сүлжээг хувьчлах энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртайг дурдах нь зүйтэй.

2. “Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох эсхүл илт хууль бус болохыг тогтоох шаардлагын аль нэгийг сонгож, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Ч-Ө” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор сумын Засаг даргад даалгах шаардлагаа дэмжин оролцсон байна.

Иймд гэрээ хүчин төгөлдөр эсэхтэй холбоотой нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                              ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

                              ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР 

                              ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

 

 


[1] 3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар тал,

[2] 3 дугаар хавтаст хэргийн 150 дугаар тал,

[3] 3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал,