Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/0003

 

С.О-ийн гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                      М.Батсуурь

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн МТ/26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Т.Ц-О-т хариуцлага тооцохыг даалгах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШШ2022/0033 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч С.О, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Т.Ц-О нарыг оролцуулан гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн МТ/26 дугаар тогтоолоор: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Ц-О /ӨНБД-0***/-д Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШШ2022/0033 дугаар магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2-т заасныг баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн МТ/26 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч С.О давж заалдах гомдолдоо: “... хариуцагч Т.Ц-О-т холбогдох 2018.04.19-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажиллахдаа Өмгөөллийн тухай хууль болон Ёс зүйн дүрмээ зөрчин надад эсрэг талын өмгөөлөгчийн зардлыг төлүүлэх шаардлага тавьж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхгүй өөрийн нөхөртэйгөө хамтран иргэдийг залилан мэхлэх байдлаар ажилладаг ноцтой зөрчил гаргасан талаар Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гарган шалгуулахад тус хороо нь өмгөөлөгчийнхөө зөрчил гаргасан буруу асуудлыг хаацайлан өмөөрч ямар ч хууль дүрэм зөрчөөгүй байна гээд миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган хандахад мөн л хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221\ШШ2022\0033 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

3.1. Эсрэг талын өмгөөлөгчид 5.000.000 төгрөгийн хахууль өгчихвөл чиний хохирлыг барагдуулаад өгмөөр байна гэхээр би эсэргүүцэж нөгөө талын хэрэгтэн, залилагч Ц.Э гэгчтэй уулзаж түрээсийн гэрээ хийсэн. Мөн олон удаагийн шүүх хуралдаанд оролцоогүй, энэ талаар хавтаст хэрэгт хангалттай баримт байгаа. Өмгөөлөгч Т.Ц-О нь миний хууль эрх зүйн мэдлэг боловсролгүй байдлыг далимдуулан Өмгөөллийн тухай хуулийн доорх заалтуудыг зуун хувиар зөрчсөн байдаг. Үүнд:

4.1.Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.хууль дээдлэх, шударга ёсыг сахих;

4.1.4.өмгөөллийн нууц хадгалах;

5.1.Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:

15.1.1.өмгөөллийн нууцыг задруулах;

15.1.2.өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах;

15.1.3.үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах;

15.1.4.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах; зэрэг заалтуудыг зөрчсөн.

3.2. Миний бие нь өмгөөллийн холбоон дээр явж байхдаа энэ Т.Ц-О-ын талаар олон хүн гомдол гарган шалгуулж байгааг олж мэдсэн. Энэ шударга бус өмгөөлөгчийн хар гайгаар бусдаас тавин сая төгрөгөө ч авч чадахгүй байдалд орж удахгүй түрээсийн хугацаа дуусаж маш их хохирол амсах болоод байна. Ийм муу өмгөөлөгчөөс болоод хуулийн байгууллагын нэр хүнд ард иргэдийн дунд унаж байгаа тул зоригтой цэвэрлэгээ хийж салах хэрэгтэй. Миний гаргасан гомдол нь үнэн бөгөөд хэнийг ч гүтгэх шаардлагагүй юм.

3.3. Иймд Захиргааны хэргийн давж шатны шүүхийн 2022.11.21-ний өдрийн 221\ШШ2022\0033 дугаартай магадлал нь хэргийн бодит үнэн байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, Өмгөөллийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Т.Ц-О-т хариуцлага тооцуулахаар гомдлыг минь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

5. Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг … хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

6. Иргэн С.О-ийн Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан “ ... шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар огт оролцоогүй, цахимаар нэр хүндэд халдсан, зөрчигдөж байгаа эрхийн талаар ёс зүйн дүрэмд заасны дагуу үүргээ огт гүйцэтгээгүй, эсрэг талын өмгөөлөгчийн саналыг дамжуулж доромжилсон, шүүхээр явуулж сэтгэл санааны дарамтад оруулсан …” гэх гомдлоор өмгөөлөгч Т.Ц-О-т холбогдуулан өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг үүсгэн хянан шалгаж, Хорооны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн МТ/26 дугаар тогтоолоор “... өмгөөлөгч Т.Ц-О Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл баримт, үйлдэл тогтоогдоогүй, өмгөөллийн гэрээнд заасан үйл ажиллагааг явуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон ...” гэж үзэн, маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны МТ/26 дугаар тогтоолыг С.О эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс “... Ц.Э-д ... залилуулсан гэх эрүүгийн хэрэгт хохирогч С.О-д эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлж, хохирогчийн өмгөөлөгчөөр Т.Ц-О оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, энэ талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй, эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцохдоо Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл баримт, үйлдэл тогтоогдсонгүй ...” гэж дүгнэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш.

8. Хэрэгт хавсаргагдсан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 11, 24-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлүүд, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1381, 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1459, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/1541 дүгээр захирамжууд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/792 дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтуудаар өмгөөлөгч Т.Ц-О нь Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч С.О-ийн хамт түүний өмгөөлөгчөөр оролцсон; шүүх хуралдаан хойшлогдсон үндэслэлүүд нь түүний өмгөөлөгчөөс хамаараагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн зурвасууд явуулсан зэрэг үйл баримт тогтоогдох бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдсанаар Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үйлдэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

9. Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад хориглосон үйл ажиллагааг Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгээр, мөн Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл, заалтуудад мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, шаардлага, ёс зүйн зөрчил, хариуцлагыг тус тус зохицуулсан бөгөөд өмгөөлөгч хууль, дүрмийг зөрчихгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, зөрчсөн тохиолдолд мөн хууль, дүрэмд заасан хариуцлага хүлээх учиртай. Тухайн тохиолдолд, өмгөөлөгч Т.Ц-О нь хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын   21-ний өдрийн 221/ШШ2022/0033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч С.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Д.МӨНХТУЯА

                                            ШҮҮГЧИД                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                                    Х.БАТСҮРЭН