| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0050/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/052 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/052
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч М.Ф,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.Е,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000450059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1990 оны 11 дүгээр сарын 07-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын * дүгээр багт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, У ургийн овгийн Д-ийн Х, регистрийн дугаар ББ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь зохих зөвшөөрөлгүйгээр ойн сав газраас гэрийнхээ хэрэгцээнд зориулж 0,55 метр куб хус модны мөчир бэлтгэж, байгаль орчинд 33000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Шүүгдэгч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэгцээндээ зориулж бага зэргийн түлээний мод бэлдэж байх үед сумын байгаль орчин хяналтын улсын байцаагч Н , байгаль хамгаалагч Б нар ирээд “Та ойн сав газраас зөвшөөрөлгүй мод бэлдсэн байна” гэж миний бэлдсэн модыг хурааж авсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологит учруулсан хохирлоо бүрэн төлж өгсөн. Дахин ийм асуудал гаргахгүй. ...Би байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулж төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Иргэний нэхэмжлэгч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх газар нь хус модтой ойн сав газар байдаг. Уг ойн сав газраас мод бэлдэх үед заавал байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч мод бэлдэх учиртай. Гэтэл Х нь ямар нэгэн эрхийн бичиг авахгүйгээр ойн сав газраас мод бэлдсэн ба өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Х нь байгаль экологид учруулсан 33000 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 99000 төгрөгийг сумын Төрийн сангийн 5182070030 дугаартай дансанд бэлэн хийж хохирлоо бүрэн төлсөн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
- Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н-эй хамт тус сумын “Х ” гэх газар хяналт шалгалт хийж явахад тус сумын 4 дүгээр багийн иргэн Х нь эрхийн бичиггүй түлээний хус мод бэлтгэсэн байсныг өөрийг нь дагуулж ирж 3ил-130 маркийн *** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж, ЗДТГ-ын манаач Бердимуратад хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Х нь зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй бэлдсэн хус мод энэ гэж үзүүлээд өөрөө ачиж өгөөд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Х надад хэлэхдээ гэрт түлэх мод дууссан байх тул хэд хоногийн түлээг бэлдэж авч ирэх гээд арлаас мөчир түүж явж байгаад сумын байгаль хамгаалагч нартай баригдсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх- ийн 32 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ны модны экологи эдийн засгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. 0.53 см өндөр х 2.05 метр урт х 0.51 өргөн = 0:55 метр куб болж байна. Тухайн бэлтгэсэн мод нь хус мод байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Хус модонд үзлэг хийсэн тэмдэглэл болон хураагдсан модонд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
- Мөчир бэлдсэн гэх сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Хус мод болон мод бэлдсэн гэх сүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Хт хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Хын дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 33000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Батлагдсан стандартын дагуу тооцоход 0.55 метр куб эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь ойролцоогоор 0.55м.кубх60000х1.0=33000 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Д.Хын ойн санд учруулсан бодит хохирол 33000 /гучин гурван мянга/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 99000 /ерэн есөн мянга/ төгрөг байна.
Шүүгдэгч Д.Х нь ойн санд учирсан хохирол болох 99000 /ерэн есөн мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч М.Н- “Д.Х нь шинжээчийн гаргасан 99000 төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Хыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэррлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Х урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Хын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газарт гудамж тайлбай цэвэрлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүх, мөн шүүгдэгч Д.Хаас хураан авсан гэмт хэрэг үйлдэж олсон 0.55 метр куб модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Хт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1-5 дахь хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 240 /хоёр зуун дөч/ цаг Баян-Өлгий Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт гудамж талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хууль бус бэлтгэсэн 0.55 метр куб мод, уг модыг бэлтгэх үедээ ашигласан сүх зэргийг хурааж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Хын цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ