Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00464/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн “Хоршооны” 2-04 тоотод оршин суух, Мааньштан овогт Батсайханы Хүслэнд (СП 95111117) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн “Сургуулийн ” 3-05 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндонгийн Удвалын (СИ 93042702)  нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Удвал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.Хүслэнтэй анх 2014 онд танилцаж 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсон юм. 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Х.Мөнхлөн төрсөн. Б.Хүслэн нь 2015 оны 6 сард Япон улс руу явсан бөгөөд тэр цагаас хойш бид тусдаа амьдрах болсон. Цаашид Б.Хүслэнтэй хамт амьдрах хүсэлгүй бөгөөд намайг байнга хардаж дарамталдаг. Мөн эгч нь надад дүргүй, намайг байнга загнаж доромжилдог. Бид тусдаа амьдраад 1 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Б.Хүслэн нь эвлэрэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Бид дундаасаа нэг хүүтэй бөгөөд хүү Х.Мөнхлөн нь одоо манай аав, ээж дээр эрүүл саруул өссөж байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Ё.Удвал шүүхэд гаргасан тайлбартаа: Ё.Удвал би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэдэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Б.Хүслэнгээс гэрлэлтээ цуцлуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Х.Мөнхлөнг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)

Хариуцагч Б.Хүслэн нь шүүхэд гаргасан эвлэрэлийн гэрээндээ: Хариуцагч Б.Хүслэн би, нэхэмжлэгч Ё.Удвалын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие оюутан одоогоор орлого байхгүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Ё.Удвалтай энэ талаар тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүү Х.Мөнхлөнг ээж Ё.Удвалын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. 

Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 17 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Удвал нь хариуцагч Б.Хүслэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж  2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Х.Мөнхлөнг төрүүлсэн болох нь № 2307000001 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 7 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 10 тал) № 2307000020 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 6 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 9 тал) 
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  
Зохигчид нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 16-17 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүү Х.Мөнхлөнг эх Ё.Удвал  ын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Б.Хүслэнгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн байна. (хх-ийн 16  тал) 

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү Х.Мөнхлөнг эх Ё.Удвалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.    
    
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 16, 17 тал) 
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Ёндонгийн Удвал, хариуцагч Мааньштан овогт Батсайханы Хүслэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
                                                
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Мөнхлөнг эх Ё.Удвалын асрамжинд үлдээсүгэй.     
    
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
                
4. Нэхэмжлэгч Ё.Удвал нь хариуцагч Б.Хүслэнгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
            
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.    
            
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Удвал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Хүслэнгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Удвалд олгосугай.
                       
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ