Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
Хэргийн индекс | 139/2023/00313/И |
Дугаар | 218/МА2023/00014 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 218/МА2023/00014
А.Энхболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2023/00304 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Энхболд
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Миний бие 1968 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Улсад 20 жил ажилласан юм. 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цэргийн албанд явж, дотоодын цэргийн 0164-р ангид алба хааж, 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр халагдаж ирсэн юм. 606040 дугаартай цэргийн батлах 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгож байсан. Гэтэл цэргийн батлах засвартай учир Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа ав гэсний дагуу лавлагаа авсан боловч цэргийн албанд ирсэн болон халагдсан талаарх баримт гарч ирээгүй. Өөр байдлаар бүртгэлтэй байна гэсэн лавлагаа гарч ирээд байна. Би 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Дундговь аймгийн Цэргийн хэлтсийн даргын тушаалаар цэрэгт татагдаж, 0164-р ангийн захирагчийн тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаж байсан юм. Иймд миний цэргийн батлахын хуулбар, батлан хамгаалахын төв архивын лавлагаа болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1986 оны 07 дугаар сарын 02-ноос 1988 оны 08 дугаар сарын 18-ны хооронд Дотоодын цэргийн 0164 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар А.Энхболдын цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:
Хэрэгт Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2155 дугаартай лавлагаа авагдсан бөгөөд уг лавлагаанд Дундговь аймгийн Цэргийн Штабаас тус архивт шилжүүлсэн 1988 онд хугацаа дуусган халагдагсдын бүртгэлд: 0164 дүгээр анги, цэрэг байлдагч, Аюурын Энхболд, МХЗЭ гишүүн, Дундговь аймгийн цэргийн хэлтсээс татагдсан, цэрэгт ирсэн он 1986, боловсрол бүрэн дунд, цэргийн батлахын дугаар 606040, гол мэргэжил үгүй гэж бүртгэгдсэн баримт байгаа болно гэж тусгаж, нэхэмжлэгчид энэхүү лавлагааг олгосон. Дээрх лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Аюурын Энхболд нь 1988 онд 606040 гэсэн дугаар бүхий цэргийн батлахтай халагдсан болох нь бүрэн нотлогддог. Түүнчлэн Батлан хамгаалахын төв архивын 2155 дугаартай лавлагаанд заагдсан 606040 дугаартай, Аюур овогтой Энхболд гэх эзэмшигчийн бичиглэлтэй, 1986 оны 07 дугаар сарын 2-ны өдөр цэргийн албанд татав, 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дууссан учир бүртгэлээр халж, Дундговь аймагт явуулав гэх бичилт бүхий цэргийн батлах хэрэгт авагдсан байдаг.
Гэтэл шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн 606040 дугаартай цэргийн батлахад бичигдсэн төрсөн огноо зөрүүтэй байна гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрсөн огноо зөрүүтэй байгаа нь бусад нэхэмжлэгчийн цэргийн батлахад бичигдсэн 606040 дугаар, Аюур овогтой Энхболд гэх эзэмшигчийн бичиглэлтэй, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цэргийн албанд татав, 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дууссан учир бүртгэлээр халж, Дундговь аймагт явуулав гэх бичилтийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цэргийн батлах нь төрсөн огнооноос бусад бичилтээрээ түүнийг болох нь бүрэн нотлогддог. ...нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдсон байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь бүтэн 2 жилийн хугацаанд цэргийн алба хааж, түүнийгээ ажилласан жилдээ оруулах боломжгүй нөхцөлд хүрч хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймээс Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 304 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй түүний гомдлын дагуу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2023/00304 тоот шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь 1986 оны 07 дугаар сарын 02-ноос 1988 оны 08 дугаар сарын 18-ны хооронд Дотоодын цэргийн 0164 дүгээр ангид цэргийн алба хаасан. Гэтэл цэргийн батлах засвартай гэх үндэслэлээрээ дээрх хугацаанд цэргийн алба хаасан болохыг шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн талаар дурдан хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн 1986 оны 07 дугаар сарын 02-ноос 1988 оны 08 дугаар сарын 18-ны хооронд цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг төрсөн он зөрүүтэй гэж бичигдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд ... Дундговь аймгийн Цэргийн Штабаас тус архивт шилжүүлсэн 1988 онд хугацаа дуусган халагдагсдын бүртгэлд: 1. 0164 дүгээр анги, цэрэг байлдагч, Аюурын Энхболд, МХЗЭ гишүүн, Дундговь аймгийн цэргийн хэлтсээс татагдсан, цэрэгт ирсэн он 1986, боловсрол бүрэн дунд, цэргийн батлахын дугаар 606040, гол мэргэжил үгүй гэж бүртгэгдсэн баримт байгаа болно. гэх бичиглэл бүхий Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2155 тоот лавлагаа, хх-ийн 3 дугаар хуудсанд Аюурын Энхболдын 606040 дугаартай цэргийн батлах зэрэг баримтууд цугларсан байна. Энэ баримт нь нэхэмжлэгч А.Энхболдын цэргийн алба хаасан болохыг нотлох тухайн хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримт байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, цэргийн батлах зэрэг баримтад төрсөн огноог зөрүүтэй бичсэн нь түүний цэргийн алба хаасан хугацааг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Харин нэхэмжлэгч А.Энхболдын тухайн цаг хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоох асуудлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх маргаан болох эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан агуулгад нийцэх эсэхэд эргэлзээтэй боловч нийгмийн даатгалын байгууллагаас тамга, тэмдэг шаардлага хангаагүй болон бичиг баримтын зөрүүтэй гэх байдлаар, заавал шүүхээр шийдвэрлүүл гэсэн шаардлага тавьсан асуудал нь иргэний эрхэд ноцтой нөлөөлж байгаа байдлыг харгалзан үзээд, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах үүднээс цэргийн алба хаасан хугацааг тогтоох нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг баталгаатай хангах үндэслэл болохоос гадна, А.Энхболдын цэргийн алба хаасан хугацааг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд харшлахгүй юм гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар тогтов.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2023/00304 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг 1986 оны 07 дугаар сарын 02-ноос 1988 оны 08 дугаар сарын 18-ны хооронд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.Т
ШҮҮГЧИД Р.М
Ц.О