Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00488/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Р.Энхтүвшин
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 1-02 тоотод оршин суух, Боржигон овогт Равдандоржийн Энхтүвшингийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 22-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Энхтүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1974 онд хугацаат цэргийн албанд татагдаад 1977 оны онд цэргээс халагдаж ирээд 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар анх ажилд ороод өөрийн хүсэлтээр нэгдэл дундын үйлдвэрээс 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 64 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн юм. Тэгээд авто сургуулийн захирлын 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр тушаалаар авто сургуульд сурагчаар элсээд 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар мэргэжил эзэмшсэн тул 39 дүгээр авто баазад жолоочоор шилжээд 1982 оны 9 дүгээр сар хүртэл жолоочоор ажилласан юм. Дараа нь 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж, усны тэрэг, бохирын тэрэг, усан санд ус түгээгч, даргын жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр, баримтууд дутуу байгаа тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
    
Нэхэмжлэгч Р.Энхтүвшин нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Энхтүвшин би 1977 оны онд цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар анх ажилд орж ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр нэгдэл дундын үйлдвэрээс 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 64 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн юм. Тэгээд авто сургуулийн захирлын 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 41 дүгээр тушаалаар авто сургуульд сурагчаар элсээд, жолооны курс төгсөж мэргэжил эзэмшсэн тул 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тушаалаар 39 дүгээр авто баазад жолоочоор шилжээд 66-20 ХЭА улсын дугаартай ЗИЛ-130 авто машины жолоочоор 1982 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан юм. Дараа нь Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орж, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд усны тэрэг, бохирын тэрэг, усан санд ус түгээгч, даргын жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр, баримтууд дутуу байгаа тул намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 22 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
    Хүсэлт гаргагч Р.Энхтүвшин нь 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар, 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Хэнтий аймаг дахь 39 дүгээр авто баазад жолоочоор, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд усны тэрэг, бохирын тэргийн жолооч, усан санд ус түгээгч, даргын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Энхтүвшингийн тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Р.Энхтүвшин нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СЭ-56072373 регистрийн дугаартай, Боржигон овогт Равдандоржийн Энхтүвшин нь 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар, 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн 39 дүгээр авто баазад жолоочоор, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд усан санд ус түгээгч, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Гэрч Х.Гантөмөрийн: ... Би Тээврийн яамны харьяа Хэнтий аймаг дахь авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор 1978-1983 оныг хүртэл хугацаанд тээврийн жолоочоор ажиллаж байсан....... Намайг Хэнтий аймаг дахь авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор ажиллаж байхад Р.Энхтүвшин нь 1981 оны 03 сард жолооны курс төгсөөд жолоочоор анх ажилд орж байсан юм. Тэр цаг үеэс хойш энэ хүнийг таньж мэдэх болсон...... Р.Энхтүвшин нь 1981 оны 03 сард Хэнтий аймаг дахь авто тээврийн 39 дүгээр баазад анх жолоочоор ажилд орж байсан...... Бид хамт баазын ачаа ачиж тээвэрт явдаг байсан юм. Р.Энхтүвшин нь анх ажилд орохдоо гэр бүлгүй байсан. Тэгээд гэр бүлтэй болоод Хэнтий аймаг дахь авто тээврийн 39 дүгээр баазаас  1982 оны 09 сард ажлаас гарсан юм. Дараа нь Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орсон байсан..... Тухайн үед Хэнтий аймаг дахь авто тээврийн 39 дүгээр баазын даргаар Зул гэж хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
2. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт.... Р.Энхтүвшинг 1977 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар ажиллуулав,..... 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлөв,......1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр авто сургуульд сурагчаар элсүүлэв,....1981 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэргэжил эзэмшсэн тул 39 дүгээр авто баазын мэдэлд шилжүүлэв гэжээ. (хх-ийн 8-9 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Р.Энхтүвшинг 1977 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 10 тал)
4. Гэрч Ц.Цэндийн: ...Би Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор 1980 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсан..... Р.Энхтүвшинтэй 1982 оны 09 сараас Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд хамт ажилах болсон. Тэр цагаас хойш одоог хүртэл  таньж мэднэ. Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ нь 1992 онд татан буугдах хүртэл тасралтгүй хамт ажилласан...... Р.Энхтүвшин нь 1982 оны 09 сараас Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд анх жолоочоор ажилд орж байсан. Жолоочоор ажиллаж байх хугацаандаа усны тэрэг, бохирын тэрэг, даргын жолоочоор тус тус ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Сүүлд нь усан санд ус түгээгч, байгууллагын манаач зэргээр ажиллаж байсан....... 1992 онд Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээ нь татан буугдахад ажлаасаа гарсан..... Тухайн үед Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний даргаар Тэрбиш, Байкаль гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 29-30 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Равдандоржийн Энхтүвшин, 1956 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, СЭ-56072373 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
6. Р.Энхтүвшингийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 22 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Тээврийн яамны харьяа Хэнтий аймгийн Бэрхийн уурхай дахь авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар СЭ-56072373 регистрийн дугаартай, Боржигон овогт Равдандоржийн Энхтүвшинг 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засварчнаар, 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Тээврийн яамны харьяа Хэнтий аймгийн Бэрхийн уурхай дахь авто тээврийн 39 дүгээр баазад жолоочоор, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээнд усан санд ус түгээгч, даргын жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Р.Энхтүвшин нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ