Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
Хэргийн индекс | 139/2023/00221/И |
Дугаар | 218/МА2023/00015 |
Огноо | 2023-10-18 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 218/МА2023/00015
А.Бадамдуламын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шийдвэрлэсэн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2023/00315 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Бадамдулам
Нэхэмжлэлийн шаардлага: Малчин байсныг сэргээн тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Бадамдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Миний бие 1973 онд төрсөн, эмэгтэй.1980 онд тухайн үеийн төвийн 8 жилийн дунд сургууль одоогоор Говийн ирээдүй цогцолбор сургуульд элсэн орж 1990 онд төгсөөд өөрийн хүсэлтээр хөдөө гарч малчин болсон. Миний бие Очир-Пүрэвийн Баярсайхантай гэр бүл болж ааваасаа мал авч тусдаа гарсан.Түүнээс хойш манай мал өрхийн тэргүүн болох О.Баярсайханы нэр дээр тоолуулсаар ирсэн. Манай нөхөр О.Баярсайхан 18 нас хүрч цэргийн албан хааснаас хойш тэтгэвэрт гарах хүртлээ Дундговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 278-р ангид ахлах ахлагч цолтойгоор ажилласан. Манай гэр бүлийн 1997-2006 онуудын хоорондох малын А данс дээр манай гэр бүлийг мал бүхий иргэн-ээр андуурч бүртгүүлсэн байна. Би төрснөөс өнөөг хүртэл Говь-Угтаал суманд мал маллаж амьдарсаар байна. Иймд иргэн намайг 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онуудад Говь-Угтаал суманд малчин байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Монгол овогт Адилбишийн Бадамдулам /РД:ЗЮ73042367/-ын малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч А.Бадамдулам нь 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онуудад Говь-Угтаал суманд малчин байсан болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Учир нь нэхэмжлэгч А.Бадамдулам нь 50 настай, өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн. Гэтэл түүний малчин байх үеийн мал тооллогын зарим оны А дансанд мал бүхий иргэнээр бүртгэж малыг нь тоолсноос А.Бадамдуламын малчин байсан эрх зөрчигдөж, энэхүү эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан.
Шүүхээс нэхэмжлэгч А.Бадамдуламыг гэрчүүдийн мэдүүлгээр мал малладаг болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Шүүх шийдвэртээ ... мал бүхий иргэн нь өөрийн малыг маллаж байсан үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа боловч өөрийн малыг малласныг малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага бол А.Бадамдулам нь 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онуудад Говь-Угтаал суманд малчин байсан болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох байсан. 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онд нэхэмжлэгч нь улсад мал маллаж ажиллаагүй, өөрийн хувийн малаа маллаж байсан, энэ хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөсөө төлсөн байдаг. Мал маллаж байгаа, малтай өрхийн малыг жил бүрийн мал тооллогоор тоолж бүртгэдэг. А.Бадамдуламын хувьд нөхөр нь аймгийн төвд ажилладаг хэдий ч өөрөө малаа маллаж, ажиллаж хөдөлмөрлөж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Одоо ч малаа маллаж амьдардаг.
3. Шүүхээс ... А.Бадамдуламын нэхэмжлэлд дурдсан цаг хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг нотлох албаны бичиг баримт хэргийн материалд авагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т нотлох баримт гэж юуг хэлэх талаар хуульчилж өгсөн. Гэрчүүдийн мэдүүлэг нь нотлох баримт. А.Бадамдуламын нөхөр, өрхийн тэргүүн О.Баярсайханы нэр дээрх Мал тооллогын А дансны бүртгэл, шүүхийн шийдвэр, гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа захирамжийн биелэлтээ хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.
Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 139/ШШ2023/00315 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч А.Бадамдулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал маллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Би одоог хүртэл малаа маллаж байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2023/00315 тоот шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Нэхэмжлэгч А.Бадамдулам нь 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онуудад Говь-Угтаал суманд малчин байсныг сэргээн тогтоолгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...1997, 1999, 2000, 2001, 2004, 2005, 2006 онуудад Говь-Угтаал суманд малчин байсан болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай энэхүү хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг шүүх баримтлахдаа уг хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан малчин байсныг мал бүхий иргэн гэж андуурч бүртгэгдсэн явдал нь шүүхээр тогтоолгох шаардлага үндэслэл болсон мэт тайлбарлаж буй нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч А.Бадамдулам нь 1990 оноос малчин болсон, одоо ч малаа маллан амьдарч байгаа нь тодорхой бөгөөд уг үйл явдалтай, маргасан хүнгүй, үүнийг заавал шүүхээр тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэх зорилтод харш, энэ нь шүүх хүлээн авч шийдвэрлэх маргаан биш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь заалтад үл нийцнэ гэж үзэв.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2023/00315 тоот шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 139/ШШ2023/00315 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.Т
ШҮҮГЧИД Р.М
Ц.ОТ