| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2024/00612/И |
| Дугаар | 210/МА2024/01567 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01567
2024 08 09 210/МА2024/01567
Б.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/02899 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*******т холбогдох
Хүүхдийн сургалтын зардалд 3,350,000 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Бид Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/02761 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү А.*******, охин А.******* нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
1.2. Хүү А.******* нь төрсний дараах вакцин хийлгэсний улмаас байнга уналт таталт өгснөөс болж оюуны хүнд хоцрогдолтой, бие даан бие засаж чадахгүй байнгын памперс хэрэглэдэг, хоолоо халбагдуулан хүний тусламжтай хооллодог, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхэд юм. Би өөрөө өвдөж эмнэлэгт хэвтэх үед хүүхдээ асран өсгөхөд туслах хамаатан садангүй, ганц биеэр ажлаа хийн, байр, цалингийн зээлээ төлж, 2 бага хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгч, зөөж амьдардаг бөгөөд эцгийнх нь зүгээс бие муутай хүүгээ нэг ч харж ханддаггүй, хүүхэдтэйгээ уулздаггүй, анхаардаггүй.
1.3. Өнөөгийн шаардлагаар улсын төлбөргүй сургуульд өгч, зөөх боломжгүй учир 8 настай, 3 дугаар ангид сурдаг, бага охин А.*******ийг гэрийн хажуугийн өдөр өнжүүлэхтэй далай сургуульд суралцуулдаг. Хүү А.*******ээ тохирох хөдөлмөр, засал эмчилгээ, харах үйлчилгээтэй, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийн хөгжүүлэх төвд ажлын өдрүүдэд 08-17 цагт суралцуулан өглөө оройд зөөн, охиноо гэрийн хажуудах сургуулийн өдөр өнжүүлэхээс нь авч өдөр тутмын бидний амьдрал үргэлжилж байна.
1.4. Хүү А.*******ийн суралцдаг ******* хөгжүүлөх төв-ийн сургалтын төлбөр сард 400,000 төгрөг. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилладаг тул жилийн төлбөр 4,000,000 төгрөгийг сар сардаа төлдөг.
Охин А.*******ийн жилийн сургалтын төлбөр 3,100,000 төгрөг /өдөр өнжүүлэхийн төлбөр тооцоогүй/. Миний бие сургуультай хийсэн гэрээний дагуу жилийн нийт төлбөрийн 40 хувийг урьдчилан хийж суралцуулсан.
Уг төлбөрүүдийг гэрээнд заасны дагуу ******* сургалтын төвийн эрхлэгч н.*******ын хувийн данс руу нь шилжүүлж байсан. Төрийн бус байгууллага учир хувиараа байр түрээслэн, багш хөлсөлж, өөрийнхөө дансаар төлбөрөө авдаг байсан.
1.5. Иймд хүүхдүүдийн төрсөн эцэг Г.*******аас 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь болох А.*******ийн сургалтын төлбөр 3,100,000 төгрөгийн 50 хувь буюу 1,550,000 төгрөг, хүү А.*******ийн сургалтын төлбөр 4,000,000 төгрөгийн 50 хувь буюу 2,000,000 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг багасгаж, нийт 3,350,000 төгрөг нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б.*******тай танилцан, улмаар 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийн Г-******* тоот баталгаагаар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, дагавар охин г өөрөөр овоглон үрчлэн авсан.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү А.*******, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин А.******* нар төрсөн. Гэвч зан харилцааны таарамжгүй байдал болон Б.*******ын гэр бүлээс гадуурх харилцаанаас болж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2024/02761 дүгээр шийдвэрээр Б.*******тай гэр бүл цуцлуулж, хүү А.*******, охин А.******* нар ээжийнхээ асаргаанд үлдсэн.
2.2. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хурлаар Б.*******ын нэхэмжилсэн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхон, 105 дугаар байрны , 2 өрөө, 43 м.кв миний эзэмшилд байдаг орон сууцыг бүх эд хогшлын хамт Б.*******, охин А., хүү А.*******, охин А.******* нарын нэр дээр шилжүүлж өмчлөлд үлдээх, бидний дундын эзэмшлийн улсын дугаартай Тоёота сиента маркийн суудлын автомашиныг Б.*******ын нэр дээр үлдээх гэсэн шаардлагуудаас гадна Голомт банктай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ33405116760 тоот гэрээгээр үндсэн зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч Б.******* нарын хамтран байгуулсан 16,000,000 төгрөгийн цалингийн зээл, нэмэлт дурдсан 2022-2023 оны хичээлийн жилд А.*******ийн асрамжийн зардал, өдөр өнжүүлэхийн төлбөр, охин А.*******ийн сургалтын төлбөр нийт 3,126,200 төгрөг гаргуулах шаардлагуудыг би бүрэн хангасан.
2.3. Тухайн үед хүүхдүүдийн сургалтын төлбөртэй холбогдох нэхэмжилсэн 3,126,200 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.*******ын Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлсэн боловч хүү А.*******ийг асрамжийн төвд нь явуулаагүй, охин А.*******ийг өдөр өнжүүлэхээс нь гаргасан байсан. Холбогдох мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүйд миний бие үнэхээр гомдолтой байдаг.
Хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулна, сургаж хүмүүжүүлнэ гэж хууль шүүхээр далайлгаж мөнгө авчихаад хүүхдүүдэд огт зарцуулахгүй байна. Иймд өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, сургалтад зориулах ёстой байсан 3,126,200 төгрөгийн зарцуулалтын гүйцэтгэлийг эргэн шалгуулах хүсэлтэй байна.
2.4. Б.******* нь өглөө ажилдаа явахдаа хүүхдүүдээ хоолгүй түгжиж яваад шөнө болтол ирдэггүй. Хүүхдүүд өлсөөд байна гээд өдөртөө над руу залгахаар нь гэрийн хажуу талын нуур гэдэг хоолны газрын ХААН банкны тоот дансанд мөнгийг нь шилжүүлж хэд хэдэн удаа хоол авч өгөхөөс гадна ойлгоцоох дэлгүүрүүдийн данс руу мөнгө шилжүүлж идэж уух юмыг авч өгдөг байсан. Шөнө харанхуй болчихоод байхад ээж ирэхгүй байна, утас руу нь залгахаар авахгүй байна, эсхүл утас нь холбогдохгүй байна, айгаад байна гээд над руу олон удаа уйлчихсан залгадаг байсан. Ойролцоо амьдардаг миний төрсөн дүү Г.ыг гуйж гэр лүү нь оруулж хүүхдүүдээ шалгуулах, харуулдаг байсан ба зарим аргагүй тохиолдолд хэд хэдэн удаа охиндоо хэлж 108, 102 дугаарууд руу залгаж тусламж гуйхыг санал болгож байсан. Дараа өдөр нь охин над руу залгаад ээж шөнө согтуу ирсэн. 108 болон 102 дугаар руу залгалаа гэж намайг загнасан, дахиад хэзээ ч залгаж болохгүй шүү, аавдаа ч хэлж болохгүй шүү гэж загнасан тухай хэлдэг байсан.
Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсч хүмүүжих тухай асуудал хөндөгдөж байгаа би удаа дараа зохих байгууллагуудад нь бичгээр мэдэгдэж байсан. Тухайлбал 2020 оны 3 сард Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтанд, цагдаагийн ажилтанд тус тус хандаж, өргөдөл гомдол гаргаж байсан.
2.5. Хэдийгээр хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан ч би хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд аюулгүй байдал зэрэгт байнга анхаардаг. Тухайлбал дент хүүхдийн шүдний эмнэлэгт хүү А.*******, охин А.******* нарыг байнга үзүүлж холбогдох бүх зардлыг төлж, хяналтанд байлгадаг. Хүү А.*******ийг Альфа долгион эмнэлэгт үзүүлдэг. Охин А.*******ийн цэцэрлэг, сургууль дээр зохион байгуулагддаг үсэглэлийн баяр, шинэ жил, дээлтэй өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдэд нь байнга оролцож, холбогдох зардал мөнгийг гаргаж дэмждэг. Тэмдэглэлт өдөр юм уу ямар нэг баярт өдөр орон нутагт ажилтай байгаад ирж амжихгүй бол Б.*******ын данс руу мөнгийг шилжүүлж хүүхдүүдээ бэлэгтэй байгаасай, баярлаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Амжихгүй бол хоцорсон ч гэсэн баярын бэлгийг нь гэрт нь хүргэж өгдөг. Даанч орцонд охинтойгоо уулзаад буцдаг, хүү А.******* нь өөрийгээ илэрхийлэх чадваргүй учир орцонд гарч ирж чаддаггүй тул уулзаж чаддаггүй. Учир нь намайг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээс хөөснөөс хойш орж ирэхийг хориглосон, орж ирвэл цагдаад барьж өгнө гэж дарамталж сүрдүүлдэг.
Надад хүүхдүүддээ хийж чадах ямар боломж байна тэрийг би чадахаараа хийж өгөхийг хичээдэг. Тухайлбал охин А.*******ийг 2023 оны 6 сард хүүхдийн зусланд амраасан. Хүүхдийн зуслангийн тавьсан шаардлагын дагуу охиноо эмчийн үзлэгт оруулж, холбогдох цагаан хэрэгсэл, солих хувцас гутал зэргээр бүрэн хангаж өгч явуулж байсан. Охиндоо гар утас авч өгч байнга холбоотой байхыг хичээдэг. Б.******* байнга эвдэх, эсхүл эвдэрсэн хэмээн утсыг нь асаахгүй надтай яриулдаггүй байсан. Чи бол эцэг байх эрхгүй, хүүхдүүдтэйгээ ярих эрхгүй гэж надтай харьцдаг. Мөнгө өгвөл хүүхдүүдтэйгээ ярьж болно гэдэг байсан. Би нийт 4 удаа охиндоо гар утас авч өгч, байнга хоногтой нэгжээр цэнэглэж сунгуулдаг. Амралтаараа хүү, охин хоёроо дагуулж агаар салхинд гаргах зорилгоор Сэлэнгэ аймагт амьдардаг ээж дээрээ дагуулж очиход хүүхдүүд үнэхээр хувцас муутай бараг нүцгэн шахуу байдаг нь бид бүгдийн сэтгэлийг маш их эмзэглүүлдэг. Би чадахаараа 2 хүүхдээ бүрэн хувцаслаад, шаардлагатай хичээлийн хэрэгслийн бэлдэж өгөөд, гэрт нь хүргэж өгдөг. Надаас асуухгүй манай ах дүү нар хүртэл хүүхдүүдийнхээ багадсан эсхүл өмсдөггүй гутал хувцсыг манай 2 хүүхдэд дөхүүлж өгч тусалдаг.
2.6. Хүүхдүүдэд зориулах ёстой тэтгэмжийн мөнгийг би 2022 оны 9 сараас хойш сар тутам хоцроолгүй Б.*******ын дансанд шилжүүлж энэ тухайгаа тэр даруй ШШГЕГ-т мэдэгдэж илтгэдэг. Гэвч хүүхдүүдэд зориулагдах ёстой тэтгэмжийн мөнгө зохих ёсоор зарцуулагдахгүй байна.
Хүүхдийн асаргааны, унааны хөнгөлөлт, хөнгөлттэй эм болон эмний тэтгэмж, хоол хүнсний хөнгөлөлт, тэтгэмжийн гэх мэт олон хөнгөлөлтийг мөнгөн болон мөнгөн бусаар аваад хүүхдүүдийнхээ шаардлагатай хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь мөнгөтэй харьцах хувийн зохион байгуулалт муу байна, эсхүл зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулж байгаагаас үүдэлтэй гэж бодож байна. Б.******* амьдарч байгаа байрныхаа СӨХ-ны мөнгийг ч төлдөггүй, би өнөөдрийг хүртэл зохицуулж байгааг хэлмээр байна.
2.7. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүү А.*******, охин А.******* нарын 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт шаардагдах нийт 3,350,000 төгрөгийг би төлөх боломжгүй, үндэслэлгүй. Учир нь өмнөх 2022-2023 оны хичээлийн жилд хүүхдүүдийг сургах зориулалтаар 3,126,200 төгрөгийг надаас гаргуулж авсан даруйд хүүхдүүдийг сургаагүй асуудал гаргасан байх тул тухайн жилийн төлбөрийг суутгуулан тооцуулах хүсэлтэй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 2,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагатай нийцээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй боллоо. Үүнд:
4.1. Б.******* нь хүү А.*******, охин А.******* нарын 2023-2024 оны хичээлийн жилд шаардагдах нийт сургалтын зардлын 50% болох 3,550,000 төгрөгийг нэхэмжилсэн талаар;
Би 2022 оны 11 сарын 21-ний өдөр хүүхдүүдийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй холбогдох 3,126,200 төгрөгийг Б.*******ын Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлсэн боловч хүү А.*******ийг асрамжийн төвд нь явуулаагүй, охин А.*******ийг өдөр өнжүүлэхээс нь гаргасан байсан. Холбогдох мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүйд миний бие үнэхээр гомдолтой байдаг.
Хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулна, сургаж хүмүүжүүлнэ гэж хууль, шүүхээр далайлгаж мөнгийг авчихаад хүүхдүүдэд огт зарцуулаагүй байна.
Тиймд хүүхдүүдийн эрүүл мэнд, сургалтад зориулах ёстой байсан 3,126,200 төгрөгийн зарцуулалтын гүйцэтгэлийг эргэн шалгуулж 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын зардалд суутган тооцуулах хүсэлт гаргуулсан боловч хүү А.*******ийг ******* хүүхэд хөгжүүлэх төвд 2022-2023 оны хичээлийн жилд суралцуулсан эсэх тухай баримт шүүхэд албан ёсоор ирээгүй байхад шүүх хуралдааныг зохион байгуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
4.2. Хүүхдүүдийг 2023-2024 оны хичээлийн жилд төлбөртэй сургалтад хамруулахад гарах зардлыг хариуцах эсэх талаар надтай огт зөвшилцөөгүй талаар;
1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6 зүйлд заасны дагуу тэжээн тэтгэх тухай гэрээг надтай байгуулах боломж байхад хэрэгжүүлээгүй байхад нь Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нийцэхгүй байна.
4.3. Хүү А.*******, охин А.******* нарын сургалтын төлбөрийг хувь хүний данс руу шилжүүлсэн талаар;
Хүү А.*******ийг 2023-2024 оны хичээлийн жилд ******* хүүхэд хөгжүүлэх төвд суралцуулахаар гэрээ хийсэн боловч сургалтын төлбөрийг Т.*******, охин А.*******ийг 2023-2024 оны хичээлийн жилд далай сургуульд суралцуулахаар гэрээ хийсэн боловч сургалтын төлбөрийг Төгсөө тус тус хувь хүний дансанд төлбөр шилжүүлсэн гэх баримтуудыг нэхэмжлэгч Б.******* бүрдүүлэн өгсөн нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн зэргийг харгалзаж үзэлгүй анхан шатны шүүх шийдвэрлэсэн.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/02899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Охин А.*******ийг далай сургуульд сургахаар гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлсөн. Шүүх хуралдаанд Г.******* хүүхдүүдээ миний асрамжид үлдээж, байрны төлбөрийг төлнө гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байсан бөгөөд тус тохиролцооны дагуу би Г.*******аас авсан мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан. Би охиноо гэрийн хажуу талд байрлах сургуульд сургаж, асаргаа шаардлагатай хүүхдээ ******* хөгжүүлэх төв-д сургадаг. Намайг залгахаар Г.******* утсаа авдаггүй. далай сургууль намайг өрх толгойлсон эх гэдгийг минь харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байгаа. ******* хөгжүүлэх төв-тэй байгуулсан сургалтын гэрээнд ******* хөгжүүлэх төв-ийг төлөөлж н.*******тай гэрээ байгуулсан. далай сургуультай байгуулсан сургалтын гэрээнд далай сургуулийг төлөөлж захирал Т. гарын үсэг зурж, гэрээний дагуу дансанд мөнгөө шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан 2 хүүхдийн нэмэлт зардалд 3,350,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02761 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү А.*******, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин А.******* нарыг эх Б.*******ын асрамжид үлдээж, Г.*******аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхон, 105 дугаар байрны хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.******* болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлж, хүү А.*******ийн асрамжийн зардал 1,350,000 төгрөг, охин А.*******ийн сургалтын төлбөр 1,150,000 төгрөг, өдөр өнжүүлэхийн төлбөр 675,000 төгрөг нийт 3,175,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 138-140 дугаар тал/
3.2. Хүү А.******* хөгжлийн бэрхшээлтэйн улмаас байнгын асаргаа шаардлагатай, ертөнц ТББ-ын ******* хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төвд, охин А.******* далай сургуульд тус тус суралцдаг болох нь тогтоогдсон. /хх-ийн 11-12, 15 дугаар тал/
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулсан.
Нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзвэл ******* хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх төв болон далай сургуультай байгуулсан гэрээнд заасан дансанд сургалтын төлбөрийг төлсөн байна. Хүү А.******* сар бүр 400,000 төгрөгийн сэргээн засах үйлчилгээ авдаг, А.*******ийн сургалтын төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолтууд болон кассын орлогын баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 6, 15, 54-55, 57-89, 129, 131-132, 136 дугаар тал/
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин А.*******ийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,100,000 төгрөг, хүү А.*******ийн сэргээн засах үйлчилгээний төлбөрт 2,400,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэж, уг зардлын тал хувь болох 2,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсвэл хууль болон гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох талаар Иргэний хуульд зохицуулсан тул ******* төв болон далай сургуулийн эрх бүхий этгээдийн дансанд төлбөрийг шилжүүлсэн нь хууль зөрчихгүй бөгөөд хувь хүний дансанд төлбөрийг шилжүүлсэн нь эргэлзээтэй гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Түүнчлэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, уг үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах тул талуудын маргаанд дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хувь хүний дансанд шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн, ямар хэлбэрээр хэрэгжүүлэх, нэмэлт зардал гарсан тохиолдолд хэрхэн хуваарилах талаар эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулж болно. Ийнхүү тохиролцоогүй нь нэмэлт зардлыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй тул тэжээн тэтгэх гэрээ байгуулах боломжийг хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02761 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид олгосон 3,126,200 төгрөгийг хүүхдүүдийн эрүүл мэнд, сургалтад зориулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад суутгуулах агуулга бүхий тайлбар гаргаж, А.*******ийг 2022-2023 оны хичээлийн жилд ******* төвд суралцуулсан эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/08998 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
8. Харин 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь А.*******ийг 2022 онд 2 сарын хугацаанд сургалтын төвд, бусад хугацаанд гэртээ хүнээр асруулсан гэх тайлбар гаргасан байх тул шүүхээс хариуцагч 3,126,200 төгрөгт холбогдох асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт хамааралгүй гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд А.*******ийг 2022-2023 оны хичээлийн жилд ******* төвд суралцуулсан эсэх талаар баримт ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/02899 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА