Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/067

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Еркегүл,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Н.К нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Кт холбогдох 11913001070078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Ж овогт Нийн К, яс үндэс казак, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрсний наймаа хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЖ********

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Н.К нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн “Стевер” маркийн 64-87 БӨТ улсын дугаартай ачааны автомашинаар туслах жолооч болох Б.Х-ын хамт явж “Хотгор”-ын уурхайгаас нүүрс ачаад аймгийн чиглэлд ирж байхад урьд нь замд эвдэрч үлдсэн чиргүүлийг Б.Х тээврийн хэрэгсэлтэй холбох үед холбоос таарахгүй ухарч ирсэн тээврийн хэрэгсэл болон чиргүүл хоёрын хооронд хавчигдсаны улмаас Б.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.К нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед өөрийн эзэмшлийн “Стевер” маркийн 64-87 БӨТ улсын дугаартай ачааны автомашинаар туслах жолооч болох Б.Х-ын хамт явж “Хотгор”-ын уурхайгаас нүүрс ачаад аймгийн чиглэлд ирж байхад урьд нь замд эвдэрч үлдсэн чиргүүлийг Б.Х тээврийн хэрэгсэлтэй холбох үе д холбоос таарахгүй ухарч ирсэн тээврийн хэрэгсэл болон чиргүүл хоёрын хооронд хавчигдсаны улмаас Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • Шүүгдэгч Н.Кийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн “Стевер” маркийн 64-87 БӨТ улсын дугаартай ачааны автомашинаар нүүрс ачаад “Хотгор”-ын уурхайгаас Өлгий чиглэлд ирж байгаад урьд нь эвдрээд замд үлдсэн байсан 5 тонн нүүрстэй чиргүүлээ засаж янзлаад автомашинтайгаа холбохоор туслах жолоочоор явж байсан худ дүү болох Б.Хаар чиргүүлийн гар өргүүлж, өөрөө машинаа жолоодож ухраад чиргүүлээ холбох үед чиргүүлийн гар нь машины порховонд таараагүй зөрснийг мэдэхгүйгээр ухраад байгаад Б.Х машины арын кузов хэсэг болон чиргүүлийн урд кузов хэсэгт хавчигдсаны улмаас газар унасан байсан, Тухайн үед би ухарч байгаад болсон уу, чиргүүл холбогдсон уу гээд машин дотроос орилоход Хын дуу гарахгүй байсан болохоор машинаа зогсоож бууж очсон. Тэр үед Хыг машиндаа суулгаж аваад сүлжээ орох газар ирээд эмнэлэгт дуудлага өгсөн.  Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
  • Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид чиргүүлээ орхисон газарт ирэхэд орой 18 цаг өнгөрч байсан ба гадаа нэлээн харанхуй болж байсан. Тэгээд чиргүүлээ машиндаа залгах гэхэд чиргүүлийн гогцоо нь порхов төмөрд таарахгүй байсан ба би чиргүүлийн гарыг өргөж байсан юм. Тэр үед чиргүүлийн гогцоо нь таарахгүй байсан болохоор жолооч К нь машинаа ухраахад би хашхирсан боловч тэр миний хашхирахыг сонсолгүй машинаа ухраасаар байсан. Тэгээд би ергөж байсан чиргүүлийн гарыг газарт шидээд чиргүүлийн гар дээр гараад тэвшинд тавих гэсэн боловч амжилгүй хажуу баруун, зүүн мөрөөрөө хавчигдаад ухаан алдсан байсан. Тэгээд 15-20 минутын дараа ухаан ороод наашаа хэсэг явж утасны сүлжээ барьдаг газар ирээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Одоо миний шарх бүрэн эдгэрсэн ямар нэгэн зовиур байхгүй. Тухайн үед К миний Улаанбаатар хотод очиж, ирсэн онгоцны зардал болон эмчилгээний мөнгө бусад зардлыг төлж өгсөн. Мөн намайг Улаанбаатар хотод очоод хамт дагуулж явах хүнийг өөрөө олж өгч зардлыг нь өөрөөсөө гаргаж өгч тусалсан болно. Бид хоёулаа эрүүл байсан ба асуудал санамсаргүй болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
  • Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 03 дугаартай “...Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан эрх бүхий албан тушаалтны магадалгаа үндэслэлтэй байна. Жолооч Н.К нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д зааснаар “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.”  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

          - Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаартай “...Иргэн Б.Хын биед цээжний битүү гэмтэл, зүүн талын эгэм яс дунд 1/3 хэсэгт зөрүүтэй хугаралттай, өвчүү ясны бүдэрхий хэсэг зөрөөтэй, ташуу хугаралттай, зүүн талын 2 дугаар хавирга LAM-р зөрөөгүй, 4 дүгээр хавирга урд хэсэгт зөрөөгүй шахагдсан тус тус хугаралттай зүүн уушигны хязгаарлагдмал нэвчдэст гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөхөд удаан нөлөөлөх гэмтэл болно. Иргэн Б.Хын биед төрөлхийн гаралтай ТН7-Тh10 нугаламуудад шморлын ивэрхийтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Н.Кийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.К нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3000000 /гурван сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Н.К нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Кт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч Н.Кийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, өөрийн санал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.К нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Н.Кт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, жолооны үнэмлэх, цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж овогт Н-ийн Кийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кт   450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Кт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Н.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Н.Кт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Н.Кийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлсүгэй.  
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.Д