Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00672

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00426 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 148,547,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус ББСБ нь Б ХХК-тай 2018 оны 08 сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 4,0 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулж, 2018 оны 08 сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Мөн зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн **-р хороо /13312/, Н өргөн чөлөө гудамж, ***-р байрны *-*** тоот хаягт байршилтай 60,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч тал зээлийн гэрээний төлөлтийг огт хийгээгүй. Манай ББСБ-ын зүгээс хариуцагч компанийн захирал Ц.Ү-аас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагч Б ХХК-аас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 82,893,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,653,333 төгрөг, нийт 148,547,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Ү миний бие 2017-2019 оны хооронд Б ХХК-д менежер болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 08 сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тухайн үед компанийн санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг Ц.Б захирал өөрөө захиран зарцуулдаг байсан. Улмаар цалингүй ажиллуулсан тул 2019 оны 08 сарын 22-ны өдөр Т ХХК-д инженерээр ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар миний нэр одоог хүртэл байдаг ба хасуулах гэсэн боловч хувьцааг 100% эзэмшигч Ц.Б-ын хүсэлтээр таныг хасалт хийнэ гэсэн шалтгаанаар одоог хүртэл нэрээ хасалт хийлгүүлж чадаагүй байна. Ц.Б нь 2019 оны 10 сарын орчим гадаад улс руу гарсан мэдээлэлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй болно гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Б ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,547,000 төгрөгт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 970,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.а. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний удиртгал хэсэгт Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ү гэж бичигдсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзээд гэрээ байгуулсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн зээлийн гэрээг хариуцагч компанитай байгуулсан талаар ямар ч маргаан байхгүй. Гагцхүү хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Ц.Ү нь ажлаа хүлээлгэж өгсөн, компанийг төлөөлөх эрхгүй болсон гэж маргадаг. Гэвч бодит байдалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаагаар хариуцагч Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Ү болох нь тогтоогддог. Зээлийн гэрээний нөхцөлийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан хэсэгт Б ХХК-ийн тамга, мөн түүнийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал гэрээг байгуулсан атал үүнийг шүүх анхаарч үзээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бодитоор зөрчөөд байна.

4.б. Түүнчлэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ хавтаст хэрэгт байсаар байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг зөв тайлбарлаж дүгнээгүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тус зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй гэх агуулгаар шийдвэр гарах ёстой байсан. Мөн *********** тоот Б ХХК-ийн Х банкны дансанд Б ХХК-д зээл олгов гэх гүйлгээний утгатай 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн ...хариуцагчийн төлөөлөгч мөнгө хүлээн авсан эсэхтэй маргаагүй... гэж дүгнэснээс үзэхэд зээлийн гэрээ байгуулагдаад мөнгө шилжсэн байна гэж шүүх өөрөө дүгнэчихсэн байна. Гэтэл мөн үндэслэх хэсэгт ...зээлийн гэрээг хариуцагчтай байгуулаагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь илт алдаатай буюу шүүхийн шийдвэрээр төлбөрийг хэнээр төлүүлэх нь тодорхойгүй, илтэд зөрүүтэй дүгнэлт байх ба шүүх яг ямар асуудалд дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй байна. Мөн ...Нэхэмжлэгч нь зээлийн барьцааны гэрээг Ц.Ү, Ц.Б нартай байгуулсан байна. Үүнээс үзэхэд барьцааны гэрээг хариуцагчтай байгуулаагүй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зааж, эд хөрөнгийн өмчлөгчтэй байгуулаагүй байна. Иймд уг барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс хэний зөвшөөрөл хүсээд байгаа нь тодорхойгүй, зөвшөөрөл өгөх эрхтэй этгээд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал гээд тамга дараад, гарын үсэг зурсан байтал зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй барьцааны гэрээг байгуулсан гэж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулж гэсэн хэсгийг 148,547,000 төгрөг гаргуулж гэж өөрчилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэрээ ойлгомжтой эсэхийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын хэрэгцээ шаардлагад үндэслэн шийдвэрлэх байтал анхан шатны шүүх гэрээг ойлгомжтой гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтаар П ХХК нь 2015 оны 04 сарын 25-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Мөн хариуцагч нь санхүү, зээлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг байгууллага байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 07-ны өдрийн гэрээг маш тодорхой дүгнэсэн. Б ХХК нь зээлийн хүсэлт гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ гэрээ байгуулахдаа хуулийн талаар мэдэхгүй, буруу тайлбарласан, эсхүл Ц.Ү, Ц.Б нартай байгуулсан зэргээр дүгнэсэн байна. Нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянадаг учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний нөхцөлтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна. Талуудын хооронд 2018 оны 08 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний шаардах эрх 2019 оны 07 сарын 09-ний өдрөөр үүсэж байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, мөн хуулийн 76.4 дэх хэсэгт шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 09 сарын 09-ний өдөр буюу 3 жил, 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг анхаарч үзэхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 82,893,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,653,333 төгрөг, нийт 148,547,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Ц.Ү миний бие 2019 оны 08 сараас ажлаасаа гарсан боловч улсын бүртгэлээс ерөнхий захирал Ц.Б-ын зөвшөөрөлгүйгээр хасалт хийх боломжгүй гэсэн, ерөнхий захирал Ц.Б нь санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг хариуцдаг бөгөөд гадаад улсад байдаг... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 38/

3. Хэрэгт талуудын хооронд 2018 оны 08 сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ18/08/75 тоот Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч П ХХК нь 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногт 4,0 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 0,80 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8/

Мөн өдөр талууд БГ18/08/75 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн **-р хороо /13312/, Н өргөн чөлөө гудамж, ***-р байрны *-*** тоот хаягт байршилтай 60,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 9-10/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнд хамаарч байна.

4. Анхан шатны шүүх өмнө дурдсан зээлийн болон барьцааны гэрээг нэг талаас П ХХК, нөгөө талаас Ц.Ү, Ц.Б нарын хооронд байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй дүгнэлт болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал, зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь болон барьцааны гэрээнд хариуцагч Б ХХК-ийн тамга дарагдсан, Ц.Ү нь гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан, орон сууц барьцаалсан шуурхай зээлийн өргөдлийг Б ХХК гаргасан, зээлийн мөнгөн хөрөнгийг Б ХХК-ийн данс руу шилжүүлэн өгсөн зэргээс үзвэл зээлийн болон барьцааны гэрээний нэг тал нь Б ХХК байна. /хх 8, 9-10, 11, 12, 13/

Иймд нэхэмжлэгч П ХХК нь зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б ХХК-аас шаардах эрхтэй.

5. Зээлдэгч Б ХХК нь зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй.

Иймд хариуцагч Б ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 148,547,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Өмнө дурдсанчлан, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаар хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад мөн нийцнэ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00426 дугаар шийдвэр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б ХХК-аас 148,547,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **-р хороо /13312/, Н өргөн чөлөө гудамж, ***-р байрны *-*** тоот хаягт байршилтай 60,04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 970,885 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 970,885 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 650,685 төгрөг болон 70,200 төгрөг, нийт 720,885 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА  

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА 

Д.НЯМБАЗАР