Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/075

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Ддаргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913001860107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Көбеген ахтай овогт Даукений Н, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр баг *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт найз нь болох Б.Жыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл, маргааны улмаас зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт найз нь болох Б.Жыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл, маргааны улмаас зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

            Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 196 дугаартай “...Иргэн Б.Жын биед тархины доргилттой, баруун ба зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ба баруун хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, нүдний салстад цус харвасан, духны баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, 2 чихний дэлбэнгийн хэсгээр хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн чамархайн хэсгээр хавантай, хөндүүр, цээжний зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайд хавдартай, хамрын яс хугарсан, хамрын нурууны мурийлттай, таславч мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо бүхий зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Б.Жын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Б.Жын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй.” /хх-ийн 42 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

            Хохирогч Б.Жын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Д.Н учруулсан болох нь:

- Хохирогч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 00 цагийн орчимд би айлын цайнд очиж буцаж ирээд сууж байхад манай гэрийн гадаа найз болох Д.Н хүрч ирсэн. Н ирэхдээ гартаа 4 ширхэг 0.5 литрийн шар айраг авч ирсэн бөгөөд бид хоёр манай гэрийн ойролцоо шар айргийг уусан. Би өөрөө айлын цайнд очиж ирэхдээ бас архи уугаад ирсэн байсан. Бид хоёр БНХАУ-ын Тайкешкен боомт руу байнга цуг явдаг учир согтуу сууж

байгаад ачаа, тээшний асуудлаас болж маргалдсан юм. Тэрээр намайг түлхэх үед би газар унасан бөгөөд тэр үед миний толгой, нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохиж зодсон. Тэрээр бид хоёр зодолдохоо больж би гэр рүү орсон бөгөөд Д.Н явган яваад өгсөн. Би гэр рүү орсон чинь ээж сэрээд “Нүүр, ам чинь яасан бэ?” гэж цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний баруун, зүүн талын нүд хөхөрч, хавдсан, хамар хугарсан байсан. Тэгээд цагдаад ирээд гомдол гаргаад яваад өгсөн. Тухайн үед Д.Н бид хоёр согтуу байсан юм. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Нд цагдаад гомдол гаргасан талаар хэлсэн бөгөөд Д.Н надад ирээд уучлалт гуйж намайг Нур-Алтай мед гэх хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж өгсөн. Би уг эмнэлгээс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Миний бие Д.Нд ямар нэгэн гомдол байхгүй. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү? Бид хоёр БНХАУ-руу байнга хүн, ачаа тээвэрт явдаг найзууд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас /,

- Шүүгдэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Баян-Өлгий аймгаас БНХАУ-ын Тайкешкен чиглэлд ачааны авто машинаар тээвэрт явдаг. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд найз болох Б.Ж руу утасдаад “Хаана байна. Надад 4 ширхэг шар айраг байна. Хүрээд ирэх үү?” гэсэн чинь “Би айлын цайнаас гараад гэр рүү явж байна. Архи уусан машин барьж болохгүй” гэсэн. Тэрээр би яваад очъё гэж хэлж гэрээс гараад 4 ширхэг шар айргийг аваад Б.Жын гэрийн гадаа очиж Жтай уулзсан. Ж бас Тайкешкен чиглэлд хүн тээвэрт явдаг найзууд юм. Би Ж руу очих үед бас архи уусан халамцуу очсон. Бид хоёр Жын гэрийн гадаа сууж байгаад 4 ширхэг шар айргийг уугаад ярилцаж байгаад Тайкешкенээс ачсан ачааны талаар маргалдаад улмаар би Жыг түлхэх үед Ж газар унасан. Тэр үед би толгой, нүүр хэсэгт нь 4-5 удаа гараараа цохих үед Ж надад боль гэсэн. Тэгээд бид хоёр эвлэрээд яваад өгсөн. Тэгээд би маргааш нь хөдөө явчхаад нэг хоноод ирсэн чинь Ж залгаж “Өчигдөр гэрт орох үед ээж мэдээд цагдаа дуудсан. Чамайг цагдаагаас дуудах байх, миний нүүр ам хавдчихлаа” гэсэн. Тэрээр би хөдөөнөөс ирэнгүүт Ж руу очсон чинь гэртээ байсан бөгөөд Жын хоёр нүд нь хөхөрч, хамар нь хавдаж нэлээн гэмтэлтэй болсон байна. Тэрээр би Жыг дагуулаад эмчид үзүүлье гэж “Нур-Алтай” мед гэх эмнэлэгт очиж үзүүлээд рентген зургийн авхуулаад улмаар “Нур-Алтай” мед эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгүүлж өчигдөр буюу 5 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гаргаж авсан. Жын бүх хохирлыг нь барагдуулж өгч уучлалт гуйсан. Ж намайг уучилсан. Би байнга тээвэрт явдаг учир миний холбогдсон хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Дахин ийм үйлдэл гаргаж хэрэгт холбогдохгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би. Жад эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр, хоол унд, унааны мөнгийг өгч хохирлыг барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” /хх-ийн 49-50 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Н нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Жын “намайг Нур-Алтай мед гэх хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэж өгсөн. Би уг эмнэлгээс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Миний бие Д.Нд ямар нэгэн гомдол байхгүй.” гэх хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Н нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Нг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Н урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч К овогт Д-ий Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ