Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00478/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ж.Нансалмаа,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнх”-ийн 1-25 тоотод оршин суух, Хэрэйд овогт Жадамбагийн Нансалмаагийн “эцэг тогтоолгож, хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.Нансалмаа миний бие Ө.Баттогтохтой 2011 онд танилцаж хамтран амьдарсан юм. Бидний дундаас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Н.Балжинням  төрсөн юм. Тухайн үед би хүүхдээ өөрийн нэрээр овоглосон юм. Учир нь тухайн үед Ө.Баттогтох нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. Ө.Баттогтох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан юм. Хүү Н.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж толтоолгох гэхэд Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байснаа тогтоолго гэсэн юм.
Иймд Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү Н.Балжиннямыг Ө.Баттогтохын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Ө.Баттогтохтой 2011 онд танилцаж хамтран амьдарсан юм. Бидний дундаас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү Н.Балжинням  төрсөн юм. Тухайн үед би хүүхдээ өөрийн нэрээр овоглосон юм. Учир нь тухайн үед Ө.Баттогтох нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан. Ө.Баттогтох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан юм. Хүү Н.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж толтоолгох гэхэд Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байснаа тогтоолго гэсэн юм.
Иймд Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү Н.Балжиннямыг Ө.Баттогтохын төрсөн хүү мөн болохыг тогтоож өгнө үү гэв (хх-ийн 30 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь эцэг тогтоолгож, Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ж.Нансалмаагийн хамтран амьдарч байсан Ө.Баттогтох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул хүү Н.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ханджээ. 
    Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь хүсэлт гаргагчийг шүүхээр Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүү Н.Балжиннямын төрсөн эцэг мөн болохыг тогтоох шаардлагатай гэсэн байна. 
    Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хүү Н.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болжээ. 
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч нь Ө.Баттогтохтой хамтын амьдралтай байсныг тогтоолгож хүү Н.Балжиннямд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрхтэй юм.

Хүсэлт гаргагч ЖГ- 79120769 регистрийн дугаартай, Хэрэйд овогт Жадамбын Нансалмаа нь 2011 оноос 2016 он хүртэл хугацаанд СТ-83041115 регистрийн дугаартай, Жоод овогт Өлзий-Оршихийн Баттогтохтой хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2013 оны 06 дугаар сарын 11-ний  хүү Н.Балжиннямыг төрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогтож байна. Үүнд: 

1. Гэрч П.Должинсүрэнгийн: ...Би Ж.Нансалмаатай 2010 оноос хойш найзалж байгаа юм. Ө.Баттогтохыг 2012 онд Ж.Нансалмаатай гэр бүл болсон цагаас нь хойш мэднэ... Ж.Нансалмаа, Ө.Баттогтох нар нь 2012 оны 06 сараас гэр барьж хамтран амьдрах болсон... Ө.Баттогтох нь Н.Балжиннямын төрсөн эцэг мөн.... Н.Балжинням нв 2013 оны 06 сард төрсөн... Ө.Баттогтох нь өмнө нь гэр бүлтэй байсан юм. Гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа Ж.Нансалмаатай хамтран амьдрах болсон гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20-21 тал)
3. Гэрч Д.Эрдэнэбатын: ... би Ө.Баттогтохыг нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “Хэнтий-Ус” ХХК-ийн 1 дүгээр уурын зууханд ажилд галчаар орсон цагаасаа хойш таньж мэддэг болсон... 2012 оны 12 сард ажилд ороход Ө.Баттогтох нь Ж.Нансалмаатай хамтран амьдардаг байсан... Ө.Баттогтох нь Н.Балжиннямын төрсөн эцэг мөн.... Н.Балжинням нь зун төрж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)
4. № 2340000028 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Хэрэйд овогт Нансалмаагийн Балжинням, 2013 оны 06 дугаар сарын 11-ний  өдөр төрсөн, СО-13261116 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)

5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хэрэйд овогт Жадамбагийн Нансалмаа, ЖГ- 79120769 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)

6. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар. (хх-ийн 1, 15 тал)

Ө.Баттогтох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын № 0000160674 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдсон байна. (хх-ийн 8 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ЖГ- 79120769 регистрийн дугаартай, Хэрэйд овогт Жадамбагийн Нансалмаа нь СТ- 83041115 регистрийн дугаартай, Жоод овогт Өлзий-Оршихын Баттогтохтой 2011 оноос 2016 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг сэргээн тогтоосгуай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Хэрэйд овогт Нансалмаагийн Балжиннямын эцгээр Жоод овогт Өлзий-Оршихын Баттогтохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Нансалмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ