| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0047/Э/ |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Г.О, Т.Б
Шинжээч Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.О, Т.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 191600064000048 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Т-н Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Г-н О.
Шүүгдэгч Т.Б, Г.О нарын 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах Мандал-Алтай зочид буудлын үүдэн дээр харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз Мө-н аав нь өнгөрсөн гээд манайд ирсэн юм. Манай найз нэг шил архи авч ирээд дээрээс нь хэдэн хундага уучихаад найзыгаа Алтай зочид буудлын үүдэнд хүргэж өгсөн юм. Буудлаас О гарч ирсэн. О бид хоёр урьд нь маргаантай байсан. Тэр талаараа яриад О нь над руу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулаад түлхсэн. Гэтэл О нь миний шүд рүү цохисон юм. Тэр үед би савж унасан юм. Тэр үед Д-г дуудаад миний шүдийг цохисон талаараа хэлэхэд ямар даварчихсан юм. Яагаад таны шүдийг цохиж байгаа юм гээд зодох гэхэд нь энд зодоон хийгээд яах юм бэ? хууль цагдаагаар нь асуудлыг шийдүүлье гээд О-г цагдаа руу оруулж өгөөд маргааш нь ирж мэдүүлэг өгсөн юм... Миний хоёр шүд булгарч унасан. Нэг шүд нь хугарсан юм гэв.
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 09-ний орой Б, М нар намайг гэрээс ирж авсан юм. Алтай зочид буудалд очоод байж байтал Б, М нар гараад айл руу явсан юм. Гэтэл Д буудалд орж ирээд гарсан юм. Ч бид хоёр араас нь хамт гарсан юм. Гараад иртэл Б нь гадаа зогсож байсан. Урьд нь намайг хөөргөнөөс болоод цагдаад өгч байсан. Эсвэл ээждээ хэлэх юм уу? арчаагүй банди гээд 2 удаа цохисон юм. Би биеэ хамгаалаад зугтая гэж бодоод 1 удаа цохисон юм. Гэтэл хойшоо халтираад унасан юм. Би эргээд буудал руу орсон. Удалгүй араас М, Б нар шүдийг нь цохиод унагасан байна гээд ороод ирсэн. Т.Б бид хоёр буудлын коридорт уулзаад чи тохиролцох юм уу? эсвэл манай дүү Д-д зодуулчих гэсэн юм. Тэндээс цуг гараад цагдаа руу хамт орсон юм ... Гараараа зүүн талын шанаа руу 2 удаа цохисон, толгой руу бас цохисон юм ... Миний тархи хөдөлсөн. Тухайн үедээ шанаан дээр хавдсан, эрүү мултарсан байсан. Хавдар нь буусны дараа юм идэх үед эрүү өвдөөд эмчид үзүүлж шарлага хийлгэсэн юм... ” гэв.
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...О нь над руу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулаад түлхсэн. Гэтэл О нь миний шүд рүү цохисон юм. Тэр үед би савж унасан юм. Тэр үед Д-г дуудаад миний шүдийг цохисон талаараа хэлэхэд ямар даварчихсан юм. Яагаад таны шүдийг цохиж байгаа юм гээд зодох гэхэд нь энд зодоон хийгээд яах юм бэ? хууль цагдаагаар нь асуудлыг шийдүүлье гээд О-г цагдаа руу оруулж өгөөд маргааш нь ирж мэдүүлэг өгсөн юм... Миний хоёр шүд булгарч унасан. Нэг шүд нь хугарсан юм... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Эсвэл ээждээ хэлэх юм уу? арчаагүй банди гээд 2 удаа цохисон юм. Би биеэ хамгаалаад зугтая гэж бодоод 1 удаа цохисон юм. Гэтэл хойшоо халтираад унасан юм. Би эргээд буудал руу орсон. Удалгүй араас М, Б нар шүдийг нь цохиод унагасан байна гээд ороод ирсэн ... Гараараа зүүн талын шанаа руу 2 удаа цохисон, толгой руу бас цохисон юм ... Миний тархи хөдөлсөн. Тухайн үедээ шанаан дээр хавдсан, эрүү мултарсан байсан. Хавдар нь буусны дараа юм идэх үед эрүү өвдөөд эмчид үзүүлж шарлага хийлгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Т.Алтайбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...О-н биед үзлэг хийсэн. Үзлэг хийх үед баруун гар нь шархтай байсан. Өөр ил харагдах гэмтэлгүй байсан юм. Эрүүн дээр хавдсан талаар ярьж байсан. Үзлэг хийхэд хавдсан зүйл байхгүй байсан. Мэдрэлийн эмч, уламжлалтын эмчийн тархи доргилт гэсэн оношийг үндэслэн хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон ... Тархи доргилт нь 7-14 хонгийн дотор эдгэрдэг. 7 хоногийн дотор эмнэл зүйн зовуурьтай байдаг юм... Бийн биед дээд уруулын дотор тал язарсан шархтай. 21-22 дугаар шүд булгарсан оромтой. 11-р шүд хугарсан байсан ... 21-22-р шүдний гэмтэл нь шинэ гэмтэл. 11-р шүд нь хугарсан байсан. Энэ хугарал нь хуучин чулуужсан байсан... Манай журамд тодорхой заасан байдаг. 2-3 шүд нь хөдөлмөрийн чадварын 10 хувийн алдалт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. 4-6 шүд унаж байж 15 хувь буюу хүндэвтэр гэмтэл учирсанд тооцогдоно...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... дээд уруул нь хавдаж, язарсан. Амыг нь ангайлгаад үзтэл 3-н шүд нь байхгүй байсан...би М-г хүлээгээд Алтай буудлын үүдэн дээр хүлээгээд зогсож байтал О ирж мэнд ус асуугаад чи ёстой хөгийн залуу байна гэж хэлээд ам руу нь цохисон гэсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ44/,
Гэрч Ц.М мөрдөн байцаалтад өгсөн "...О буудлын гадаа зогсож байсан. Тэгээд буудлаас Б гэх танихгүй дээл өмссөн бүс зүүгээгүй залуу гараад ирсэн. Гарч ирээд О-г нүүр лүү нь 1 удаа цохисон. Тэгээд О нүүр хэсэг газар луу нь зөрүүлээд цохиж авсан...маргааш нь О-г харахад баруун гар нь үе хавьцаа нь язарсан байсан..." гэсэн мэдүүлэг /ХХ45/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нар буугаад юм ярьж байтал сэлдэн дээлтэй залуу буудлаас гарч ирээд шууд О дээр очоод гараараа нэг удаа цохисон. Тэгээд эргүүлээд О буцаагаад тэр залууг гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр танихгүй залуу шүд уначихлаа гээд цагдаа руу орно гээд О, тэр танихгүй залуу 2 цагдаа луу орсон... Тэр үйл явдал дууссаны дараа 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр уулзахад гараа боочихсон байсан. Өмнө нь гараа боогоогүй байсан. Тэр явдлын дараа гараа боосныг бодвол гар нь гэмтсэн байх” гэсэн мэдүүлэг /ХХ46/,
Гэрч А.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... би Мандал-Алтай буудлын үүдэн дээр иртэл Б, О 2 хоорондоо дээр доороо ороод өнхрөлдөөд зодолдоод байх шиг байсан. Тэгээд Б ах Д ахын дүү миний 3-н шүд уначихлаа гэж хэлсэн. Удалгүй Б ах цагдаа дагуулж Мандал-Алтайн үүдэн дээр ирж О-г аваад цагдаа руу орсон..." гэсэн мэдүүлэг /ХХ48/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай “... 1. Т.Б-н биед 21, 22-р шүдний булгарал, 11-р шүдний ёзоорын хугарал, дээд уруулын салстад шарх гэмтэл тоггоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн арван нэгийн 52-2-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ50-51/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай “... 1. Г.О-н биед тархи доргилт, баруун гарын дунд хурууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ55-56/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөх болон яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б, Г.О нар нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах Мандал-Алтай зочид буудлын үүдэн дээр хоорондын таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Т.Б-н биед 21, 22-р шүдний булгарал, дээд уруулын салстад шарх, Г.О-н биед тархи доргилт зэрэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг бие биеэндээ санаатайгаар учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь тогтвортой байсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч Т.Б-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, шүүгдэгч Г.О-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-т оногдуулсан 400 / дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял руу шилжүүлэн нэмж нэгтгэх хууль зүйн боломжгүй байх тул хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Т.Б-н цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.О нь хохирогч Т.Б-т хохиролд 50.000 /тавин мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.О-н эмчилгээнд хэрэглэсэн гэх эмийн баримт нь хавтаст хэргийг 32 дугаар хуудсанд авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь давхардаж байгаа боловч бичвэр нь зөрүүтэй мөн шүүгдэгч Т.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хохирогч Г.О-н нэхэмжилсэн нийт 129.950 /нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Г.О, Т.Б нарын амбулаториор эмчлүүлэгчдийн картыг хуулбарлаж, бусад баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-н Б, Б овгийн Г-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/ найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.О-т шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/ найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.Б-т шүүхээс оногдуулсан 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.О, Т.Б нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Г.О, Т.Б нарын амбулаториор эмчлүүлэгчдийн картыг хуулбарлаж, бусад баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргасугай.
6. Хохирогч Т.Б-н цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.О нь хохирогч Т.Б-н хохиролд 50.000 /тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.О-н нотлох баримтаар нэхэмжилсэн 129.950 / нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА